Нисваанисын таван хорын гэм

Нийтэлсэн: 2017-03-03 09:40:00

Нисваанисын таван хорын хоёр дахь гэм хор болох  “Шунал тачаал”
 
Нисваанист таван хорын хоёр дахь нь тахиа язгуурт төлөөлөлтэй хүсэл шунал тачаал нь хүмүүсийн өдөр тутам үйлдэж байдаг арван нүглийн шалтгаан болох ертөнцийн хуурамч амьдралд ханахгүй,таньж мэдээгүй сэтгэлийн гэм юм.
 
Шунах сэтгэхүй нь өөрийн хэрэгцээнээс илүүг бий болгох хувийн эрх ашгийг бусдаас дээгүүрт тавьдаг тэргүүтнээрээ Бурханы номлолд харшилдаг. Энэ нь олон хэлбэр өнгө аястай ч эцсийн дүндээ эзнээ хорлоход хүргэдэг. Хүн жаргалтай сайхан амьдрах гээд зовлонг бүтээдэг, хүсэл зорилгоо бүтээхдээ буруу үйлдэл хийж, эхэндээ болж буй мэт боловч эцэстээ бүтэлгүйтэх нь бий. 
 
Аливаа хун нийгэм, хамт олон, гэр бүл зэргийнхээ тус дэмээр амьдардаг ч тэднийхээ эрх ашгийг хохироосон үйлдлээрээ гэмт хэрэгтэн болох ч бий. Хүсэл шуналын сэтгэлд хэт автагдсан хүн шөнө ч хүрэхгүй, буруу булхайг СЭДЭЖ үүсгээд түүндээ өөрөө хорлогдох нь олон. Шунал ихэдвэл шулам болно гэдэг. Аливаа юм хэмжээтэй, хэмжээ нь ихэдвэл хамгийн сайхан зүйл, хамгийн муухай болж хувирдаг, юмсын хэмжээ ихдэх нь дутахаасаа илүү хортойг шашны ном заадаг. Хүн эд хөрөнгөтэй болох нь тутам улам шунаж, бас харамч нарийн тооцоотой болох нь шуналын сэтгэхүйд хязгаар байхгүй мэт тул, шунал ихэдвэл шулам болно гэдэг ардын үг гарсан. Буянаа  арвижуулья гэвэл бага ч гэсэн өгөх ёсыг мэдэх ёстой. Шуналтай хүн тэр бүр өглөгч байдаггүй: “Хүнд өгөхдөө гар чинь татагнаж байгаа бол хөрөнгөтэй ч байсан чи өөрөө гуйлгачин юм” гэх үг бий. XIV Далай лам: Эд юмаар бага ч гэсэн байгаадаа ханасан сэтгэл байгаа бол тэр жинхэнэ баян мөн, муу хүслийн ерөндөг нь сэтгэл ханамж юм” хэмээн хэлсэн байна.
 
Гахай мэт цадаж ханахгүй, тахиа мэт тачаагаад, эд  бүгдэд саад учирвал могой мэт уур омог гаргаад байвал сайн хүн байж чадахгүй. Мэргэд, ухаантнуудын зарим нь ядуу байдаг бол мунхагуудын зарим нь эд баялагийн хойноос хэт хөөцөлддөг гэм бий. Зуу хүрэхгүй насанд мянган жилийн хөрөнгө хураагаад хэрэггүй. Санасан зуун юм санаагүй ганцад багтаж төгсдөг. Ертөнцийн гашуун жам ёс бий. Шунаж хураасан эд юмсдаа байнга санаа зовж, хадгалж хамгаалах, өсгөж арвижуулах гэх мэт, мөнх бусыг үзэхдээ алт, мөнгө тэргүүтэндээ сүнс хорогдох  тохиол олон. “Харамч шуналтай хүн өөд болохдоо чөтгөр мэт, ядуу ч байсан олонтойгоо хувааж иддэг хүн өөд болохдоо хаан мэт” гэх ардын үг байдаг. Эртний нэгэн домогт: “Нүгэл их хийсэн боловч ганцхан маань уншсан хүн, их буян хийсэн хүн, хоёр эрлэг номун хаанд шүүгдэх болжээ. Ганц маань уншсан нь: “Би тамд орох нь гарцаагүй тул ганц мааниа өгье гээд харамгүй өгчээ. Нөгөө буян их хийсэн нь ч гэсэн надад хэрэг болно гээд шуналын сэтгэлээр авчээ. Гэтэл ганц мааниа өгсөн нь сайн төрөл авч, нөгөөх нь доорд төрөл авсан” байна.
 
Монгол дээдсүүд “Дээд баян эрдэм ном, дунд баян хүүхэд, адаг баян адуу мал” хэмээн тодорхойлоод “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” гэсэн байна. 
 
Эрдэм номыг хэн ч хулгайлж чадахгүй учирт дээд баян юм. Их хамба Д.Чойжамц гуай нэгэнтээ хүний амьдрах ухааны дараалалыг тодорхойлохдоо: 1 -рт: Хүн урт наслах ухааныг олох, 2-рт, Өвчингүй эрүүл байх, 3-рт Элдэв барцад саад тотгоргүй байх, 4-рт, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, 5-рт, буюу хамгийн эд хөрөнгөө арвижуулахыг айлдсан нь хичнээн баян урт наслахгүй бол үр дүнгүйг сануулсан бус уу. Бас:  “Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин дээр” гэсэн мэргэдийн үг бий.
 
Хүсэл шуналын нэг төрөл нь хуял тачаал буюу бэлгийн харилцааны гажиг юм. “Үгүйрэхээс буцдаггүй дээд  улаан хоолой, үхэхээс буцдаггүй доод улаан хоолойг хэм хэмжээнд нь барьж байхгүй бол маш хортой. Арван нүглийн нэг нь буруу хурьцал, янхандалт, садар самууны үйлийн үр, Дох хэмээх аюулт өвчин бий болоход хүргэжээ. Биеэ үнэлэх, харийн хүмүүстэй гэр бүл болох зэрэг нь монгол ген, удмын сан бохирдох, гэр бүл салж сарних, үр хүүхэд өнчрөх мэт олон сөрөг үр дагавартай, гарсан хүүхдээ хэнийх болохыг мэдэхгүй эргэлзээ ч бий болно. Хуял тачаал замбараагүйгээс үүдэлтэй хор хохирол үй олон бий. Өр өрийн дотроос будааны өр, өс өсийн дотроос бөгсний өс хэцүү” гэх хуучны үг оргүй биш. “Үндэс язгуур доройтвол муу хөвгүүн төрнө, буян заяа дорой муу санаа төрнө” хэмээх монгол ухааны сургаал бий. Шунал гэх ганц үгийн утга, агуулга, үйлдэл өнөөгийн нийгмийн амьдралын зарим хэсэгт буулгаж ухаарвал: өнгө мөнгө, эрх тушаал, ашиг хонжооны төлөө, шударга ёс, хүн чанарыг огоорон хаяж, худал хуурмаг, арга заль, хээл хахуул, танил тал тэргүүтнээр нөхөр хийж, түмний хөрөнгийг завших, ашиг хонжоо олоход чиглэсэн, бүхнийг зоосны нүхээр хардаг хомхой сэтгэлийн үйл юм.
 
Бурханы шашны түүхэнд: II Будда хэм алдаршсан Нагаржуна богд: “Буруу бодлыг башир хуурмаг, харам, залхуу ба бадрах уур, шунал тачаал, омог бардам, өндөр язгуур, дүрс царай, тушаалд шунахыг дайсан мэт болгоо” гэсэн нь 2000- гаад жилийн өмнөх энэ айлдвар өнөөгийн нийгмийн  буй зарим хүмүүсийн дүр төрхийг алган дээрээ тавьсан мэт хэлсэн нь гайхалтай. Дэлхий дахинд урьд гарсан хөнөөлт дайн байлдаанууд ихэнхдээ шуналын энергиэр, эдийн засгийн ашиг сонирхолд дулдуйдан гарч байсныг түүх гэрчилнэ. Одоо цагт ч ялгаагүй дэлхий, байгалдаа ээлтэй хандахгүй аваас дээд тэнгэр үйлийн үр өршөөхгүй, цэвэрлэгээ хийж зогсоох цаг зонч мэргэд сануулсаар буй.
 
Газар хөдлөлт, далайн цунами, цаг уурын эрс өөрчлөлт, атомын цахилгаан станцын дэлбэрэлт, онгоцны осол тэргүүтэн олширч байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулсаар байгаа бус уу
 
"Өндөр хөгжил бол үхлийн өмнөх ихэмсэглэл” хэмээн нэгэн гүн ухаантан хэлжээ. Хүнлэг бус ёс суртахуунтай, эдийн засаг нь мөнгө, шунал хоёрт тулгуурласан зах зээлийн нийгэм цаашдаа мухардалд орох төлөв байгааг дэлхийн зарим эрдэмтэд нотолж, хэлж, бичиж  эхэлсэн байна.
 
www.budda.mn
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. BUDDAGIIN SYRGAALIIG BYH SONIN HEWLELYYD HYYR HUUDSANDAA TAWIJ OSWOR YE ZALYYCNUUDIIG ZOW HYMYYJLEER YAWAH YOS ZYIN SYRGAALI BOLGOWOL ZOHILTOI .

    ZOCNIN , 2017-03-03 10:50:11, 108.181.115.137Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. зөв

    Зочин, 2017-03-03 13:01:54, 202.179.31.104Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. SHARIIN SHASHIN XEREGGUI EE LAM NAR BOL NUGEL UILDDEGEEREE MANLAILAGCH

    Зочин, 2017-03-03 13:40:38, 73.211.56.71Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 2000- гаад жилийн өмнөх энэ айлдвар өнөөгийн нийгмийн буй зарим хүмүүсийн дүр төрхийг алган дээрээ тавьсан мэт хэлсэн нь гайхалтай

    Зочин, 2017-03-10 22:29:58, 202.9.41.153Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: