sonin.mn

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Сургуулиудын засвар, сурах бичгийн хэвлэлт, сургалтын төлбөр, автобусанд хөнгөлөлттэй зорчих карт гээд олон асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ жилийн хувьд боловсролын салбарт олон шинэчлэл хийж байгаа. Үүнтэй зэрэгцэн сургалтын төлбөрийн асуудал эцэг эхчүүдийн "толгойн өвчин" болсоор л.

Оюутанд төрөөс тэтгэлэг олгодог болсонтой холдогдуулан их, дээд сургуулийн удирдлагууд төлбөрөө нэмэх болсон талаар ярьж байна. Төлбөр нэмэх гэж буй талаар БШУЯ-наас ажлын хэсэг, Монголын Оюутны холбоо нягталж, үндэслэлийг нь тодруулдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд сургалтын төлбөр огцом нэмэгдсээр байгаа.

Энэ жилийн хувьд их, дээд сургуулийн сургалтын төлбөр 20-30 хувиар нэмэгдэж магадгүй байна. Жишээ нь, МУБИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоожээ. Тухайлбал, ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт II-IV дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.

Ингэснээр 1.240.000 төгрөг төлж байсан бакалаврын түвшний суралцагч дараа жил 1.426.000 төгрөг төлөх юм байна. Энэ мэтчилэн хичээлийн шинэ жилээр бид заавал нэг хэцүү асуудалтай байх ёстой мэт болжээ.

А.Халиун

Эх сурвалж: