sonin.mn
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хар тугалгаар бохирдсон усыг илрүүлэх хурдан шуурхай бөгөөд хямд өртөг бүхий аргыг олсон 11 настай сурагч охин Америкийн "хамгийн шилдэг залуу эрдэмтэн судлаач" болжээ.
 
Өөрсдийн олсон санаагаа улам бүр боловсронгуй болгохоор гурван сарын турш эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан, сүүлийн шатанд тунаж үлдсэн 10 хүүхдээс Гитанжали Рао хэмээх 11 настай охин шилдгээр шалгарсан байна.
 
Тэрбээр усанд хар тугалга агуулагдаж буй эсэхийг олж илрүүлэх нүүрстөрөгчийн нанотөхөөрөж зохион бүтээсэн аж.
 
АНУ төдийгүй дэлхийн олон улс орны ундны усанд хар тугалга агуулагдаж байна гэсэн мэдээлэл байдаг билээ.
 
АНУ-ын Мичиган муж улсын Флинт хотод 2014-2015 онд хар тугалгатай ус уусны улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Гитанжали Рао охин дээрх төхөөрөмжийг бүтээхээр шийдсэн аж.
 
Энэ төхөөрөмжөө улам боловсронгуй болгож, зах зээлд гаргахыг хүсэж буйгаа генетикч эсвэл халдварт өвчин судлаач болохыг мөрөөддөг Гитанжали Рао охин илэрхийлсэн байна.
 
“2017 оны шилдэг залуу эрдэмтэн судлаач”-аар тодорсон тэрбээр 25 мянган долларын мөнгөн шагнал авсан гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг