sonin.mn
Академич Шаравын БОЛД
 
Дэлхийд нэрд гарсан Харвардын Анагаах ухааны сургуулийн “The Training to Teachers” (Т2Т) есөн сарын хөтөлбөр Монгол Улсад хэрэгжихээр болсон сайхан мэдээг сонсоод сэтгэл дотроо тун их олзуурхаж байлаа. Гэтэл удалгүй уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орж ажиллахаар болж хөтөлбөрийн мөн чанар, ач холбогдлыг илүү гүн мэдэх боломж олдсоны зэрэгцээ өөрт төрсөн сэтгэгдэл, энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүс ямар мэдлэг, чадвар цаашлаад нэр хүнд олж болох талаар санал, бодлоо хуваалцахаар шийдлээ. “The Training to Teachers” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургууль (хуучин Монос дээд сургууль) болон Харвардын Анагаах ухааны сургуулийн хооронд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулж, Монгол Улсын БСШУСЯ дэмжин ажиллахаар тохиролцов. Хөтөлбөрийн үндэсний зохицуулагчаар “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар сонгогдон, Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургууль, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ хамтран гардан хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна.  
 
ХҮСЭЛ БИЕЛЭЭГҮЙ Ч МӨРӨӨДЛӨӨ ОРХИОГҮЙ
 
1990 оны эхээр АУИС-ийг дөнгөж төгсөөд ЭМЯ-д мэргэжилтэн сонгон авах шалгаруулалтад тэнцэн ажилд ороод удаагүй байтал газрын дарга маань дуудаад АНУ-ын Харвардын Анагаах ухааны сургуулийн “Нийгмийн эрүүл мэнд”-ийн хоёр жилийн магистрын сургалтад суралцуулах боломж олгосон албан бичиг ирсэн байна. Залуу хүний хувьд шаардлагыг нь хангавал яам чамайг дэмжээд явуулна гэлээ. Би ч уг бичгийг аваад бараг л явчихсан юм шиг л баярлалаа. Тэр үед Харвардын их сургууль гэж алдартай сургууль байдгийг дуулснаас цаашгүй ч АНУ, Харвард руу явна гэхээс хөл газар хүрэхгүй байлаа. Гэтэл удалгүй ихээхэн бэрхшээл гарч эхлэв. Юуны өмнө ирсэн бичгээ англиас монгол хэлээр орчуулах шаардлагатай болов. Миний хувьд тэр үед англи хэлний цагаан толгой ч мэдэхгүй нэгэн байв. Тэгээд ойрхон байдаг Гадаад харилцааны яам руу очиж англи хэл мэддэг хүн олж уулзан гол утгыг нь орчуулуулж ойлгож авлаа. Биднийг АУИС төгсөж байхад АУИС-ийн гол гадаад хэл нь орос хэл байлаа. Философи, намын түүх, ШУКО, диалектик материализмийн хичээлээс бусад мэргэжлийн хичээл орос хэлээр, уламжлалт анагаах ухааны ангийн гол хичээлийг төвөд, монгол бичгээр зааж байв. Эдгээр нь одоо түүх болон үлджээ. Харвардын Анагаах ухааны сургуулийн “Нийгмийн эрүүл мэнд”-ийн магистрын сургалтын үндсэн шаардлага нь англи хэлний TOEFL шалгалт өгөх хэрэгтэй байсан юм. Яг үнэнийг хэлэхэд тэр үед TOEFL гэдэг товчилсон үгийн утгыг ч мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгээд Гадаад харилцааны яам руу дахин очиж нарийн учрыг нь ойлгож аваад TOEFL-ийн 500 оноо авна гэдэг бүтэшгүй ажил болохыг мэдэж, ирсэн бичгийг нь аваад өнөөг хүртэл хадгалж явна. Харвардад сурах хүсэл биелээгүй ч мөрөөдсөөр өнөөг хүрчээ. Гэтэл эх орондоо Харвардын Анагаах ухааны сургуулийн Т2Т хөтөлбөрт есөн сар суралцах боломж олдож байна. Би л лав үүнийг алдахыг хүсэхгүй.                        
 
  ТӨГССӨН СУРГУУЛИЙН НЭР ХҮНД ЧУХАЛ УУ?
 
Ямар сургууль төгссөн нь чухал биш. Ямар мэдлэг олж авсан нь чухал гэж хэлцдэг. Гэвч гадаадын зарим оронд сургуулийн нэр хүнд чухал байдаг байна.
 
Миний бие ДЭМБ-ын “Эрүүл мэндийн удирдах ажилтны дээд курс” гэж монголчилж болох курст суралцах боломж олдож ДЭМБ-ын бүсийн төв оршдог Филиппин Улсын Манила хотыг 1999 оны сүүлээр зорьлоо. Тэнд очиход БНХАУ, Япон, БНСУ, Монгол Улс гэх мэт найман орны 20 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүд цуглан суралцаж байв. Ихэнхдээ л тухайн орны ЭМЯ-ны хэлтсийн дарга, түшмэдүүд, эрүүл мэндийн томоохон төвийн удирдах ажилтнууд байлаа. БНСУ-аас ЭМЯ-д гурван өөр хэлтэс толгойлдог гурван хүн иржээ. Хэдийгээр албан тушаалын төвшин адилхан ч Янг гэдэг нөхрийг нөгөө хоёр нь ихэд хүндэлж харьцана. Нас ойролцоо, ижил төвшингийн албан тушаалтай, адилхан дээд боловсролтой байж нэгийгээ арай илүү бүр илт хүндлээд байгаа нь сонин санагдав. Тэгээд нилээд ойртож дотно болсны дараа энэ байдлыг асуухад Янг бол Сөүлийн үндэсний их сургууль төгссөн харин бид хоёр Кореа их сургуулийг төгссөн. Сөүлийн үндэсний их сургууль бол Солонгостоо нэг номерт, манай сургууль гуравт ордог. Тиймээс бид илүү хүндлэл үзүүлдэг хэмээн хэлсэн юмдаг.
 
Дэлхийд нэр хүндээрээ эхний 10-т ордог их сургуульд суралцсан хүмүүс ажилд орох, удирдах албан тушаал хаших, карьер ахих боломж өндөр байдаг нь нотлогджээ. Тэр дундаа Харвардыг төгсөнө гэдэг нь хамгийн том шалгуурын нэг юм. Манай улсад ч үүний баталгаа болсон эрхмүүд байна. Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Алтай холдинг” ком­па­нийн ТУЗ-ийн дарга Б.Бат­түшиг нарыг дурдахын зэрэгцээ гадаадын нэр хүндтэй компани, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуульд ажиллаж байгаа хүмүүс гээд бүгд л сайн явна. Үнэхээр саяхан хүртэл Харвардын их сургуульд суралцах нь биелэшгүй мэт санагддаг байсан. Гэтэл одоо уг сургуульд таван монгол оюутан суралцаж байна.
 
Харвардын сургуулиудын багш нар хичээлийн эхний өдрөөс эхлээд л “-Та нар Харвардад байгаа учраас, Принстон, Станфорд юу юм!…” гээд л лекцээ эхлүүлдэг юм билээ” (http://www.khongi.com) гэж бичснийг олж уншсан. Энэ нь нэг талаас хэт бардам, таагүй  илэрхийлэл боловч цааш ухан ойлговол бодох юм бас бий гэж ухаарч байна. Ямар ч байсан Харвардын Анагаах ухааны сургуулийн Т2Т хөтөлбөрт суралцах нь алдаж болохгүй “Алтан” боломж энэ удаа бидэнд олдож байна. Цаашид хэн болох нь Танаас бас шалтгаална.    
 
ИХ СУРГУУЛИЙН ҮНЭЛЭМЖ
 
Харвардын их сургуулийн төгсөгч, богино хугацааны суралцагсдаас 76 эрдэмтэн, урт хугацаагаар ажилласан 41, богино хугацаагаар ажилласан 34 судлаач Нобелийн шагнал хүртэж, Пулитзерийн 38 шагналтан төрөн гарчээ. Энэ нь уг сургуулийн хамгийн том үнэлгээ юм. Одоохондоо манай улсын их, дээд сургуулийн эрдэмтэд, судлаачдаас Нобелийн шагналтан төрөөгүй байна. Яваандаа төрнө гэдэгт эргэлзэх хэрэгггүй. 2017 оны байдлаар АНУ-д Хүмүүнлэгийн болон Шинжлэх Ухааны Америкийн Академийн 228 гишүүн байгааг зарласан бөгөөд эдгээрийн дотор Харвардын их сургуулийн харьяа 13 гишүүн байна. Харвард бол дэлхийн хэмжээний эрдэмтэд, судлаачдаас бүрдсэн академик институт. Академик институтыг академичид л “чирж” явдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Манайд байдал ямар байна вэ? Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн академичид хамгийн олноороо ажилладаг сургуульд: МУИС, ХААИС, ШУТИС-иуд орж байна. Анагаахын их сургуулиудаас АШУҮИС, Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургууль (хуучин “Монос” дээд сургууль), “Ач” АУИС-д тус бүр хоёр академич ажиллахын зэрэгцээ ШУА-ийн харьяа төрөлжсөн байгууллага Монголын Анагаах Ухааны Академийн гишүүдээс АШУҮИС-д 13, “Ач” АУИС-д найм, Эмзүйн Шинжлэх Ухааны Их сургуульд зургаан эрдэмтэн удирдах албан тушаал хашиж, хүрээлэн, тэнхмийн эрхлэгч, төслийн удирдагч хийж, лекц уншиж байна.
 
Т2Т ХӨТӨЛБӨРӨӨР ЯМАР МЭДЛЭГ, ЧАДВАР ОЛЖ АВАХ ВЭ?
 
Т2Т нь есөн сар үргэлжилдэг, анагаахын их, дээд сургууль, коллеж, клиникийн эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын залуу багшаас туршлагатай профессорууд,  анагаах ухааны дээд боловсролын салбарт багшлахыг хүссэн эмч нарт зориулсан онлайнд суурилсан холимог хөтөлбөр юм. Хөтөлбөрийн агуулга 9 модулаас бүрдэнэ. Үүнд: 1. Сургах ба суралцах; 2. Лекц унших урлаг; 3. Хөтөлбөрийн хөгжил; 4. Орчин цагийн сурган заах аргын стратеги-1; 5. Орчин цагийн сурган заах аргын стратеги-2; 6. Нотолгоонд суурилсан олон талт заах арга, удирдахуй ба мэргэжлийн ур чадвар; 7. Эмнэлзүйн сургалт; 8. Үнэлгээ, эргэх холбоо; 9. Анагаах ухааны боловсролын судалгаа зэрэг болно. Сургалтын эхэнд дөрвөн хоног, сургалтын төгсгөлд тав хоног Харвардын Анагаах ухааны сургуулийн багш нар ирж семинар зохион байгуулна. Онлайн лекц нь долоо хоногийн долоон өдөр, өдөр бүр 24 цагаар тавигдсан байна. Видео бичлэгүүд нь веб платформ дээр төгссөнөөс хойш нэг жил хадгалагдана. Суралцагсад сургалтын явцад Харвардын их сургуулийн албан ёсны цахим хаяг эзэмших, цахим номын санд нэвтрэх эрх авах, багш, судлаач нартай холбоо тогтоох боломжоор хангагдана. Т2Т хөтөлбөрийг дуусгаж, шалгалтаа амжилттай өгсөн төгсөгчид Харвардын Анагаах ухааны сургуулийн гэрчилгээ авч, Харвардын их сургуулийн төгсөгчийн статустай болно.
 
Энэхүү хөтөлбөрт суралцсанаар анагаах ухааны орчин цагийн боловсрол, сурган заах арга болон сургалтын технологийн шинэчлэлийн талаарх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг мэдлэг, чадварыг олж авна. Түүнчлэн сургалт ганцаарчилсан болон багийн гэсэн хэлбэрээр, судлахууны гүнд орох, үзэл бодлоо бүтээлчээр уралдуулах аргаар явагдана.
 
Хэрвээ бүтээлчээр сэтгэхийг хүсвэл өөрийнхөө сэтгэлгээг чөлөөтэй илэрхийлэхэд суралцах хэрэгтэй байдаг. Шинжлэх ухааны аргыг тодорхойлсон стандарт байдаггүй ч ажиглалт, төсөөлөл, таамаглал, туршилт гэсэн дөрвөн язгуур хэсэг буйг тогтоосон. Ялангуяа шинжлэх ухаанд төсөөлөл, таамаглалд цэлмэг хөх огторгуйд нисэх мэт эрх чөлөөг олго хэмээдэг. Харин дараа нь  түүнийгээ газарт буулгаж жинхэнэ бүтээл болгоно. Энэ бол Харвардын Анагаах ухааны сургуулийн Т2Т хөтөлбөрийн мөн чанар юм.
 
Эцэст нь хамгийн чухал асуудал бол сургалтын төлбөр байх нь зүйн хэрэг. 2014 онд Харвардын их сургуулийн найм хоногийн “Мэргэшүүлэх хөтөлбөр”-т 9500 ам доллар төлөөд суралцах тухай зар их явсан даа. Хэрвээ Харвардын Анагаах ухааны сургуульд очиж есөн сар суралцая гэвэл чамгүй зардал гарна. Харин Монголд бол 2500 ам.доллар төлөөд суралцана. Ийм боломж тэр бүр олдохгүй болов уу?.
 
Эх сурвалж "Зууны мэдээ" сонин