sonin.mn

Поп дива дуучин С.Сэрчмаатай уулзаж, уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Таныг өөрийн амьдралаас сэдэвлэн "Бүсгүйн аргамж" хэмээх кино бүтээхээр болсон тухай сонссон. Кино хэзээнээс үзэгчдэд хүрэх вэ?

-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хоёр ч цомгийн дуу бэлэн болчихоод байна. Мөн "Сэтгэлийн тэнгис" дууны клипний зураг авалт эхэлчихлээ. Шинэлэг зүйл гэвэл "NB and Sally" хэмээх Монголын анхны онлайн нэвтрүүлгийг сэтгүүлч Р.Нямбаяртай хамтран хийж байгаа.

Нэвтрүүлэг хамтран хийх саналыг Р.Нямбаяр надад тавьсан юм. Эхэндээ жаахан эмээж "Би хийж чадах болов уу" гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ нэвтрүүлгээ боломжийн хөтөлж байгаа болов уу. Одоогийн байдлаар нэвтрүүлэгт маань 20 гаруй уран бүтээлч зочноор оролцоод байна.

Хүмүүст нэлээд хүрсэн нэвтрүүлэг болсон гэж хувьдаа бодож байгаа. Энэ нэвтрүүлгээс зөвхөн дуучин гэхээс гадна хөтлөгч хүн ямар байх ёстой гээд олон зүйлийг мэдэж авсан. Тэр хэрээр үзэгчид намайг арай өөрөөр хардаг болсон юм шиг санагдаж байгаа шүү.

Киноны хувьд зураг авалтын ажил дууссан. Ихэнх зураг авалтыг Монгол, Хятадад авсан. Гадаад, дотоодын олон чадварлаг уран бүтээлч хамтран ажилласан. Зарим нэг шалтгааны улмаас киногоо гаргахаа түр хугацаагаар хойшлуулаад байна.

-Цахим ертөнцөөр дамжуулан үзэгчдийн хүртээл болгож буй шоу нэвтрүүлэг тань үнэхээр сонин шийдэл, өвөрмөц өнгө аясыг мэдрүүлдэг. Хамгийн сонирхолтой нь та хоёрыг хамтдаа нэвтрүүлэг хөтөлнө гэж хэн ч санаагүй байх?

-Шоу нэвтрүүлгийн хувьд урьсан зочноо хэрхэн нээлттэй байлгаж, сонирхолтой асуулт хариултаар үзэгчдийг байлдан дагуулах нь хөтлөгчийн ур чадвараас ихээхэн шалтгаалдаг. Харин бид иймэрхүү хэв маягаас татгалзаж, өөрийн гэсэн онцлог өнге аястай байлгахыг зорьж байгаа. Манай нэвтрүүлэгт ямар нэгэн хөтлөгч байхгүй.

Өөрөөр хэлбэл, уригдсан зочин маань Р.Нямбаяр бид хоёртой харилцан ярилцаж, сайхан "буу халах" маягаар нэвтрүүлэг үргэлжилнэ. Тэр бүхнээс үзэгчид маань бид гурвын юу бодож, ямар зүйлийн төлөө зорьж тэмүүлдэг болохыг мэдрэх боломжтой.

Өдөр бүр янз бүрийн таагүй мэдээллээс болоод нийгэмд маш их бухимдал үүсдэг. Үүнийг энгийн сайхан гурван найзын гэгээлэг яриагаар хүмүүст эерэг мэдрэмж төрүүлэхийг хичээдэг.

-Уран бүтээлч хүний хувьд хэвлэлийнхэнд үргэлж ярилцлага өгдөг байх. Харин өөрөө бусдад асуулт тавьж, нэвтрүүлэг хөтөлнө гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Зочинтойгоо дотно яриа өрнүүлэхийн тулд тухайн хүнийг арай илүү нээж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Зочноо сайн судалж байж нээн гаргаж ирэх асуулт тавих, магадгүй зочноос ирэх сонирхолтой асуултад өөрөө бэлтгэлтэй байх гээд нэлээд ур чадвар шалгадаг гэж хэлж болно. Би өөрөө их нээлттэй, хүн инээлгэх дуртай болохоор нэвтрүүлгийн өнгө төрх надад хөтлөхөд дөхөм байгаа.

Манай онлайн нэвтрүүлгийг үздэг хүмүүс намайг арай өөр талаас нь хараад эхэлж байгаа юм байна лээ. Өмнө нь намайг арван хэдэн жил тайзан дээр дуулж байсан үеэс илүү хүмүүст хүрч байгаа нь надад маш их таалагдсан.

Хүмүүс нэвтрүүлгийг их үзэж байгаагаа миний цахим хуудсаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж надтай санал бодлоо хуваалцдаг. Хүмүүс намайг өөрөөр хүлээж авч байгааг хараад нэвтрүүлгээ арай эрт хийсэн бол гэсэн бодол төрсөн шүү.

-Уран бүтээлч хүний хувьд шинэлэг өөрчлөлтүүдийг хийж байгааг сонслоо. Харин хувь хүний үүднээс ямар өөрчлөлт гарсан бэ?

-Миний хувийн амьдралд нэлээд өөрчлөлт орсон. Ээж болоод бүх зүйлээ охиныхоо төлөө хийж байна. Бас нэлээд намба суусан гэж хэлж болно. Өмнө нь ганцхан уран бүтээлийн төлөө бүх цаг заваа зориулдаг байсан. Харин одоо аль болох ажлаа эртхэн амжуулаад гэр орон, охиндоо илүү цаг зав гаргахыг хичээдэг болсон.

-Таныг урд хөршид урлагийн сургууль нээж гарын шавь бэлтгэж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Энэ үнэн үү?

-Энэ тал дээр одоохондоо тодорхой мэдээлэл өгмөөргүй байна. Гэхдээ тийм бодол бий. Монголчууд "Амны бэлгээс ашдын билэг" гэж ярьдаг даа.

-Цахим хуудсаа нэлээд идэвхтэй хөтлөх юм. Бас ном их сонирхож уншдаг гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Ер нь болж л өгвөл ном уншихыг боддог. Бага байхдаа ихэнхдээ уран зохиол роман, тууж уншдаг байсан. Сүүлийн үед танин мэдэхүй, гүн ухаан, филисофийн ном сонирхон уншиж байна. Хамгийн сүүлд зохиолч Г.Мэнд-Оёогийн "Гэгээнтэн"-ийг уншлаа.

-Таныг анх дуучин болж байхдаа хэд хэдэн шөнийн цэнгээний газар амьд хөгжимтэй дуулдаг байсан гэдэг. Энэ талаар ярина уу?

-Тийм ээ. Би анх дуулж гарч ирж байхдаа "River sound" шөнийн клубт хоёр гурван жил амьд хөгжимтэй дуулж байсан. Энэ нь надад маш их зүйлийг сургасан гэж боддог. Учир нь ганцхан дуу дуулах хичээлд суух биш өөрийнхөө хоолойн цар хүрээг мэдэж авахад нэлээд дөхөм болсон юм шиг санагддаг. Хоёр гурван жил амьд хөгжимтэй дуулаад ирэхээр хоолой задраад дуулахад улам сайхан мэдрэмж төрдөг юм.

-Таныг хийл хөгжим тоглодог гэдгийг хүмүүс мэднэ. Хамгийн сүүлд хэзээ хийл хөгжим тоглов?

-С.Гончигсумлаа багшийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангийг төгссөнөөрөө би бахархдаг. Хөгжмийн зэмсгийн хатан хаан гэгддэг хийл хөгжим заалгаж, тоглож сурснаар өөрийнхөө үзэл бодол, дотоод ертөнцөө нээх, урлагийн мэдрэмжтэй болох, аливаа зүйлд хандах хандлага энэ бүхнийг суурь нь болж өгсөн байх.

Хөгжмийг мэдэрнэ гэдэг бол хүн амьдралыг өнгөлөг, гэгээлэг, хаана хэнтэй хэрхэн харьцах. Магадгүй их уянгалаг аядуу зөөлөн зантай болчихдог юм шиг санагддаг. Хийл хөгжим миний суурь хүмүүжлийг төлөвшүүлж энэ амьдралыг надад өгсөн гэж хэлж болно.

Гадаад улс орнуудад хүний суурь мэдлэг, мэдэх ёстой зүйлийн нэг бол урлагийн гоо зүйн мэдрэмжийг бага байхаас нь эхлүүлэн төлөвшүүлж өгдөг. Хүн гоо зүйн мэдлэгтэй болохоороо их мэдрэмжтэй, бусад зүйлд өөр өнцгөөс хандаж эхэлдэг.

-Уран бүтээлч хүний гэр бүл хамгийн бат бэх багана байдаг. Таныхаар гэр бүлийн харилцаа гэж юу вэ?

-Гэр бүл гэдэг бол гэгээлэг сайхан орчинд бие биеэ хайрлаж хүндэлж, халамжлах, итгэл юм болов уу. Зарим хүмүүс ажлаа тараад ажлын стрессээ гэртээ аваад орчихдог. Гэртээ ороод хань, үр хүүхэд гэр бүлийн бусад гишүүдэд тэр өдрийн ажлын ачаалал, уур бухимдлаа гаргадаг.

Энэ нь гэр бүлийн уур амьсгал харилцаанд сөргөөр нөлөөлдөг нь ажигллагддаг. Миний хувьд албан ажил, амин хувийн амьдрал хоёрыг ялгаж хаана юу хийж байгаагаа мэдрэх хэрэгтэй л гэж боддог. Хүн гэртээ байхдаа л хамгийн сайхан амар амгалан байдал, аз жаргал, сайн сайхан зүйлийг мэдэрдэг.

Энэ нь тухайн хүний ажлын үр дүн амжилттай шууд холбоотой. Мэдээж хүн гэртээ амар тайван байхыг хүсдэг. Гэр бүл тийм л байх ёстой. Энэ нь тухайн гэр бүлийн гишүүдийн бие биетэйгээ харьцаж байгаа харьцаа хамгийн чухал. Цаашлаад үр хүүхдийн хүмүүжил, ирээдүйд нөлөөлдөг учраас гэр бүлийн харилцааг эрхэмлэж байх хэрэгтэй гэж боддог доо.

-Таны хувийн амьдралын талаар хэвлэлээр нэлээд шуугисан. Тухайн үед танд таагүй мэдрэмж төрж байсан байх даа?

-Энэ талаар уулзсан хүн болгон асуудаг. Би нэг л хариулт хэлдэг. Би харь, гадаад хүнтэй суугаагүй. Манай нөхөр монгол хүн. Тэр үед иргэний харьяалал нь гадаад паспорттой байсан учраас хүмүүс харь хүн гэж бодсон байх. Одоо бол энэ талаар элдэв яриа шуугиан хүмүүст сонин биш болчихжээ.

-Та хоёрыг салсан гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

-Бид хоёр тусдаа амьдарч байгаа. Гэхдээ аав нь охин дээрээ ирдэг.

-Эргэж нийлэх бодол бий юү?

-Уучлаарай, энэ асуултад хариулмааргүй байна.

-Та охиндоо Хураа гэдэг нэр хайрласан. Их содон нэр юм. Ямар утга учир бэлгэдэж өгсөн юм бэ?

-Хэд хэдэн нэрнээс аав нь сугалахад миний бичсэн нэр гарч ирсэн. Хураа минь их бороотой өдөр мэндэлсэн юм шүү дээ. Монголчууд "Хувьтай хүн хурнаар" гэж бэлгэшээдэг.

Анх охиндоо Хур гэдэг нэр өгсөн ч жаахан зөөллөж Хураа болгосон юм. Нэрийн хувьд сайн сонсоод дахин дахин хэлээд үзвэл "Хурай" гэж байгаа юм шиг сонсогддог. "Хурай" гэдэг үг өөрөө аливаа муу муухай зүйлээс холдуулж аргадахдаа хэрэглэдэг.

-Одоо хэдэн настай вэ?

-Гурван настай, цэцэрлэгт явж байна.

-Ээж болоход танд ямар мэдрэмж төрж байв?

-Тийм гэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Эмэгтэй хүн ээж болохоор дуу хоолойны өнгө хүртэл уярч зөөлөн болчихдог юм байна лээ. Охин маань миний амьдралыг утга учир, баяр баясгалантай болгодог.

-Охиноос тань урлагийн авьяас харагдаж байна уу?

-Би жирэмсэн байхдаа дуугаа дуулаад, тоглолт, цомгийн бичлэг байнга хийлгэж байсан. Миний охин анх бүрэлдэж эхэлсэн цагаасаа энэ хорвоод мэндлэх хүртлээ байнга дуу сонсч ирсэн болоод ч тэр үү урлагийн мэдрэмжтэй юм шиг санагддаг. Дуунд их дуртай. Би уртын дуу дуулж чадахгүй байхад манай Хураа уртын дуу дуулдаг.  "Цомбон туурайтай хүрэн" дууг сайн дуулна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

Эх сурвалж: