sonin.mn

Хотын дарга Э.Бат-Үүлийн ээлжит "мад" буюу нийтийн тээврээр өдрийн турш 500 төгрөгөөр зорчих үйлчилгээ нийслэлчүүдийг бухимдуулав. Уг нь эл үйлчилгээг нэвтрүүлснээр оюутан сурагчдын хөл хөдөлгөөн ихсэх энэ цаг үед нийтийн тээврийн үйлчилгээг хурдан шуурхай, богино эргэлтээр нэвтрүүлэх зорилготой гэж тайлбарлаж буй. Гэтэл эхнээсээ "Саваа бэлтгээгүй байж саалиа бэлтгэсэн" журам болох нь хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө тодорхой байв.

Тухайлбал, журамдаа 500 төгрөгийн тасалбарыг иргэд автобусны буудал дээр тусгайлан зарж байгаа цэгээс авч үйлчлүүлэхээр тусгасан. Гэтэл ажилдаа яарсан иргэд тасалбараа авах гэтэл өнөөх цэг нь байдаггүй.

Цэг ч гэж дээ, хаанаас ирсэн хэн нь тодорхойгүй нэг эрхэм "Тасалбараа аваарай" гэж явуулын маягаар хашгирч зогсох. Өөрөөр хэлбэл, тогтсон нэг цэгт борлуулахгүй арай хүн олонтой газар руу очиж тасалбараа "шахаж" зогсох жишээтэй.

Гэтэл автобусны буудал дээр хүмүүс тасалбар хайгаад олдохгүй учир ирсэн автобусанд үсрээд суучихна. Маргаан эндээс эхэлж байгаа юм. Кондуктор "Гаднаас 500 төгрөгийн тасалбар худалдаж аваагүй бол манай өдөр тутмын үйлчилгээний тасалбар худалдаж ав" гэж шахна.

"Иргэд юу яриад байгаа юм. Өдрийн бүтэн 500 төгрөгөөр явах эрхтэй гэсэн биз дээ" гээд халуухан маргаан дэгдэж, зорчигчдын тав тухыг алдагдуулна. Гаднаас тасалбар авсан нэг нь "Багшийн дээд орох ёстой. Одоо хаана буугаад хаанаас дамжих вэ" кондукторыг татаж чангаана.

Ингэж асуух шалтгаан нь автобуснууд өмнө зорчиж байсан чиглэлээ бүгд өөрчилж зорчих чиглэлийн хаяг байршуулаагүйгээс ийм ойлголт бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн нэг автобусанд суугаад 2-3 буудал яваад сольж суух шаардлагатай тулгарч байгаа. Гэтэл ямар автобусаар дамжихыг тайлбарлаж өгөх кондуктор байхгүй.

Гаднаас тасалбар худалдаж авсан иргэдийг кондуктор үнэмлэх, визагаар зорчдог оюутнуудыг шиг ад үзэж, хоошоо урагшаа явахыг шаардаж байна. Ингээд нийтийн тээврийнхээ чиглэлээ мэдэхгүй мунгинах иргэд ажлаасаа хоцрохгүйн тулд такси барьж хурдална. Тэгэхээр юун хэмнэлт байх билээ дээ.

Ер нь ажил, хичээлдээ яарсан зорчигчдод цаг хугацааны хувьд маш хяслантай үйлчилгээ гэдгийг хэлж байгаа. Уг нь автобусны буудлууд дээр тасалбар борлуулах цэгээ байгуулж, үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл нь явах чиглэлээ бичиж байршуулаад, тасалбар шалгагч нь ухамсартай бол хэн хүнгүй л 500 төгрөгөөр өдрийн турш үйлчлүүлэхийг бодно.

Гэхдээ зарим чиглэлд бүтэн буудал алхаад дамжих бэрхшээл тулгарч байна. Тухайлбал, Бэлхийн эцсээс төмөр замын вокзал хүртэл үйлчилгээнд явдаг байсан автобус шинэ журмаар Сэлхийн амралт-ХӨСҮТ гэсэн чиглэлд явж байгаа. Тэгэхээр л УБИС, Хөдөө аж ахуй зэрэг XIII хорооллоор эргээд ажил, сургуульдаа явдаг иргэд Сансарын тунел дээр бууж дамжина.

Гэтэл тухайн буудал дээрээс дамжих автобус байхгүй байх жишээтэй. Ингэхээр нэг буудал алдаад дамжих болж байна. Яахав, урин дулаан цагт алхаад болдог байж. Харин өвлийн хүйтэнд нэг буудал алхах нь тийм ч таатай биш байх болов уу.

Ингэж байхаар 500 төгрөгөөр төлөөд очих газартаа шууд хүрвэл хамаагүй дээр гэх олон иргэдтэй таарч байв. За иргэд ингэж төөрч будилаад зорчдог байж. Харин өглөө оройгүй, буух суух тоолонд 500 төгрөг иргэдээс авдаг атлаа "Алдагдалтай ажиллаж байна" гэж ажил хаяхдаа тулдаг нийтийн тээврийнхэнд энэ үйлчилгээ хэр халгаатай байх бол.

Хар ухаанаар бодоход тэд алдагдалтай ажиллана. Цаашлаад кондукторууд ажилгүй болж байх шиг байна. Үүнийг нийтийн тээвэр эрхлэгчид "Хотын даргын гэнэт гаргаж, хэрэгжүүлэхийг шаардсан үүрэг даалгавар" гэж тайлбарлаж буй.

Ямар ч бэлтгэлгүй байсан нийтийн тээврийнхэнд наймдугаар сарын 22-ноос уг журмыг шууд хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна. Харин журмыг өмнөх өдөр буюу наймдугаар сарын 21-нд баталжээ. Ийн яарсан нь бас учиртай. Өмнөд хөршийг ирэхэд Хотын дарга маань хийсэн ажилтай болж харагдах гэсэн башир арга биз.

Магадгүй Ерөнхий сайдын лүндэн ч байж болох. Гэхдээ ингэж бэлтгэлгүй журам хэрэгжүүлсний горыг жирийн иргэд л амслаа. Дарга нар Төрийн айлчлал, тунхаг бичигт гарын үсэг зурах гэж хотын төвийг тэр чигт нь төрийн хамгаалалтад оруулж хоёр хоног өөрсдөө ямар ч замын түгжрэлгүй байлаа.

Тэгэхээр цаашид уг журмыг хэрэгжүүлэх "Төөрдөг автобусаа" үйлчилгээнд явуулах гэж байгаа бол бодолцох зүйл олон байгааг иргэдийн шүүмжлэлээс Хотын дарга маань харж байгаа байлгүй дээ.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: