sonin.mn
“Цөм” сургалт судалгааны төв нь жил бүр зохион байгуулдаг 9, 12 дугаар ангиа төгсөж байгаа сурагчдад зориулсан”Миний сонголт – Монголын ирээдүй” нэртэй мэргэжлээ зөв сонгох форумын талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд 800 орчим сурагч хамруулан Төрийн ордонд ирэх бямба гаригт болох юм байна. Мөн 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй сурагч, үндэсний хувцаараа гоёж оролцохоор болжээ.
 
Жилд 500 мянга орчим сурагч ерөнхий боловсролын сургууль төгсдөг. Тэдгээр сурагчид мэргэжлээ сонгохдоо найз нөхдөө дуурайж, нэр хүндтэй болж болох, цалин өндөр байх зэргийг харж өнгөцхөн мэргэжлээ сонгодог. Сонгосон мэргэжлээрээ төгссөний дараа тэдний 30 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа гарчээ. Мөн мэргэжил сонгохдоо эцэг эхийн үгэнд орж сонирхолгүй чиглэлийн мэргэжлээ сонгох, нэр хүндтэй сургуульд орж байвал мэргэжил хамаагүй гэж ойлгох, эсвэл биед амар ажил мэргэжлийг сонгох зэрэг түгээмэл алдаа гаргадаг. Тиймээс сурагчдад зөв ойлголт өгөх зорилготой форум ажээ. Манай оронд эдийн засгийн бус, ХАА-н салбарын мэлгэжил илүү эрэлттэй байдаг гэнэ. “Цөм” сургалт судалгааны төвийн багш Я.Батсүрэн “Хүн мэргэжлээ зөв сонгоно гэдэг бол насан туршийн ханиа сонгож байна гэсэн үг. Толгойд байгаа мэдлэг, олж авсан боловсрол нь хүний насан туршийн баталгаа болно” гэсэн юм.
 
М.Баасандэлгэр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин