sonin.mn
ЖЕНЕВ. /Xinhua/.  Хэдийгээр сүүлийн 10 жилийн хугацаанд ДОХ-оор нас барсан хүмүүсийн тоо бараг хоёр дахин буурч, ДОХ-ын вирусээр халдварласан тохиолдлын тоо болон уг өвчний тархалтын хурдац удааширч байгаа боловч 2010-2016 оны хооронд зөвхөн Зүүн Европ болон Төв Азид  шинээр халдвар авсан хүмүүсийн тоо болон уг өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо өссөн хэвээр байна гэж НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрөөс пүрэв гарагт анхааруулсан байна.
 
2005 оноос авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх кампанит ажлын хүрээнд ихээхэн ахиц дэвшилд хүрсэн хэдий боловч Зүүн Европ болон Төв Азид шинээр халдвар авсан тохиолдлын тоо өссөн хэвээр байна.
 
2010 онд хар тамхи хэрэглэх явцад халдвар авсан 120 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2016 онд энэ тоо 190 мянга болж 42 хувиар өссөн байна гэж пүрэв гарагт нийтлэгдсэн дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх кампанит ажлын талаарх хамгийн сүүлд гаргасан тайланд дурджээ.
 
Дундад Ази болон Хойд Африкт ч мөн адил ДОХ-той тэмцэх ажил сул байгаа бөгөөд дээрх хугацаанд ДОХ-оор нас барсан хүмүүсийн тоо 48 хувиар өссөн байна. Тухайн бүс нутгуудад амьдарч байгаа ДОХ-той хүмүүсийн тал хувь нь ДОХ-оор өвчилсөн гэдгээ мэддэг, мөн тэдний талаас бага хувь нь л эмчилгээнд хамрагддаг ажээ. 
 
2005 оноос хойш ДОХ-оор нас барагсдын тоо бараг хоёр дахин буурч, дэлхий даяарх вирусийн халдвар авсан бүх хүмүүсийн тал хувь нь эмчилгээнд хамрагдаад байгаа энэ үед Дундад Ази, Хойд Африк, Зүүн Европ, Төв Ази дахь нөхцөл байдал үнэхээр сэтгэл гонсойлгож байна.
 
Пүрэв гарагт гаргасан тайланд ДЭМБ-аас өөр нэгэн анхааруулга хүргүүлсэн байна. Энэ нь ДОХ-ын вирусийн эсрэг эм үйлчлэхгүй байх явдал олонтоо гарч байгаа явдал юм. Африк, Ази, Латин Америкийн 11 оронд судалгаа хийж үзэхэд 6 улс дахь ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 10 гаруй хувьд нь ДОХ-ын вирусийн эсрэг өргөн хэрэглэгдэж байгаа эм үйлчлэхгүй байсан ажээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж:Монцамэ агентлаг