sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2017.09.14/ Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарыг БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар хүлээн авч уулзан, баяр хүргэн, улам сайн суралцаж амжилтаа ахиулж өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохыг хүслээ.
 
Энэ үеэр салбарын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар сурагчдад нэн эрэлт хэрэгцээтэй номнууд гардуулж, хамтдаа зургаа авахууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд 6 төрлийн хичээлээр 40 орчим багш, сурагч Олон улсын олимпиадад оролцон оюун ухаанаа сорьсноос 10 сурагч медальт байрт шалгарсан юм. 
 
 
Өнгөрсөн хичээлийн жилд Олон улсын төрөлжсөн олимпиадад математик (Бразил), физик /Жакарта/, хими /Тайланд/, биологи (Англи), газар зүй/Серби/, мэдээлэл зүй /Иран/ хичээлээр дэлхийн зургаан улсад зохион байгуулсан олимпиадад манай сурагчид ийнхүү амжилттай оролцжээ.
 
Олон улсын олимпиадад оролцогчдын замын зардалд БСШУС-ын сайдын 2017 оны А/07 дугаар тушаалаар 124.9 сая төгрөг зарцуулсан байна. Энэ өдөр сурагч С.Цэнд-Аюуш, Б.Алтангэрэл, Н.Эрхэс, Д.Дөлгөөн, Л.Оюунтөгс, Б.Амарболд, Э.Гарьд болон  багш Г.Баярмагнай, Ү.Отгонбаяр, С.Цэнд-Аюуш, Х.Санжаахүү, Д.Улам-Оргих, Х.Балт-Эрдэнэ нар салбарын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарт өөрсдийн санал сэтгэгдлээ хэлж, цаашдын зорилтын талаар ярилцсан юм.  
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг