sonin.mn
...Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ чанадад чиний төрхөөр өөрийгөө гоён баясдаг. Шөнөжин хулжсан нойрондоо чамайгаа санан бэтгэрч, хамтдаа байх мөч бүрийг аз жаргалаар төсөөлөн инээмсэглэж, өөрийн эрхгүй уруулаа цорвойлгон чамайгаа эрхлүүлэн жаргана. Өглөө болгон чамайгаа энэ ертөнцөд байгаа гэдгийг санахдаа нарны гэрэлт цацрагт жаргалтайяа суниан мишээдэг. Нарны бүлээхэн цацраг чиний минь алга шиг дулаахныг мэдрэхдээ, чамтайгаа хамтад зуун зуун шувуудын жиргээнд уянгалан эгшиглэх хайрын дууг сэтгэлдээ аялна. Чи минь байгаа энэ ертөнцөд би жигүүрээ дэлгэн нисэхдээ, уудам энэ орчлонгийн хайрын гэгээн орон зайд сэтгэл минь дур зоргоороо дүүлэн сэлгүүцдэг. Ганцхан чи минь миний сэтгэлд хайрын гэрэл гэгээг туяаруулна. Тэгээд л би өглөө болгоныг хайраар угтаж, үдэш болгоныг хайраар жаргаадаг.
Хааяадаа би хайрын захидлыг сэтгэлийнхээ чанадад чамдаа бичиж, өөртөө уншдаг. Чамайг сонсог гэсэндээ чангаар уншина. Сайхан төрхөнд чинь бус, сэтгэлийн чанад дахь гэгээн хайранд тань учирлах гэж уянгалуулан уншдаг. Хайрын захидалдаа сэтгэлээ шингээж учигласан үг болгоныг хайраа шингээн зангидаж, үйл болгон урласан бүтээл болгоныг тань би бахдан бахдан чамайг улам ихээр хайрлана. Сэтгэлээ шингээн байж урласан бүхэн тань миний сэтгэлд хайр болон уусдаг. Үг болгондоо хайраа ширээж, үйл болгондоо хайраа шингээж урлах бүсгүй хүн тийм ч олон бил үү? Бүсгүй хүн болгон хайрандаа уярч, халамжиндаа уусдаг гэдгийг эрчүүд болгон мэднэ гэж үү? Хичнээн хатуу байгаад ч бүсгүй хайранд уусч зөөлөрдөг тавилан гэж буй. Хичнээн хахир байгаад ч бүсгүй хайранд уярч дуулдаг заяа гэж буй. Жинхэнэ хайр гэдэг, хичнээн хол байгаад ч дэргэд минь дандаа уянгалан эгшиглэж, үргэлжид уяраан дасгаж байдаг юм даа.
...Сайхан хайр гэдэг нь энэ ертөнцөд үйлийн үрээр учирсан тавилан юм. Энэ ертөнцөд зовлон жаргалыг тэнцүүлэх гэж  ирсэн үйл юм. Сэтгэлээ шингээгээгүй хайр гэдэг хүйтэн юм, сэтгэлээ шингээсэн хайр гэдэг хав халуухан, бас хэзээ ч хөрдөггүй аж. Харах бүрдээ хайр ундарна гэдэг сайхан юм,  уулзаагүй удахдаа санаж нулимс унагаах нь сувд юм, хамтдаа байхдаа уйдамгүй байна гэдэг жаргал юм, хаа холоос чамайгаа олж учирна гэдэг аз юм. Заримдаа ойлголцохгүй байхад инээж байгаад ч болов ойлголцох гэж хичээх нь хайр юм, өглөө сэрээд санаж үгүйлэх нь хайр юм, үдэш унтахдаа тэмтэрч үгүйлэх нь хайр юм, хол газар явахад нь санаж бэтгэрэх нь хайр юм, хүрээд ирэхэд нь уйлж тэврүүлэх нь хайр юм. Олоод алдаж болохгүй нь сайхан хайр юм, өнгөрснийг нь сануулахгүй мартах нь сайхан хайр юм, өнөөдрийн мөчид дандаа санаж байх нь сайхан хайр юм, өөрөө холдож чадахгүй дандаа дэргэд нь байхыг хүсэх нь сайхан хайр юм. Сэтгэл нь хайраар дүүрч байх нь сайхан хайр юм, сэмхэндээ сэтгэл нь сэмэрч хайрлах нь сайхан хайр юм, дандаа инээлдэж хошигнох нь сайхан хайр юм, хааяа уурлуулаад аргадаж байх нь сайхан хайр юм. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ХАЙР ГЭЖ БУЙ.
 
  Г.Галбадрах