sonin.mn


-Ардчилсан Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлж, ардчиллаасаа ухарна  гэдэг анархист нь анархистаараа үлдэхээс ч аймар ажээ-


Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын намтарт албан бусаар “өс тайлагч” хэмээх тодотголыг олон нийт оруулах нь бий. Ийн тодотгох болсон шалтгаан нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас Монголын шүүх, прокурорыг удирдах бүрэн эрхийг эдлэхдээ хонзогногч, хэлмэгдүүлэгч зангаа хэтрүүлэн илчилсэнтэй нь холбоотой. Тэр бүхэн өдгөө түүх болон үлдсэн ч эргээд дараагийн Ерөнхийлөгчид нь Намбарын хүүгийн муу зуршил уламжлагдаж буй нь харамсалтай хэрэг. Энэ бүхнийг доор өгүүлбэх баримтууд хангалттай ихээр нотлох биз ээ.


Н.Энхбаяр УИХ-ын 2000 оны сонгуульд ялалт байгуулах гол гарцаа С.Зориг агсныг хөнөөсөн алуурчныг олох үндсэн зорилгод чиглүүлсэн байдаг . Үүнийхээ төлөө УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг барьж хорин С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд ойлгуулахыг хүссэн. Өдгөө Н.Энхбаярын тэр гэмээс үүдэн УИХ-ын гишүүны Э.Бат-Үүлийг С.Зориг агсныг хөнөөсөн алуурчнаар сэжиглэж, бодох хүн чамгүй олон байдаг. “Малгай нь олдсон гээ биз дээ” гэж ирээд л. Улмаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг мөн л тухайн үед Баянгол дүүргийн Засаг дарга байхад нь барьж хорьсон. Талийгаач эхнэрийнх нь хамт сэжигтэн болгосон. Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн УИХ-ын сонгуульд Н.Энхбаяртай нэг тойрогт гурван ч удаа эцэж, цуцалтгүй өрсөлдсөнийхөө төлөө чамгүй зовлон амссан. Товчхондоо Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх хугацаандаа түүнийг зургаан жилийн ял сонсч, хоригдоход хүргэсэн.

 

Энэ бол гашуун түүх. С.Эрдэнэ гишүүн тэрхүү он жилүүдийн талаар “Би Н.Энхбаярын үед хамгийн их хэлмэгдсэн хүн дээ” гэсэн байдаг. Ингэж хэлмэгдэх шалтгаан нь ердөө л Н.Энхбаяртай өрсөлдсөн гэдэг үндэслэл. Уг нь тэрбээр Н.Энхбаяртай эргэж ноцон УИХ-ын суудлын төлөө өрсөлдөөгүй бол ийн хэлмэгдэхгүй байсан. Н.Энхбаяр ч Ерөнхийлөгчөөр сонгогдож хууль, шүүхийг гартаа авсан даруйдаа “Чи надтай өрсөлдөөд байдаг байл уу. Ингээд өрсөлдөөрэй” гэж ирээд л өс тайлахын тулд Монголын шүүх засаглалын нэр төрөөр гараа угаахгүй байсан биз. Харамсалтай нь тэр эрх мэдлээ С.Эрдэнийн төлөө ашигласан шиг ашиглаж чадсан. Э.Бат-Үүлийг С.Зориг агсныг хөнөөсөн болж харуулахыг хүссэн шигээ л.

 


Ингэж С.Зориг агсны алуурчныг илрүүлсэн гавьяатан болох дараагийн нэг золиосоо тэрбээр хилийн чинадаас хайсан нь Дамирангийн Энхбат агсан. Эрүүгийн элементүүдтэй найз гэдгээрээ бусдаасаа ялгардаг М.Энсайханыг С.Зоригийн үхлийг захиалсан захиалагч болгож харагдуулахын тулд тэр шүү дээ. Энэ хүсэлдээ хөтлөгдөж Д.Энхбатыг Францаас хулгайлуулж авчирсан даруйдаа “С.Зориг агсныг хөнөөсөн алуурчныг оллоо” хэмээн шуугиан дэгдээсэн. Гэсэн ч Д.Энхбат агсан байцаалтын хатуу ширүүнийг дийлэлгүй нас барж, Н.Энхбаяр санасандаа хүрч чадаагүй. Харин өөрийнх нь тушаалыг гүйцэтгэсэн Б.Хурцтайгаа муудалцсан даруйдаа тэрбээр мөн л өс авахыг хүссэн. Хууль шүүхээр шалгуулж эхэлснээс нь харахад шүү дээ.

 


Түүнчлэн У.Хүрэлсүх тэргүүтэй одоогийн Ардын намын лидерүүдийн хувьд мөн л Н.Энхбаярын уур бухимдал ямар хурц иртэй болохыг өөрийн биеэр мэдэрцгээсэн нь саяхан. Намынхаа удирдлагыг эхнэрийнх нь гараас салгахын төлөө хатуу үг хэлсэн нь  У.Хүрэлсүхийг ял сонсоход түлхсэн. Энэ үед Монголын хууль тогтоох засаглал Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд “Хадгаламж” банкнаас алдагдсан 14 тэрбум төгрөгийг хамтдаа идэж уусан гэх гэсэн хилс хэргийг үүрүүлэхийн төлөө бүхнийг хийсэн. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарын хувьд ч тэр адилхан. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хэнийг ч золиослох хүч бий гэдгийг тэр ийн мэдрүүлсэн. Улсын Ерөнхий прокуророос тэдний эрхийг түдгэлзүүлэх хүсэлийг гурвантаа оруулж ирснээс харахад Н.Энхбаярын зуулт хөнгөхөн байгаагүй нь тодорхой байдаг. Улмаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын хувьд мөн л адил.

 


Улсын нөөцийн санг өөрийн хөрөнгө мэт ашигладаг П.Дашийг илчилсэн биш өөрөө гэмт хэрэгтэн болж хувирсан. Ингэж буруудах болсон шалтгаанаа тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбож “Н.Энхбаярын захиалга” хэмээн баримттайгаар дэлгэдэг. Үүнд нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурор, Сүхбаатар дүүргийн шүүх гээд бүгд л хуруу хумсаа хуйхлах шахам зүтгэснийг өнгөрсөн үйл явц батална. Дээрх хэлмэгдэгчдийн хувьд ч адилхан. Н.Энхбаярын томилсон шүүх, Н.Энхбаярын томилсон Авлигатай тэмцэх газар, Н.Энхбаярын томилсон улсын Ерөнхий прокурор гээд бүгд томилгооных нь төлбөрийг төлөхийг тулд чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэсэн.


Харин энэ бүхнээс үүдэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа “Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр бас ч гэж цэвэр байсан юм шүү.

 

Н.Энхбаярыг дахиж Ерөнхийлөгчид дэвшүүлээд, давраагаад байвал Монголын хуулийг улам гууль болгоод л байна” хэмээн Монголын ард түмнийг болгоомжлуулж байсан юм. Мөн Н.Энхбаярын ноёрхлыг шүүхээс зайлуулах ёстой талаар дараах дүгнэлтийг хийсэн байдаг. “Шүүхийг Н.Энхбаяр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх бас өршөөн, уучилж хажуудаа татах хэрэгсэл болгож хэрэглэж ирсэн. Тэгж ч байна. Шүүхийн танхимд орохоос өмнө Н.Энхбаярын өрөөнд эсвэл түүний утасны нөгөө үзүүрт асуудал голдуу шийдэгдэж байх магадлалтай. Монголын шүүгчид ямар сэтгэлээр ажлаа хийдгийг ямар их ачаалалтай, ямар нөхцөлд ажилладгийг би гадарлана.

 

Манай шүүгчид ихэнх нь олон газар явж, олон хурал семинарт оролцож номын дуу сонссон, шударга ёс яавал тогтдог, яавал устдагийг мэдэх хүмүүс. Хүний эрх, амь амьдрал гэж ямар ариун нандин зүйл болохыг тэд мэднэ. Тэд ганцхан Н.Энхбаярын оролцоотой бий болгосон бурангуй машины араанаас гарч хүч нь хүрэхгүй байгаа юм. Манай нийгэмд шударга ёс тогтоохын тулд шүүхийг Монголоос салгах биш, Н.Энхбаярын тогтоосон ноёрхлыг шүүхээс зайлуулах хэрэгтэй”. Энэ бол Н.Энхбаярын талаарх УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорийн дүгнэлт. Түүнчлэн “Яг үнэндээ ардчиллын амин сүнс нь шударга ёс юм шүү дээ. Түүнийг бумбалж дархалж авч явдаг ариун газар нь шүүх. Одоо тэр ариун газар, шударга ёсны сүм ямар хоронд хүлэгдсэн байгааг хар.

 

Эргээд ардчилал бол Монголын ард түмний сонголт. Өөдөлж дэвжих, бие дааж хөгжих магадгүй монгол хүн бүрт олдож буй цорын ганц боломж нь. Тэр боломжийн амин сүнсийг ямар гээч дээлтэй мангас гартаа оруулсныг хар” гэх энэ болгоомжлол ч Ц.Элбэгдоржийн элбэг дэлбэг уран цэцэн үгсийн нэг. Харин өнөөдөр нөхцөл байдал Н.Энхбаярын үеийнхнээс дээрдсэнгүй. Дээрх үнэн, мэргэн тодорхойлолтын эзэн болох Ц.Элбэгдорж эргээд Н.Энхбаяраасаа ч аймар нэгэн болж хувирлаа. Үүний жишээ нь долдугаар сарын 1-ний шөнө амь насаа алдсан дөрвөн залуугийн хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн удирдлагуудын шүүх хурал.

 

Үүнээсээ өмнө тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг жаахан хүүхэд шиг л өрөөндөө дуудаж “Цагдаа нараа дуугүй болго. Тэгэхгүй бол цолыг чинь хураана шүү” гэх маягтай загнасан. Ингэснээрээ тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэтрүүлэн эдлээд зогсохгүй цаагуураа “Ч.Амарболд тэргүүтэй цагдаа нарыг чинь яллуулахдаа л яллуулна” хэмээн айлгах шиг болсон. Уг нь бүхэл бүтэн ардчилсан улсын Ерөнхийлөгч цагдаа, шүүх, прокурорын дундуур орж, өөрийнхөө томилсон дарга нарыг өмгөөлөх ёсгүй баймаар. Гэтэл тэр тэгсэнгүй. Н.Энхбаяр нь далдаас удирдаг байсан бол Ц.Элбэгдорж нь ичиж айхгүйгээр ил цагаан загнадаг болсон нь энэ.

 


Цаашлаад түүний өмгөөлөлд оодорсон шүүх өнөөдөр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийг мөн л Ц.Элбэгдоржийн заавраар сонгон шалгаруулах нь тэр. Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн удирдлагыг яллах шүүх хуралдаа “Ийгл”, “SBN”, “С1” гэсэн Ардчилсан намынхны телевизийг оруулсан. “Яагаад ингэж ялгаварлан гадуурхав” гэж сэтгүүлчдийг асуухад нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа “Хариулах үүрэг хүлээхгүй. Би хариулах албагүй. Тэгвэл хэвлэлийн хурал дуусгалаа” гэж томорсон байгаа.

 

Хамгийн сонирхолтой нь дээрх гурван телевиз шүүх хурлын үеийн бичлэгийг тавьж байгаад, болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ шууд л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн буюу Ардчилсан намынхны өнцгөөс асуудлыг дүгнэж, тайлбарласан. “Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзснаар хууль зөрчлөө. Тэд нар хугацаа хожихийг хүсч ингэлээ” гэх мэтээр. Мөн шууд утгаараа тэднийг долдугаар сарын 1-нд буруутгасан. Харин энэ үед Ерөнхийлөгч Герман нисч, байхгүй хойгуур нь Монголын шүүх, прокурорт итгэх ард олны итгэл хэрхэн шал дээр унаж буйг интернэтээр олж мэдсэн нь гарцаагүй.

 


Зөвхөн улсын Ерөнхий прокурор гэхэд долдугаар сарын 1-нд “Цагдаа хүн буудсан” хэмээж буй ч “Хэн буудсныг тогтоож боломжгүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч “Ч.Амарболдыг Дотоодын цэргийн дарга гэдэг утгаар нь яллана” гэж томорсон.

 

Гэтэл долдугаар сарын 1-нд дотоодын цэрэг орж ирээгүй учраас Ч.Амарболдын хувьд Дотоодын цэргийн даргын хувьд ял үүрэх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Нэгэнт л Цагдаагийн ерөнхий газрынх нь даргын хувиар ял үүрүүлэх боломжгүй юм бол Дотоодын цэргийн даргын хувьд бүр ч үүрэхгүй гэдгийг нь Монголын хууль нь өөрөө нотолж буй. Мөн өмгөөлөгчдийг нь барьж хорих тухай Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн шийдвэрийн хувьд ч тэр адилхан. Өнгөрсөн хугацаанд маш олон өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзаж байсан. Тэр тохиолдол бүрт шүүх өнгөрсөн долоо хоногийнх шиг барьж хорих, шийтгэх хэмжээнд асуудлыг хурцатгаж байгаагүй. Харин энэ удаад бол тэгсэнгүй.

 

Үүнийгээ нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа “Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар шүүхэд шаардлага тавьж, улмаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж буйгаа мэдэгдэн, шүүх хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдаж холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

 

Мэргэжлийн өмгөөлөгч хүн ямарч тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалан, хуулийн хүрээнд ажиллах нь өмгөөлөх үйл ажиллагаанд баримтлах нэн тэргүүний зарчим юм” гэж мэдэгдсэн байгаа. Харин Монголын өмгөөлөгчдийн холбоо асуудал хуулийн дагуу болсныг мэдэгдээд “Г.Ганбаатарын өмгөөлөгчид хэрэгтэй танилцах хугацаа өгөөгүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн тохиолдолд хэргийг түтгэлзүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн” гэсэн. Нэг ёсны нийслэлийн Шүүхээс гаргаж буй үйлдэл нь улсын Ерөнхий прокурор “Алуурчныг нь олоогүй ч олсон мэт гэм буруутныг яллах ёстой” гэж зүтгэж буйтай л адилхан болоод байгаа нь энэ.

 

Үүнд Ерөнхийлөгчийн оролцоо байхгүй гэвэл өдрийг шөнө, шөнийг өдөр хэмээн нэрийдсэнтэй адилхан болох биз. Нэг ёсны ардчилсан Ерөнхийлөгч гэх тодотголтой атлаа ардчилсан бусаар асуудалд хандаж, дээрээс удирдан чиглүүлж байгаа нь өөрөө “Н.Энхбаяраас ч аймар Элбэгээ” хэмээн дүгнэхэд хүргэж байна. Тэрбээр нэгэн цагт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар “Шүүхийг Н.Энхбаяр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх бас өршөөн, уучилж хажуудаа татах хэрэгсэл болгож хэрэглэж ирсэн. Тэгж ч байна.

 

Шүүхийн танхимд орохоос өмнө Н.Энхбаярын өрөөнд эсвэл түүний утасны нөгөө үзүүрт асуудал голдуу шийдэгдэж байх магадлалтай” хэмээн хардаж байсан шигээ өөрийнх нь талаар дээрх хардлагыг хийхэд түлхэж буй нь энэ. Үүний ард мэдээж УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг ялуулах замаар өөрөө дахин Монгол Улсын Ерөнхийлөгч болох төлөвлөгөө нь нуугдаж байгаа нь гарцаагүй. Ардчилсан Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлж, ардчиллаасаа ухарна  гэдэг анархист нь анархистаараа үлдэхээс ч аймар гэдгийн бодит үлгэр нь энэ бололтой.

 

Р.Чандмань