sonin.mn
“Оюутан Цагдаа” нар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс хамтран өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д “1=3” цусаа бэлэглэх нэг өдрийн аян зохион байгууллаа. 
 
Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амь насыг аварна гэсэн зорилгоор залуус тус аянд нэгджээ. Манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүний нөөц тийм ч хангалттай бус байгаа учир "Оюутан Цагдаа" нар жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж байхаар санаа нэгджээ.
 
Тус төвийн судалгаагаар 2012 онд 20800 донороос цус цуглуулж байсан бол 2013 оны эцсээр энэ тоо 22800 донор болон өсчээ. Энэ нь 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд энэ оны хувьд ч гэсэн өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-аад  хувиар өссөн гэсэн судалгаа бий.
 
Манай улсын хувьд цус цусан бүтээгдэхүүний эрэлт жил бүр өөр өөр байдаг аж. Тухайлбал өнгөрсөн онд II, III бүлгийн цусны нөөц хэвийн үеийнхээс бага байсан байна. Ялангуяа 2014 оны зуны хувьд II, III бүлгийн цустай хүмүүсийн дунд цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй өвчлөл өндөр байсан гэж эх сурвалжууд хэлж байна.
 
Гадаадын иргэдийн аялал жуучлалтай холбогдуулан гэмт хэрэгт өртөж, гэмтээхээс урьдчилан сэргийлж хэв журам сахиулах зорилгоор нийслэлийн 6 дүүрэг бүр санаачлан “Оюутан цагдаа”- байгуулан ажиллаж эхэлсэн юм.
 
Тус санаачлагад оюутнууд өөрсдийн хүсэлтээр сайн үйлсийн аянд нэгдье гэсэн уриалга гаргаж 2014 онд 85 оюутнууд хамарчээ. Харин 2015 оны байдлаар 84 “Оюутан Цагдаа” нарын хувьд Гадаадын иргэдийг гэмт хэрэгт өртөж, гэмтээхээс урьдчилан сэргийлж хэв журам сахиулан ажиллаж байгаа аж.
 
О.Буянхишиг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг