sonin.mn

Бидний хэдэн нөхөд Жорж С.Маршалын нэрэмжит Европын Аюулгүй байдлын сургалтын төвд УИХ-ын гишүүдэд зориулсан тусгай хөтөлбөрт семинарт оролцохоор энэ сарын 8-ны өдөр “Аэрофлот”-ын нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.

Зардал мөнгийг нь цаад улсаас даасан энэхүү семинарт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, АБГББХ-ны ахлах зөвлөх, бригадын генерал Ц.Сосорбарам болон Д.Дэмбэрэл даргын бие хамгаалагч Д.Тулга нар багтлаа.

ХБНГУ-д айлчилж байгаа УИХ-ын дэд дарга Л.Цог Мюнхен хотоос бидэнтэй нийлэв.

Бид Мюнхэн хотоос автобусаар замдаа гарч бага зэрэг замын түгжрэлд орсон ч 80 гаруй км зайтай байх олон улсын сургалтын төвд хоёр цаг 30 минут хэртэй хугацаанд явж очив. Биднийг тус төвийн ажилтан Дирк Рогалски, орлогч захирал С.Гарайс нар угтан авч сургалтын төвийн талаар танилцуулж, хүн бүрийн байр, хоол, унаа, маршрут цагийн хуваарийг гарган, зааварчилгаа өгөв.

Төстэй үйл ажиллагаа явуулдаг нийт таван төв байдаг бөгөөд энэ төвийг АНУ-аас ХБНГУ-тай хамтарч байгуулжээ. Төв Европ болон дундад Ази, Арабын нэлээд олон орныг хамруулан сургалт явуулдаг юм байна. Манай улсын хувьд Ази номхон далайн төв буюу Хавайн аралд байрлах төвд хамрагдах учиртай Жорж Маршалын олон улсын сургалтын төв нь англи, орос хэл дээр сургалтаа явуулдаг тул манай улсыг энэ төвд урьсан гэнэ.

Өмнө нь манай батлан хамгаалах, хууль цагдаагийн байгууллага, УИХ, төрийн байгууллагаас олон хүн очиж сургалтад хамрагдсан юм байна. Энэ удаа тус төвд манайхаас Зэвсэгт хүчний жанжин штабын гадаад хэлний мэргэжилтэн, хошууч Ч.Тунгалаг “Гадаад хэлэнд тавигдах шаардлага” сэдвээр, Батлан хамгаалах их сургуулийн Холбоо, мэдээлэл технологийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа М.Золзаяа “Кибер аюулгүй байдал” сэдвээр суралцаж байна.

Энэ төв Артилери, Шеридан гэсэн хоёр баазаас бүрддэг бөгөөд бид Шеридан баазад байрлаж сургалт семинараа явуулах, харин хоол болон бусад үйлчилгээгээ Артилери баазад авахаар болсон юм. Цагийн зөрүүнээс болоод бүгд өглөө эрт 05.00 цагт босов. 07.15 болоход бидэнд үйпвтах хоёр микро автобусаар Германы армийн түрүүч Д.Жустте, Н.Буттке нар ирэв.

Бид хоёр, гурван минутын дараа гарч ирэхэд жолооч залуучуудын нэг нь “Хоёр минут хоцорсон цэргийн албан хаагчид танайх ямар арга хэмжээ авдаг вэ” гэж асууж байна. Цагийг ингэж баримталдаг улс аж. Бид ч түүнээс хойш тогтсон цагийн хуваарийн дагуу бүхий л үйл ажиллагаанд оролцож явлаа. Ингээд хотхоноос гарч эргэн тойрон орчинтойгоо танилцлаа.

Альпийн нурууны сүрлэг уулсын дунд байгалийн өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Хоёр талаараа өндөр уулс бүхий багахан хөндийд орших энэ хотод өглөөний нар эгц цавчим хадат өндөр цаст уулын оройд тусах нь нэн үзэсгэлэнтэй гайхам байв. Өглөөний цайнд тус сургалтын төвийн дэд захирал С.Гарайс хамт байлаа. Свен Гарайс нь доктор профессор, философич хүн юм. Тус төвд 2011 оноос ажиллаж байгаа гэнэ.

Өмнө нь Гамбург хотын Бундесверийн академид ажиллаж байжээ. Хятадын үндэсний Батлан хамгаалах их сургууль төгсч, Бээжинд суугаа ХБНГУ-ын Элчин сайдын яаманд цэргийн атташегээр хэд хэдэн удаа томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр Монголд 12 удаа ирж байсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сард дахин ирэх гэнэ. Түүний бидэнд танилцуулснаас үзвэл Гармиш хотод 26 мянган хүн амьдардаг гэнэ.

Энэ бүс нутагт ямар нэг аж үйлдвэрийн ажиллагаа огт явдаггүй. Аялал, жуулчлал их хөгжсөн, хүмүүс хөдөө аж ахуй, фермер, худалдаа үйлчилгээ эрхлэн амьдардаг ажээ. Ер нь эндхийн хүмүүс их хөдөлмөрч ажилсаг бас дээр нь эдийн засгийн ухаан сайтай, аж ахуйч, гэр бүлийнхээ ажил бизнест 10 настай хүүхдээс эхлээд азай буурлууд нь бүгд оролцдог гэнэ.

Үнэхээр ч бидний орсон нэг жижиг дэлгүүрт 80 их гарсан болов уу гэмээр эмээ эелдгээр хүлээн авч үйлчилж байсан. Хоёр талаар орших сүрлэг уулсын нэгийг нь Альпшпитце, нөгөөг нь Крамершпитце гэдэг ажээ.

Альпшпитце ууланд өвлийн спортын баазууд байрлах ба өндөр уул руу татсан өргүүр, дүүжин татлагууд, зассан цанын замууд ил харагдана. Харин Крамершпитце уул нь далайн түвшнээс арай дор орших бөгөөд хад цохио, цасан бүрхүүл бас нэлээн ой мод ногоон бүрхүүлтэй ажээ. Энд уулын аяллын баазууд байрлах ба эдгээр аяллын замаар яваад ирэхэд бүтэн 24 цаг зарцуулдаг гэнэ. Сургалтын төвийн хоёр баазын дундуур уулын түргэн урсгалт гол шуугин урсах нь бас л үзэсгэлэнтэй.

Тогтсон цагийн хуваарийн дагуу 08.45 цагт үндсэн семинар эхэллээ. Семинарыг нээж сургалтын төвийн дарга АНУ-ын армийн дэслэгч генерал Кит Дайтон, “Би олон улсын аюулгүй байдлын сургалтын төвийн захирлаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Армид 40 жил алба хаасан. Энэ удаагийн сургалтад бид их анхаарал хандуулж байгаа. Та бүхний тавьсан хүсэлтийн дагуу зохион байгуулж байна.

Үндэсний аюулгүй байдлын бодлогын талаар олон улсын төвшинд болон тухайн оронд тулгарч буй авлигын асуудал гээд олон чухал сэдвээр манай багш нартай, мөн уригдсан хүндэт профессор, мэргэжилтнүүдтэй та бүхнийг нээлттэй илэн далангүй, ажил хэрэгч ярилцлага өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол бол асар их түүхтэй, ирээдүйтэй сайхан орон шүү гэсэн юм.

Семинар хоёр өдрийн турш үргэлжлэв. 08.00-18.00 цаг хүртэ үргэлжлэх уг семинарт “Үндэсний аюулгүй байдлын бодлого ба парламентын үүрэг АНУ-ХБНГУ-ын жишээн дээр” лекцийг доктор Свен Гарайс, доктор Мэттью Роудз нар, “Зэвсэгт хүчинд тавих парламентын хяналт,    Германы парламентын Омбудсмен алба" сэдвээр н.Фриц Гюнтер, “Парламент ба авлигын эсрэг тэмцэл” сэдвээр доктор Вальбона Зенели, “Парламент ба зэвсэггр хүчнийг ашиглах” сэдвээр Германы  парламентын гишүүн асан н.Жорж Тиссен, “Хууль хүчний байгууллагад тавих парламентын хяналт” сэдвээр Бундестагийн социал демократ фракцийн Улс төрийн зөвлөх Стефан Юккер нар илтгэл тавилаа.

Тэд Монгол орны талаар нарийн мэдээлэл судалгаатай, үүн дээрээ тулгуурлаад Германы болон бусад оронтой харьцуулан ярьж байлаа. Тухайлбал, Доктор В.Зенели саяхан танай улсад Стенфордын их сургуулийн нэр хүндтэй эрдэмтэд болох Ф.Фукуяама, Ларри Дайманд, Стивен Краснер нар урилгаар очсон. “Та бүхэн уулзалт ярилцлагад оролцсон байх.

Танай 2006 онд баталсан Авлигын эсрэг хуульд гадаадын хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан компаниудын асуудал огт тусгагдаагуй” гэж цохон дурдаад, “Танай улсад орсон гадаадын хөрөнгө оруулалтыг нэг хүнд хувааж тооцвол 5444ам.долларболжбайна. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох орлого 3770 ам.доллар болно.

Тэгэхээр зөрүү 2000 шахам ам.доллар нь оффшор бүсэд танай улстөрчдийн дансанд байх магадлал бий" гэсэн анхаарал татсан дүгнэлт хэлсэн. “Оффшор бүсэд 18 мянган аж ахуйн нэгж, хэдэн зуун мянган банк байгуулсан бөгөөд тэнд 10 триллион ам.доллар эргэлдэж байдаг” гэв.

Түүний хэлснээр, дэлхийд жил бүр авлигад 2.6 триллион доллар зарцуулж байгаа гэнэ. Авилга ихтэй улс орнууд боловсролын салбараас илүүтэй дэд бүтцэд их хөрөнгө оруулдаг бөгөөд энэ нь авлигын ашиг сонирхолтой холбоотой байдаг аж. Авлига өсөх хүрээгээ тэлэх болсон хэд хэдэн үндсэн шалтгаан бий гэнэ. Үүнд:

Нэгдүгээрт, хүйтэн дайн төгсгөл болж даяарших үйл явц түргэссэн, олон улс оронд өмч хувьчлал эрчимтэй явсан. (Одоогоор 50 мянга гаруй аж ахуйн нэгж, хувьчлагдаад байна)

Хоёрдугаарт, бүс нутгуудад байгалийн баялгийн шинэ, шинэ нөөц эх үүсвэр нээгдэх болсон. Үүнийг дагаж олон улсын үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа оролцоо нэмэгдсэн.

Гуравдугаарт, БНХАУ дэлхийн эдийн засагт том байр суурьтай оролцох болсон.

Дөрөвдүгээрт, Оффшор бүсүүд бий болсон зэрэгтэй холбоотой гэнэ.

Манай улсад намуудын ялангуяа сонгуулийн үеийн авлига их байгаа. Авлигын тухай эх сурвалжийг хаанаас авч болох тухай, мөн энэ жилийн олон улсын судалгааны байгууллагаас гаргасан дүнгээр манай улс 175 орноос 80 дугаар байрт орсонд эргэлзэж байгаагаа Ц.Оюунбаатар гишүүн илэрхийлж хариулт хүсэхэд доктор В.Зенели “Энэ шалгаруулалт төсөөлөл бөгөөд туйлын үнэн гэж үзэхгүй. Гэхдээ олон улсын байгууллага энэ дүнг гаргахдаа 13 шалгуур үзүүлэлтээр авч үздэг.

Бас Дэлхийн банк, НҮБ гэх мэтолон байгууллагын дүгнэлт дээр тулгуурладаг. Авлигыг бууруулах сүүлийн үеийн стандартыг тусгасан, хууль эрх зүйн орчныг бий болгох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Аудитын байгууллагын хараат бус үйл ажиллагаа, шударга бизнесийн цэвэр орчныг буй болгох, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлттэй байх, хүн бүрийн цалин орлого сайн байх явдал чухал” хэмээсэн юм.

Бусад сэдвээр тус төвийн профессорууд Бундестагаас уригдан ирсэн зочид ярихдаа парламентын дэргэд омбудсмен тусгай комисс томилж, иргэдийн зүгээс ирсэн гомдлын дагуу үйл ажиллагаа явуулдгаас эхлээд парламентын ардчиллын үндсэн зарчмыг хамгаалах, засаглал хуваах онолыг зөв хэрэгжүүлэх, парламент дахь улс төрийн хүчнүүд олонхи, цөөнхийн үйл ажиллагааг харилцан хяналт, хариуцлага тэнцвэртэй байдлыг хангахын чухлыг тэмдэглэж байв.

Парламентаас байгуулдаг болон өөрийн бүтэц дэх хяналтын байгууллагууд тухайлбал, Тусгай хяналтын дэд хороо, Батлан хамгаалах хороо, Аудит, төсвийн зарлагын хяналтын дэд хороо зэрэг бүтэц нь заавал цөөнхөд байх ёстой гэж үздэг юм байна.

Бундестагийн гишүүн асан, Батлан хамгаалах хорооны гишүүн Жорн Тиссен хэлэхдээ “Бид Англи, Франц улсын хамгийн сайн жишээг авч ардчилсан загварыг бий болгосон” гэдгийг онцлов. Энэ нь аль ч улс орон бусад орны сайн жишээн дээр суурилан нийгмийн тогтолцоогоо бүрдүүлж болно гэсэн санал байв.

Манай улс бусдын сайн туршлага дээр тулгуурлан өөрийн орны онцлогт тохирсон нэлээд сайн хуулийн систем засаглалын бүтэц тогтолцоог бий болгосон ч хэрэгжүүлэхдээ хэт туйлширсан ч алдаа завхарлыг бий болгожээ гэж үзэхээр ажээ.

Тухайлбал, нэг нам нь олонхи юм уу, олон суудалтай болбол дангаараа хүч түрэн бүх салбарыг улс төрийн нөлөөнд оруулж хяналтын бүх байгууллагаа өөрийн эрхэнд авч сөрег хүчин хяналт тавих боломжгүй болгодог, эсвэл парламент дахь намууд эвсэн их эвсэл байгуулаад сөрөг хүчингүй, хяналт хариуцлагын тогтолцоогүй болгодог ийм хоёр туйл руу савладаг гаж үзэгдэл манайд бий болсон байна.

Энэ нь парламентын төлөвшилд асар хортой болох нь улам бүр тодорхой болж байна. Ямар ч хяналтгүй байгаагийн жишээ төсвөөс гадуур “Чингис", “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд олон их наяд төгрөг хяналтгүй зарцуулж байгаа юм.

1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондоос илүү 1.9 их наяд төгрөг буюу 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх юанийн своп зээл авсан тухай яригдах боллоо. Өнөөдөр хууль, хүчний байгууллагад тавих УИХ-ын хяналтын асуудал Тусгай хяналтын дэд хороогоор дамжин хэрэгжихээр хуульчилсан ч УИХ-д тийм бүтэц зохион байгуулалтын чадавхи сул, ажиллах журам байхгүйгээс урсгалаар яваа зэргийг тоочиж болохоор байна.

Бид энэ удаагийн тусгай семинарт оролцсоноор Герман, АНУ-ын парламент болон холбогдох байгууллагуудын туршлага судалж, улс орныг туйлдуулж буй авлигын асуудал, батлан хамгаалах, хууль сахиулах, тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд парламентаас тавих хяналтыг тодруулан харлаа.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтийг хангах, Батлан хамгаалах шинэчлэлийн бодлогыг уялдуулах, аюулгүй    байдлын салбарт тавих парламентын хяналтыг боловсронгуй болгох, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар гадаад орны туршлагаас тодорхой мэдлэг мэдээлэл авсан нь чухал ач холбогдолтой боллоо.

Семинар дууссаны дараагийн өдөр бид Мюнхэн хотод Баварийн парламентын хуралдааны үкп ажиллагаатай танилцаж, Баварийн парламентын дэд ерөнхийлөгч Петер Майер тэргүүтэй гишүүдтэй уулзав.

Бид Баварийн парламентын хуралдааны танхимд байхад 2015 оны төсөв хэлэлцэж батлах болон Үндсэн хуулийн шүүхийн даргыг сонгон баталж буйтай таарсан. Парламентын гишүүд саналаа бичгээр гарган өөрийн биеэр санал хураалтын хайрцагт хийж, дараа нь гараар тоолон дүнг гаргаж байгаа нь их чухал байв. Энэ нь манайд нэвтрүүлүүштэй туршлага санагдсан.

Өөр нэг зүйл гэвэл парламентын гишүүдтэй уулзах үеэр “Танай муж улс болон Бундестагт бизнесмэн хэр олон сонгогддог вэ” гэсэн бидний сонирхсон асуултад, “Манайд ихэвчлэн төрд ажилласан хуульч, нийгмийн зүтгэлтнүүд сонгогддог. Бизнесмэнүүдийг сонгодоггүй. Тэр ч бүү хэл парламентын гишүүний хугацаа дууссаны дараа хувийн хэвшилд ажиллахыг ард түмэн их дургүйцдэг” гэлээ.

Энэ байдал манайд эсрэгээрээ байгаа нь харамсалтай. УИХ-д бизнесмэнүүд олноороо ороод суучихдаг, УИХ-ын гишүүнээс болихоороо олонхи нь ямар нэг компани пүүст ажилладаг, үндэстэн дамнасан пүүсийн бодлогыг дэмжих төрийн бус байгууллагад хүртэл орж ажилладаг ийм л жишиг тогтоод удсан.

Доктор С.Гарайс биднийг Мюнхен хотын төв талбай, түүх дурсгалын газруудтай танилцуулав. Маргааш нь бид захиалсан унаагаар Мюнхений олон улсын нисэх буудалд хүргүүлж Мюнхен- Бээжин-Улаанбаатар чиглэлийн “Аir Сhinа"-гийн агаарын нислэгт сууснаар энэ удаагийн бидний аялал өндөрлөлөө.

Мюнхен-Улаанбаатар

2014.12.13


Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/