sonin.mn

Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхэд олноор өвчилж, эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихэсч байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Баянзүрх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаа. Тус тасаг нь 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 165 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал ихэсч орны хүрэлцээгүйгээс дотоод зохицуулалт хийжээ.

 

Жил бүр 9-11 дүгээр сард бага насны хүүхдийн дунд улирлын чанартай томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсдэг. Энэ жил 10 дугаар сарын эхнээс хүүхдийн амьсгалын замын халдварын өвчлөл эрс нэмэгдэж өрхийн эрүүл мэндийн төв, хүүхдийн түргэн тусламжийн ачаалал ч их байгааг тус эмнэлгийнхэн хэлж байв.

 

Эрүүл мэндийн сайд хүүхдийн эмч мэргэжилтэй, тэрбээр хэд хэдэн хүүхдийг үзэж эмч нарт зөвлөгөө өгөв. Сайд хэлэхдээ өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлэх боломжтой хүүхэд их хэвтэж байгааг анхаарах, өрхийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай болон эмчилгээ оношлогооны стандарт удирдамжуудыг баримтлах нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах гол түлхүүр гэдгийг анхаарууллаа.

Дээрх асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ-ны Хүүхдийн анагаахын мэргэжлийн зөвлөл, Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн зөвлөл, Өрхийн эмч нарын холбооны мэргэжилтнүүдтэй уулзаж, томуу, томуу төст өвчний дэгдэлт гарах эрсдэл болон олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх сурталчилгааг зохион байгуулах үүрэг өгөв.