sonin.mn
ТОКИО./TASS/. Японы “IHI Corporation” компани ойрын үед далайн усны урсгалаас цахилгаан эрчим хүч гарган авах зориулалттай дэлхий дээрх анхны төхөөрөмжийг туршихаар төлөвлөж байгаа тухай “Asahi” сонинд мэдээлжээ.
 
Туршилтыг энэ оны 8 дугаар сард Кагошима мужийн Күтиношима арлын орчимд явуулж, Күрошио урсгалын /Японы урсгал/ хүчийг ашиглах хийх ажээ. Уг туршилтад Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийг хөгжүүлэх байгууллага /NEDO/ оролцох юм.
 
“Кайрю” хэмээх уг систем нь тус бүр 20 м-ийн урттай гурван металл төмөр цилиндрээс бүрддэг байна. Хоёр цилиндр нь хоёр үзүүртээ тус бүр 11 м урт сэлүүр бүхий генератороор тоноглогджээ. Эдгээр генераторууд нь далайн усны урсгалын хүчээр эргэлдэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн гаргах ба нийт хүчин чадал нь 100 кВт аж. “Кайрю” төхөөрөмжийн гуравдахь цилиндр нь системийг бүхэлд нь усанд живүүлэхгүйгээр хөвүүлэх үүргийг гүйцэтгэдэг байна. Төхөөрөмж бүхэлдээ усны дор 30-50 м-ийн гүнд байрлах ба кабель утсаар дамжуулан хуурай газартай холбох аж.
 
Одоогийн байдлаар Европ болон зарим бүс нутгуудад далайн түрлэгийн цахилгаан станцыг хэдийнэ ашиглаад эхэлсэн ажээ. Гэхдээ дээрх төхөөрөмжийн зохион бүтээгчдийн үзэж байгаагаар, “Кайрю”-г туршсан явдал нь далайн усны урсгалын хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бүрэн хэмжээний анхны туршилт болох гэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр суурилсан эрчим хүч үйлдвэрлэх уг системийг “IHI Corporation” корпораци 2020 он гэхэд арилжааны зорилгоор үйлдвэрлэж эхлэх аж. 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг