Үзэмчин уртын дууны түүхээс

Нийтэлсэн: 2017-03-06 12:58:00

 1600 гаруй жилийн өмнө Үзэмчидийн дээдэс Алтай Хангайгаас нүүж ирсэн гэдэг.

“Их богд Булган хангай” гэдэг дуу нь яг энэ үед зохиогдсон учир тухайн үеийн нутаг байгаль, хүн ардын онцлог төрхийг тусгасан байдаг. Энэхүү уртын дуу нь Үзэмчин нутагт уламжлагдан ирээд энэ нутгийн төрийн гурван дууны нэг болсон байна.

Одоогийн Үзэмчин баруун хошуунд “Богд Чингис”, “Амгалант төрийн товчоо”, “Их богд Булган хангай” зэрэг гурван дууг төрийн гурван дуу гэдэг. Тиймээс тус гурван дууг энгийн цагт дураараа дуулдаггүй бөгөөд эмэгтэй хүн дуулахыг хориглодог байжээ.

“Жороон жороо улаан” хэмээх уртын дуу. Тус дууг Үзэмчин баруун хошууны ван Сономравдангийн авга, том яруу найрагч Дүнхэр агь хэмээх хүн зохиожээ. Түүхийг нь ярихад Үзэмчин баруун хошуунд долоон жил дараалан их зуд, хүн малын өвчин, үер усны гамшиг болжээ. Уг гамшгийн талаар баруун газраас асуулгаж, мөн хошуу нутгаа даатгахаар Үзэмчин ван Сономравдан, авга болох Дүнхэр агиа явуулжээ. Ингээд Дүнхэр агь хөх бүрээстэй, алтан гандиртай хам тэргэндээ жороо улаан морь хөлөглөөд сүр дуулиантай явжээ.

Мөн тэрэгчнээ Манж Чин улсын ноёд түшмэдийн тэрэг барьдаг хүнтэй адилхан тоорцог малгай, оодон хувцас, шар шаахай өмсүүлж, туушан бариулаад явжээ. Үүний хамт хөсөг, арваад тэмээ ачаа, хэдэн арван цэрэг дагалдан явжээ. Тэгээд баруун газрыг зориод явж байтал нэг өдөр Дүнхэр агийн хөллөсөн морь үргэж хөглөжээ. Ингэхэд тэрэгчин нь морио гуядаад улам ширүүн давхиулсанд оройн бууцандаа буух үед мөнөөх жороо улаан нь хүч тэнхээ муудаж сульджээ. Тэгээд тэндээ хоноглоод аянчид бүгд унтахад Дүнхэр агь майхандаа лаа асаагаад үзэг цаас нийлүүлэн удтал суужээ. Маргааш өглөө аян жин хөдлөх үед Дүнхэр агь морин тэргэндээ суугаад өчигдөр шөнийн бичсэн шүлгэндээ өөрөө цээжээр ая тааруулж, намуухан хоолойгоор ингэж дуулжээ. “Жороогийн жороо улаанаа, Жолоог нь татасхийгээд яваарай, Зорьсон газар чинь хол шүү, Зоригоо битгий мохоорой. Талын хөндий нь уужуу шүү, Татаж тавьж яваарай, Танихгүй хүн чинь хартай шүү, Сэрэмжтэйхэн яваарай.

Уулын хөндий нь уужим шүү, Угчиж татаж яваарай, Уулзаагүй хүн чинь хартай шүү, Сэрэмжтэйхэн яваарай” хэмээн дуулжээ. Дараа нь гэрээ ачаад аян жингээс хоцроод ирсэн хүн уг дуун дээр бас нэг хэдэн бадаг нэмээд ингэж дуулжээ. “Гүмбэн гэдэг чинь хол шүү, Гурван сарын газар шүү, Гүмбэндээ мэнд л хүрэхийг Гүмбэний Чойжин өршөө, Андуй гэдэг чинь хол юм шүү, Арван сарын газар шүү, Андуудаа мэнд л хүрэхийг Андуйгийн Чойжин өршөө, Зуу гэдэг чинь хол шүү, Зургаан сарын газар шүү, Зуудаа мэнд л хүрэхийг Зуугийн Чойжин өршөө” хэмээн дуулсан гэдэг.

“Үүр сүүлт” хэмээх дуу ч Үзэмчин нутгийн домог түүхтэй дуу юм. Тус дуунд “Үүр сүүлт үрээ морь нь Үзэмчин гүүний унага юм аа, Үсээ тавьсан бүсгүй дүү минь үзэгдэж байх уулын хаагуурхан байна уу даа” гэж дуулдаг. Дээхэн үедҮзэмчиний нэгэн хархүү Халхын баяныд зарцлагдаж байжээ. Энэ үед Үзэмчин хархүү Халх баяны үзэсгэлэнт охинд дурлаж, тэр хоёр хайр сэтгэлтэй болжээ.

Халхын тэрхүү баян Үзэмчин хархүүд ажлын хөлс хэмээн нэгэн даахьтай бор даага өгч, “Энэ даахьтай бор дааганы сүүл нь борвиндоо хүрсэн цагт чи эргээд хүрээд ир” гэжээ. Тэгээд мөнөөх Үзэмчин хархүү нутаг буцаж, хэдэн жилийн дараа эргээд Халх баяныд ирэхэд сэтгэлийн хайртай бүсгүй нь өөр эрд гарах гээд хурим найр болж байжээ. Ингээд Үзэмчин хархүү хурим найрын ширээний баруун өмнө захад сууж, “Үүр сүүлт үрээн морь нь Үзэмчин гүүний унага юм аа, Үсээ тавьсан бүсгүй дүү минь үзэгдэж байгаа уулын хаагуурхан байна уу даа” гэж дуулаад сэтгэлийн хайртай бүсгүйгээ морин дээрээ сундлуулаад нутаг руугаа явсан гэдэг.

Монгол нутгийн уул тал, хангай хөндийн цас манаран сэргэж, монгол хүний уужуу тайван сэтгэл уртын дуундаа уяран сэргэдэг.

Зохиогч:    Арвинтал
Найруулагч:    Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:    Солонго мэдээллийн төв

СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. zurgaan zuugaad jiliin umnu nuusen bh 1600 aad onii uyd bas bj magadgui

    Зочин, 2017-03-10 11:18:55, 202.9.43.186Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: