sonin.mn

Зарим мэдээллийн сайтуудаар МҮОНРТ-ээр УИХ-ын  болон УИХ-ын даргын тухай нэвтрүүлэхийг хориглолоо гэсэн мэдээ гарсан билээ. Үүнийг МҮОНТ-ийн “ММ” агентлагийн захирал С.Батзаяа залруулжээ.

Тэрбээр  : “МҮОНРТ бол олон нийтийн статустай цор ганц хэвлэл мэдээллийн байгууллага. Олон нийт төрийн мэдээллийг олж авах эрхтэй. Бид хуулиараа төрийн эрх барих дээд байгууллагад гарч байгаа шийдвэрүүдийг дамжуулах үүрэгтэй. Хуулиар баталгаажсан энэ үүргийг бид ямар ч үед, ямар ч тохиолдолд зөрчих эрх байхгүй. Тэр дундаа иймэрхүү жижиг асуудлаас болж гарсан үл ойлголцлоос шалтгаалж ийм шийдвэр гаргахгүй. Энд ажиллаж байгаа олон уран бүтээлч, сэтгүүлч, удирдлагууд хууль болоод үүргээ мэддэг хүмүүс. Тиймээс олон нийтэд хандаж “Энэ худлаа мэдээлэлд битгий итгээч ээ. Сэтгүүлч нөхөд ийм худлаа мэдээллийг битгий нийтлээч ээ” гэж хэлмээр байна. Бид цаашдаа УИХ-ын үйл явц, УИХ-аас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд мэдээлсээр байх болно. Энэ газарт ажиллаж байгаа хэн ч, хэнийг ч “УИХ-ын даргын талаарх мэдээллийг гаргахгүй бай” гэсэн ухвар мөчид шийдвэрийг гаргахгүй, тэгэх ч боломж байхгүй” гэсэн байна.


Э.Мягмар