sonin.mn
Зуны цагт хүнгүй шахам, салхи татуулан давхидаг байсан автобуснууд хөл гишгэх зайгүй болжээ. Өглөө, оройд нийтийн унаа хүлээгсэд ч олширч. Энэ бол хичээл, сургуульдаа орох гэсэн олны урсгал их хотыг чиглэсний жишээ. Ерөөс ганц нийтийн тээвэр ч гэлтгүй хаа сайгүй олны хөл их болжээ. 
 
Улаанбаатарт ууган иргэн гэж байдаггүй, бүгд л суугуул иргэд гэдэг. Тэгвэл өөрсдийгөө уугуул, их хотын соёлт иргэн гээд их юманд бодчихсон нөхөр олон байна. Их хотыг зүглэх олны хөл нэмэгдсэн учраас энд тэнд явахад зах дэлгүүр, сургууль, цэцэрлэг гээд ер очих газраа олохгүй асуух иргэн та, бидэнтэй өдөр бүр таарч байгаа нь үнэн. 
 
Угаасаа хот хүн ихтэй болсон дээрээс нь хөдөөнийхөн бүү хэл, нийслэлдээ суурин амьдарч байгаа иргэд хүртэл нийтийн тээврийн шинэ чиглэлээс болоод төөрч, будилах тохиолдол цөөнгүй гарч байгаа. Гэтэл төөрсөн хүмүүст буруу зам зааж, өгчихөөд хэргээ бүтээсэн аятай маасайтал инээгээд одох нөхөдтэй таарав.    
 
Хүмүүс бид чинь нэгэндээ хүртэл тусалж чадахаа байсан цаг юм гэж үү. Хэн нэгэнд зам зааж өглөө гээд та, биднээс юу ч хорохгүй баймаар. Амралтын өдрөөр ойрхон гарах санаатай машин унаад гарав. Гэрлэн дохион дээр зогсч байтал хөдөөний бололтой хоёр хүү баруун дөрвөн зам руу яаж явахыг асуугаад зогсч байна. Хараад байх нь ээ зөрж өнгөрсөн хэд хэдэн хүнээс асуусан ч “Мэдэхгүй” хэмээн ширвэж өнгөрөх хүн олон байна.
 
Бөөнөөрөө яваа охидоос өнөө хоёр очоод замаа асууж байна. Тас тас хөхрөлдөж, хоёр хүүгийн хацрын улааныг шоолсон охид шивнэлдэж байгаад Офицер орох зам заагаад өгчихөв. Баруун тийш явах хүмүүсийг яг эсрэгээр нь зүүн тийш зам зааж өгчихөөд их л баяр хөөртэй инээлдээд алга болцгоох нь тэр. Явах гэрэл асахтай зэрэгцэн хоёр хүүг дуудаад чадах чинээгээрээ ойр дөт зам зааж өгөв. 
 
Бүдүүн бараг ч гэлээ хүүхэд зангаа гээгээгүй хоёр охин яагаад буруу зам зааж өгснийг үнэхээр ойлгохгүй байгаа бололтой, гайхаж эргэлзсээр заасан зам руу алхаж одов. Хүн хүнээрээ тоглодог цаг ирсэн юм гэж үү. Аав, ээж, ах, эгчээс чинь ялгаагүй нэгэн төөрч будилсандаа чамаас тусламж эрж байхад тэгж тохуурхаж болох юм гэж үү. Та, бид нэгэндээ бага ч болов тус хүргэх сэтгэлтэй баймаар байна. Тус багаддагүй гэдэг.
 
 
М.Өнөржаргал 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин