sonin.mn

Хилийн 0165 дугаар ангиар овоглодог бэлтгэл ахлах ахлагч Б.Талгаттай ярилцлаа. Тэрбээр залуу халуун насаа хилийн алтан зурваст өнгөрүүлж, тэрхүү өнгөрсөнд үлдсэн цаг үеэ аминаасаа ч илүү хайрлан дурсаж суудаг нэгэн юм.

Монгол-Оросын армиудын аварга холбоочин, БХЯ-ны аварга холбоочин, Хилийн цэргийн аварга холбоочин, ангийн аварга, Улсын тэргүүний уран сайханч гээд олон амжилт бүтээл, гавъяа шагналын эзэн түүнтэй ярилцлаа.

-Ярилцлагаа таны унасан газар шороо, өсч торнисон гэр бүлээ дурсах тэр дурсамжаас эхлэх үү?

-Би Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул хүн. Хөгжмийн багш, цэргийн холбоочны мэргэжилтэй, 1982 оноос БХЯ-ны Цэргийн бага мэргэжилтэн бэлтгэх сургуульд нэг жил суралцаж, цэргийн мэргэжлийн холбоочноор ажлын гараагаа эхэлсэн.

Одоо харин цэргийн тэтгэвэртээ суусан бэлтгэл ахлах ахлагч болсон шүү дээ. Гурван охин, нэг хүүтэй. Том охин маань Улаанбаатар хотод их сургуульд багшилж байгаа. Удаах нь хүний их эмчийн мэргэжилтэй.

Дараагийн хоёр нь их сургуульд суралцаж байна. Эхнэр Х.Гүлмайра Хилийн 0165 дугаар ангид 30-аад жил ажилласан ажилсаг эмэгтэй бий.

-Энэ хүндтэй албанд олон жил ажилласны хувьд өөрийн ажлын туршлагаас хуваалцаач?

-Тийм ээ, холбоочин байна гэдэг нь үүрэг хариуцлагатай бөгөөд хүндтэй алба. Ер нь хүссэн хүн болгон холбоочин болж чаддаггүй. Жинхэнэ цэргийн холбоочин хүн л мэргэжлийн холбоочны бүх шалгуур үзүүлэлтүүдийг давж байж мэргэжлийн зэрэг хамгаалаад зогсохгүй ажлын нарийн төвөгтэй дадлагыг эзэмшсэний дараа сая нэг шилэгдмэл мэргэжилтэн болдог.

Үүгээрээ маш хүнд, эгзэгтэй бөгөөд их хариуцлага үүрүүлж, чадвар шаарддаг хэцүү алба юм даа. Цэргийн мэргэжлийн холбоочин хүнд туршлага гэхээс ипүүтэйгээр шаардлагыг ягштал биелүүлэх сэтгэл зүрх байхад хангалттай.

Угаасаа холбоочин гэдэг мэргэжил эзэмшиж, цаашдаа ажиллах чин хүсэлтэй бол ажил мэргэжилдээ чармайн бүхнийг өөрийн жинхэнэ үүрэг гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм хандлага, сэтгэлгээ нь давамгайлсан холбоочин хүн жижүүрлэлтийн 24 цагийг байтугай, холбоочны ажилтайгаа зууралдсаар байгаад 24 жил өнгөрөөснөө хүртэл тоймлож амжаагүй байдаг юм шүү.

Нэг ёсондоо холбоочин гэдэг застав, харуул, хилийн манаа, бүх хүмүүстэй харилцаж, тэдний амьдрал, алба ажил, ахуй нөхцлийг мэдэрч, хамгийн түрүүнд тэдний ололт амжилт, жаргал зовлонг хуваалцаж байдаг хүмүүс. Тиймээс ч хилчдийнхээ хамгийн ойрын найз нь байдаг. Харин холбоочны ач тусыг мэдрээгүй нэгэн тэднийг буруу дүгнэх нь бий.

Энэ мэтийн өчүүхэн үг, үйлдлүүд холбоочны сэтгэл зүрхийг мохоодог бол аливаа цагийн байдал үүссэн үеийн шаардлагыг хангаж, шалгалт шүүлгийг амжилттай даван туулах нь урам сэргээж тэр олон хоног нойр хоолгүй зүтгэсэн ядаргааг мартагнуулан баярлуулдаг.

Холбоочид өдөр алгасалгүй ажиллаж бусадтайгаа мөр зэрэгцэн давхар үүрэг үүрч чадцаг онцгой тэсвэр тэвчээртэй байдаг. Холбоочны ажлыг цурам хийлгүй жижүүрлээд зогсохгүй эрүүл мэнд, ахуй амьдралаа хойш нь тавин ажилладгийг мартах ёсгүй. Бас үнэлэх ёстой.

Би тэдэн шиг 30, 40 цаг зүтгэж чадах уу гэдгийг дор бүрнээ бодож байх хэрэгтэй. Би чадна, би бүгдийг алдаа мадаггүй хийнэ, хариуцсан алба ажлаа үнэнчээр, чадварлагаар, өндөр хариуцлагатай авч явна гэж зорьж ажиллах хэрэггэй.

-Таны үеийн залуучууд одоо цагийн залуусын хооронд ялгаа бий юу?

-Миний үеийнхэн тал бүрийн авъяастай, өөртөө итгэлтэй, идэвхи зүтгэлтэй, санаачлагатай, даруухан зантай хүмүүс байсан. Шат шатандаа шаардлага тавьдаг, бие биенээ сургадаг, ах захдаа хүндэтгэлтэй ханддаг хүмүүс байлаа.

Бүх алба амьдралын хүнд бэрхийг туулж, бор зүрхээрээ зүтгэдэг байв. Одоо өөр болжээ. Гачигдаж дутагдах зүйлгүй, элбэг дэлбэг амьдрах боломжоор хангагдсан, боловсрол эзэмшихэд хүндрэлгүй, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн техник хэрэгслээр хангагдсан, застав, харуул, отрядын төвийн ялгаа бараг байхгүй болсон, гэрэлтэй, үзэж харах юмтай, зарим харуулын байр нь миний үеийн дарга нарын сууц шиг тохилог болжээ.

Одоогийн залуучууд бүгд дээд боловсролтой, эрдэм номтой сайхан явна. Азтай ч хүмүүс. Гагцхүү орчин цагийн эрдэм мэдлэг, техникхэрэгслийгхилчний амьдралтай нягт холбон авч явах л үлдэж байх шив.

-Энэ миний бахархал гэж нүүр бардам хэлж чадах тэр омогшил тань юу вэ?

-Хилчин хэмээх алдрыг зүүж 25 жил ажилласан нь миний энэ насны бахархал. Мөн өөрийнхөө цэргийн мэргэжлийг хүмүүст сурган өвлүүлж 100-аад хүнд хилчин холбоочны мэргэжил эзэмшүүлэн, албанд дадлагажуулж, дөрвөн ч шавиа “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" болгож чадсандаа бахархдаг.

-Өөрийгөө нэг үгээр илэрхийлээч гэвэл?

-Би цэрэг шиг цэрэг, хүн шиг хүн байж чадсан.

-Ажиллаж байсан үеийнхээ сургамжтай бөгөөд хөгтэй явдлаа дурсвал ямар вэ?

-1991 оны өвөл манааны ахлагч дэслэгч Серибайтай хамт цасан зурваст үзлэг хийхээр хилийн манаанд гарлаа. Цас ихээр орсон, хунгарласан газартаа 2-2.5 метрийн зузаантай байв. Ойн цас зөөлөн байдаг болохоор цанатай явахад тун бэрх.

Цасанд шигдэж явсаар байгаад их тамирдлаа. Хоёулаа амны цангаагаа гаргахаар ярилцаж ойн зурвас газрыг сонгон авч хэсэг газрын цасыг арилган гал түлж, цай чанаж уухаар шийдэв. Мөчир түүж галаа асаахаар оролдсон боловч цасанд норсон болоод тэр үү бидний овоолж тавьсан хуурай мөчир, өвс ургамал нэг л ноцохгүй утаа савсуулан унтраад тэвчээр барлаа шүү.

Аргаа барсан дэслэгч маань үүргэвчнээсээ манярктай шингэн түлш гаргаад ирэв ээ. Тэр үед заставт дэнлүү асаах зорилгоор «ТЭС» хэмээх шингэн түлш өгдөг байсан юм. Мань хүн их хашир. Тиймээс ч литрийг авч гарсан нь тэр.

“Одоо асахгүй байхыг чинь харна аа, хө” гэж заналтай нь аргагүй хэлээд овоолсон мөчир, өвсөн дээрээ цацаад, нэг гартаа шингэн түлшээ барьсан чигтээ тонгойгоод үлээж гарлаа. Утаа өтгөрөөд л, тэр мөчир доорх базаж чихсэн өвсөнд оч тодорсоор л....

Би нөгөө талаас нь хэвтээ байдалтай даргыгаа дуурайж үлээлцээд л байлаа. Тэгтэл юу болсон гэж санана. Дэлбэрэлт болсон! Золиг чинь, асахгүй байснаа дөл гарах агшинд даргын ид шидтэй шингэнтэй саванд гал авалцаад дэлбэрч байгаа нь тэр.

Зүгээр ч дэлбэрээгүй, нөгөө бидний асаах гээд овоолсон хамаг юмыг тал тал тийш нь цацартал дэлбэрсэн. Тэр агшинд юу болоод өнгөрснийг ухаарах гэж жаахан хэвтсэнээ босоод ирлээ. Дарга ч тэрийн унажээ. Би ухаан алдах шахсан. Гэтэл мань хүн намайг айлгахаар шийдэж л дээ.

Нүд ирмэх зуур болоод өнгөрсөн юманд би ухаан самууртал дарга тэрхүү агшинд зугаатай юм сэдэж амжсан байж л дээ. Намайг ойртоод ирэнгүүт чанга хашгиран ухасхийлээ шүү.

Даргын нүүрийг тас хараар будаад тавьсан мэт миний өмнүүр хачин содон дүр төрх харагдлаа. Дарга таг дуугүй болж намайг ажиж байснаа, “Чи амьд уу?” гэж хоолой чичрүүлэн асууж билээ. Т эгснээ тэсэлгүй хөхрөн инээлдсэн. Миний царай даргынхаас ч долоон дор аймшгийн дүр зураг харагдаж билээ. /инээв/

-Та залуу хойч үедээ сургамж болгох үг хэлэх болов уу?

-Ямар ч боловсрол эзэмшсэн бай хилчний амьдралаар амьдарна гэдэг юутай ч зүйрлэмгүй их сургуульд суралцаж байгаатай ижил юм шүү. Тиймээс амьдралын их сургуульд суралцаагүй байж өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй шүү гэж хэлье дээ.

Дэд ахлагч О.Бямбажав

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин