sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. Үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын эсрэг аюулаас хамгаалах хүчнийхэн нь цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Мьянмарыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эрс зэмлэн буруушаахын сацуу рохинжачуудын нөхцөл байдалд ихээхэн сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлснийг Их Британийн “Ройтерс” агентлаг уламжиллаа.
 
Хүн амынх нь дийлэнх хувийг лалын шашинтнууд эзэлдэг Бангладеш улсад Мьянмарын баруун нутгийн Ракхайн мужаас 370  мянга орчим рохинжа хүн дүрвэж очоод байгаа ажээ. Тэд рохинжа босогчдын бүлэглэлүүд болон засгийн газрын хүчнийхэн хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин дайжсан нь энэ юм. Мьянмарын хүн амын дийлэнх хувийг буддын шашинтнууд эзэлдэг билээ.
 
НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мьянмарын Засгийн газрын үйлдлийг “үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа” гэж тодорхойлсон юм. Мьянмарын Засгийн газрыг дэлхий нийтээрээ эрс шүүмжилж байна.
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр Мьянмарын асуудлаар хаалттай хуралдаан хийсэн байна. Уг хуралдааны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Мьянмарын нөхцөл байдал болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөр бол олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй хамгийн их анхаарал татсан асуудлууд юм” гэжээ.
 
Цэргийн ажиллагааг зогсоож, хүчирхийлэлд цэг тавьж, хуулийг дээдэлж, эх орноосоо дайжсан хүмүүст эргэж ирэх нөхцөл бүрдүүлж өгөхийг Мьянмарын Засгийн газарт НҮБ-ын тэргүүн уриалжээ.
 
Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи энэ сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох төлөвлөгөөгөө цуцалсныг тус улсын Засгийн газар өчигдөр мэдэгдсэн билээ.
 
Дипломат эх сурвалжуудын хэлснээр, Мьянмарт хүний эхийг ноцтой зөрчиж байгаад хариуцлага хүлээлгэхийн тулд Нобелийн Энх тайвны шагналыг нь хурааж авахыг шаардаж буй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор хатагтай Ан Сан Су Чи дээрх шийдвэрийг гаргасан байж магадгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг