sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/. Зүүн өмнөд Азид “онц аюултай хумхаа” өвчин маш хурдацтай тархаж байгаа нь дэлхий нийтийг түгшээж байна гэж эрдэмтэд анхааруулсныг "Би-Би-Си" агентлаг уламжиллаа.
 
Энэхүү аюултай хумхаа өвчний шимэгч хорхойг хумхаагийн эсрэг гол гол эм устгаж чадахгүй байгаа юм. Энэ өвчин эхлээд Камбожид гарч, түүнээс хойш Таиланд, Лаос, Вьетнамын өмнөд хэсэгт тархаад байна.
 
Таиландын нийслэл Бангкок хотод ажиллаж байгаа Оксфордын Халуун орны эмийн судалгааны хэсгийн судлаачид энэхүү гоц аюулт хумхаа өвчнийг эмчлэх аргагүй үнэхээр аюултай байдалд орлоо гэж анхааруулсан байна.
 
Жил бүр 212 сая орчим хүн хумхаа өвчнөөр өвдөж байна. Энэ өвчнийг шимэгч хорхой үүсгэдэг бөгөөд шумуулаар дамжин тархдаг. Уг өвчин голчлон хүүхдийн амь насанд аюул учруулж байна. Хумхаа өвчний хамгийн эхний эмчилгээнд артемизининыг пиперакинтай хавсарган хэрэглэдэг юм байна. Гэхдээ одоо артемизинин үр дүнгүй болж, уг өвчний шимэгч хорохой пиперакиныг ч мөн эсэргүүцдэг болж аюултай байдалд хүрээд байгаа юм.
 
Вьетнамд энэ өвчнөөр өвчлөгсдийн гуравны нэг хувьд нь эмчилгээ үр дүнгээ өгөөгүй бол Камбожийн зарим мужуудад эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 60 орчим хувь нь үр дүнгүй болсон байна. Нийт хумхаа өвчнөөр өвчилсөн тохиолдлын 92 хувь нь бүртгэгдсэн Африк тивд эмэнд тэсвэртэй байдал гамшгийн хэмжээнд хүрээд байна.
 
Халдварт өвчний, түүний дотор хумхаа өвчний эсрэг эм үйлчлэхгүй болж байгаагийн улмаас 700 мянга орчим хүн нас барсан байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд ийм шалтгаанаар нас барагсдын тоо сая хүртэл өсч магадгүй байгаа ажээ. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг