sonin.mn
КАТМАНДУ. /ВВС/. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн алдартай гарц гишгүүр нуржээ. Ингэснээр дэлхийн ноён оргил руу уулчид авирахад өмнөхөөс илүү аюултай болж байна.
 
Уулчдын ярьснаар, 2015 онд Балбад хүчтэй газар хөдлөлт болох үеэр Эверестийн “Хилларигийн шат” гэдэг нэртэй уг гарц эвдэрч нурсан бололтой.
 
12 м өндөр, бараг эгц босоо хад нь Эверестийн нурууны зүүн өмнөд хэсэгт байдаг байсан бөгөөд уулчдын хувьд оргилд авирахын өмнөх хамгийн сүүлчийн сорилт болдог байлаа.
 
1953 онд Шинэ Зеландын алдарт уулчин Эдмунд Хиллари анх энэ гарц гишгүүрээр дамжин Эверестийн оргилд гарсан учир түүний нэрээр нэрлэсэн аж.
 
Их Британийн уулчин Тим Моседейл энэ сарын 16-нд Эверестэд авирсныхаа дараа “Хилларигийн шат” нурсан тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг