sonin.mn
Цэрэн бүсгүй шүгэл үлээж, сэтгүүлч Мөнхбаясгалан тэр дуудлагыг хүлээн авч нэвтрүүлэг бэлтгэснээр Монгол эх орны минь биенд хачиг хувалз шиг сэмхэн шигдсэн Мүүний хорт гаж урсгалын тухай зах зухаас нь хүмүүс мэдэж эхэлж байна.
 
Ойлгож мэдсэн хэн ч болов зэвүүцэж дургүйцэхээс аргагүй юмаа тэр нь. Ялангуяа тэр харанхуй шөнөөр амьд хүнийг авсанд хийж булаад дахин төрлөө гэдэг ариусгах ёслолын тухайд бол сонссон ямар ч Монгол хүний айдас сэжиг хүрч, бие нь жихүүцмээр.
 
Дээрээс нь Монгол залуусыг өөрийн дураар зургаар нь нийлүүлж (мал биш дээ ямар!), адислан байж бөөндөж гэрлүүлдэг, үхсэн Солонгос өвгөн ба түүний эмгэний зурганд мөргүүлдэг, хүүхэд залуусын эмзэг оюун ухааныг эзэмдэн залж “фандрэйзинг”  буюу хөрөнгө босгох нэрээр олон цагаар боолчилдог гээд Мүүнийхэнд гаж юм их бий.
 
 
Гэвч үнэндээ Мүүний ХАМГИЙН ГОЛ хор хөнөөл нь авсанд хийж булшилдагт эсвэл хацар гоо Монгол охидыг харь хүнтэй суулгаж, нэг төрлийн хүний наймааны үндэс суурийг тавьж буйдаа ч биш юм. Харин Монголын ирээдүй хойч болсон хүүхэд залуусын толгой тархийг худал номлолоороо эргүүлж, төрсөн эцэг эх, гэр бүл, дотны найз нөхдөөс нь холдуулж, зөвхөн Солонгос өвгөн Сан Мён Мүүн ба түүний эмгэн нь чиний ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ (ЖЭЭ гэж товчилно), Солонгос улс дэлхийн бүх улс үндэстнийг нэгтгэн ноёрхож ТЭНГЭРИЙН НЭГДСЭН УЛСЫГ байгуулж байгаа, тиймээс чи тэр улсын жинхэнэ эзэн болохыг хүсвэл ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХЭЭС аврал эрж, тэдэнд илжиг мэт зүтгэх ёстой хэмээн ухуулж, итгүүлдэгт Мүүний хамгийн аймшигтай ХОР ХӨНӨӨЛ оршдог юм.
 
Ингэснээр гаднаас нь харахад Монгол боловч зүрх сэтгэл нь ХАРИЙН болсон Мүүний манкууртуудын бүхэл бүтэн үеүүд бий болж байна. Тэдний хувьд Монгол улс бол “уналтын ертөнц”, Монголын ард түмэн бол “ад зэтгэр”. Төрсөн эцэг эх, ах дүүс нь ч ялгаагүй. Тэднийгээ аврах гэвэл Мүүний гаж урсгалд элсүүлж, адислагдсан ариун гэр бүлд багтаах хэрэгтэй гэж номлоно. Иймд зарим аль хэдийнээ гэрлэсэн хосууд хүртэл тэр гаж ёслолд нь оролцож ариусахын тулд цагаан даашинз, костюмаар гоёж, бие биенийхээ нүгэл хилэнцийг гартал модоор балбаж, Мүүн өвгөний адисласан дарс ууж, түүнд мөргөж залбиран байж адислал хүртэж байна.
 
Адислалаар гэрлэх тухайд. Мэдээж 100 хосыг зургаар тааруулахад итгэл үнэмшил ижил хойно ганц хоёр хос нь гайгүй амьдрахыг үгүйсгэхгүй. Гэвч хүн л юм болохоор өөр хүнд сэтгэлтэй болсон эсвэл зан ааш тохирохгүй хосууд нь насан туршдаа шаналан зовдог. Тэдэнд Мүүний сүмээс өгдөг хариу ердөө л ганц -- "чи эцэх эх (ах дүү/ өвөг дээдсийнхээ) өр төлөөсийг төлж, үйлдсэн нүглийнх нь харгайгаар зовж зүдэрч байна" гэх. Бодит байдалд тэд нар Солонгос өвгөний нийлүүлгээр хайр сэтгэлгүй хүнтэй суусандаа л зовж байдаг.
 
Мүүнийхэн дотроо олон зэрэг дэвтэй. Хэдий олон хүн элсүүлнэ, төдий чинээ зэрэг нэмж, дэвшдэг учиртай. Өөрийн элсүүлсэн хүмүүсээ "Шавь" гэж, нөгөөдүүл нь "Багш" гэж дуудна. Шавь нараа урхидаж, байнгын хяналтанд байлгахыг багш нь хариуцна. Алга болчвол араас нь утасдаж дуудна, нэхэл дагал болно. Энэ талаараа сүлжээний бизнестэй төстэй. Ихэвчлэн найз нөхөд, нийлдэг бүлгээр нь элсүүлж авдаг тул Мүүнд нэг л орчихвол гарахад туйлын хэцүү байдаг.
 
Мүүнийхэн Монголд бүхэл бүтэн сүлжээ байгуулж чаджээ. Бүр нялх нялзрай наснаас дунд нас хүртэлх нь нөлөөлөх  сүлжээ байгуулчихаж. Нэн ялангуяа эмзэг бүлгийн, хараа хяналт сул эсвэл хөдөөний оюутан залууст тэд жинхэнээсээ дуртай. Ингээд бүр багаас нь буюу "Яргуй" цэцэрлэг, асрамжийн төвийн хүүхдүүдээс авахуулаад цаашилбал, Мүүний халхавч байгууллага болох "Оюунлаг Өсвөр Үе" (хуучин нэр нь "Залгамжлагч Холбоо"), "Мөрөөдөл" зуслан, "Хөх Толбот Хөгжлийн Төв" нь элдэв янзын сургалтаараа хүүхдүүдийг даллаж дуудна. ЖИНХЭНЭ ЭЗЭН болгоод өгье гэж амлана.
 
Оюутан болмогц нь "зан чанар зүрх сэтгэлийн боловсролыг олгож дотоод, гадаад өв тэгш чанартай нийгмийн салбар бүрийн удирдагчдыг боловсруулан бэлтгэх зорилготой" гэж сурталчилдаг “Оюуны Эрэл” Оюутны Холбоо урхидaна. Тэгэхдээ сайн үйл, мод тарих, ном унших, ариун хайр, урлаг спортын наадам, сургалтын тэтгэлэг, үнэгүй дотуур байр, гадаадад сурах боломж амлаж татна.
 
Нийгмийн идэвх сул нэгнийг нь компани байгуулах, элдэв онлайн худалдаа хийх үнэгүй сургалтаар дуудна. Улс төр сонирхдог хэсгийг нь Монголын Оюутан Залуусын Нэгдлийнхэн (МОЗН) нааш ир гэж татна. Хөдөөний оюутнуудыг хотод ирэхэд нь үнэгүй дотуур байранд амьдруулж 24 цагаар тархийг нь угаана. Өнөөдөр дүүрэг болгонд Мүүний төв буюу чибужи байдаг. Зуун айлын, Сансарын чибужи гэнэ. Чибужи гэдгээ удирддаг хүмүүсээ чибужан гэдэг.  
 
Дээрээс нь Мүүнийхэн төрийн тоо томшгүй олон бүтцийг чадварлагаар ашиглаж байна. Наад зах нь дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүдэд очиж сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нэрийдлээр эмзэг бүлгийн хүүхдүүд, болон залуу гэр бүлийг урхидах явдал улам лавширчээ. Дэлхийн Энхтайвны Залуучуудын Корпус, Дэлхийн Гэр бүлийн Сайн Сайхны Hийгэмлэгийн гэр бүл судлаач, сэтгэл судлаач гээд бүгд нэг л их сайхан нэртэй ч мөн чанар нь ердөө л МҮҮН.
 
"Сайн сайхан юм сурч мэдэх, мод тарих муу юм уу? 10 төгрөг хандивлах, сагсны тэмцээнд оролцох, цусаа өгөх, гэр бүлдээ үнэнч байх чинь тэгээд муу юм уу?" гэж зарим нь асууж байна. Мэдээж муу биш. ГЭХДЭЭ Мүүнийхний зохион байгуулж байгаа арга хэмжээ бол ердөө хүний сэтгэлийг татах, итгэл үнэмшил олох арга заль, халхавч. Бас Мүүнд элсүүлж болох хүмүүсээ урьдчилан судлах завшаан.
 
Гудманд явж байтал чинь хэн нэгэн танихгүй хүн хүрч ирээд "Чиний эцэг эх чинь ад чөтгөр, жинхэнэ эцэг чинь Мүүн гэдэг Солонгос өвгөн" гэвэл хэн ч Мүүнчдийг сонсохгүй, хүлээж авахгүй. Харин ЭХ ОРОН, САЙН САЙХАН, ЭНХТАЙВАН, МАНЛАЙЛАЛ ярьсан танил нэгэн хүн "Цэмцгэр наадамлая, сайн үйл хийе, цусаа өгье, ном уншицгаая" гэж зөв зүйтэй юм ярьж байснаа зугуухан ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ, Тэнгэрлэг зарчим ярьж эхлэхэд хэн ч эргэлздэг, сонсдог. Нэг л мэдэхэд тэдний урхи занганд ордог. Авсанд орж хэвтдэг. Зурагтай гэрлэдэг. Эцэг эхээ үзэн яддаг. Найз нөхдөөсөө хөндийрдөг. 
 
ЭЦЭСТ НЬ хэлэхэд энэ байдлаараа цааш үргэлжлэх аваас 30 жилийн дараа гэхэд бидний үр хүүхдүүд бүгд АРИУН ХАЙРЫГ дээдэлсэн ЗӨВ хүүхэдтэй ЗӨВ гэр бүлтэй, мод тарьдаг, цэмцгэр нааддаг, УДИРДАГЧ МАНЛАЙЛАГЧ болох байх.
 
Гэхдээ тэр үед Монгол улс устаж үгүй болоод ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛC гэж л үлдсэн байх вий...
 
2016-03-14
Э.Амарлин