sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн CNN телевизийн сувгийн гурван ажилтан Америк-Оросын бизнесменүүдийн уулзалттай холбоотой нийтлэл бичсэнийхээ төлөө ажлаасаа халагдахад хүрчээ. Энэ тухай даваа гарагт CNN-ийн албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ. 
 
“CNN.com” цахим хуудсанд байршуулсан нийтлэлээ устгасны дараа CNN-ийн удирдлага уг нийтлэлтэй холбоотой гурван ажилтныг халах тухай шийдвэр гаргасан” гэж тус телевизийн сувгийн албан ёсны төлөөлөгч хэлсэн байна.
 
Дотоодын мөрдөн шалгалтын дүнд, дээрх материалыг бэлтгэх явцад эх сурвалжаа зохих ёсоор шалгаж нягтлаагүй зөрчил гаргасныг тогтоожээ. Уг өгүүллийг бичсэн Томас Фрэнк, редакторлосон Эрик Лихтблау мөн хэлтсийн дарга Лекс Харис нар ажлаасаа халагдахад хүрсэн байна. 
 
6 дугаар сарын 22-ны өдөр CNN телевиз дээрх материалыг нийтэлсэн ба уг материалд эх сурвалжийг иш татан Америкийн санхүүч Энтони Скарамуччи, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзсан талаар өгүүлжээ.
 
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Конгрессын Сенатын тагнуулын тусгай хороо мөрдөн шалгалт явуулж,  2014 онд Украинд болсон үйл явдалтай холбоотойгоор Оросын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээ удахгүй зөөлрөнө гэсэн мэдээллийг Э.Скарамуччи Оросын бизнесменд өгсөн эсэхийг нягтлан тодруулах гэж байгаа аж. 
 
CNN дээрх нийтлэлээ устгаж, Америкийн санхүүчээс уучлалт гуйжээ.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг