sonin.mn
Өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 1-нд хорвоод хосгүй заяатай Монголын ихрүүд 25 дахь удаагаа Чингисийн талбайд цугларч, энэ орчлонд хоёр, гурваараа цувралдан эхийн хэвлийгээс мэндэлсэн ижилгүй тэнгэрлэг хувь заяаныхаа баярыг тэмдэглэлээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 4500 гаруй ихрийн тоо, мэдээ байдаг бөгөөд сүүлийн үед ихэр төрөлт нэмэгдэж байгаа гэнэ.
 
Мөн ихэр хүүхдүүд ихэвчлэн дутуу, бусад хүүхдээс  илүү хүндрэлтэй төрдөг  учраас тэдэнд тусгайлсан сувиллын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болдог ажээ. Иймд ихэр хүүхдүүдийг асарч сувилах тусгай эмнэлэг, сувилал байгуулах хэрэгтэй байгааг Монголын ихрүүдийн холбооны тэргүүн Ч.Үржинбадам ярьж байв. МУСТА Ч.Үржинбадам санаачлага зүтгэлээрээ Монголын ихрүүдийн холбоог үүсгэн байгуулж, 25 дахь удаагаа орчлонд хосгүй, ихэр заяатнуудаа нэг дор цуглуулан уулзуулж, баяр хөөр дүүрэн тэмдэглэн зураг хөргөө татуулцгааж байхад нь таарч, Монголын анхны гурван ихэр, буурал эмээ нартай хөөрөлдсөнөө хүргэж байна.
 
-За эмээ нар минь сайн байцгаана уу. Аль нутгийн буурлууд вэ?
 
-Сайн байна аа хүү минь. За гурван эмээ нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын настнууд байна аа. Энэ жил бид гурав 66 нас хүрчихээд өнөөдөр ингээд энэ олон хөөрхөн ихрүүдтэйгээ 10 дахь удаагаа баяраа тэмдэглээд зураг хөргөө даруулаад, чухам жаргаж явна аа, хүү минь.
 
-Хэдэн оны хэдэн сард, хаана төрсөн буурлууд вэ. Төрсөн он сараа санаж байна уу?
 
-Өө чухам саналгүй яах вэ. 1950 оны наймдугаар сарын 1-нд Гандангийн дэнж дээр төрсөн. Аав минь л тэгж ярьж, хэлдэг байсан. Төрсний гэрчилгээн дээр ч тэгж байгаа.
 
-Ер нь танайханд ихрийн удам бий юу?
 
-Огт байхгүй байж байгаад л бид гурав анх гурван ихэр мэндэлсэн түүхтэй. Тэгээд ихэр гарахгүй байж байгаад ноднин манай нэг ихрийн охиноос ихэр охин мэндэлсэн. Бидний удам тасрахгүй нь гээд чухам бөөн баяр л сууцгаана. Тэр хоёр маань одоо хоёр нас хүрээд дэгж, дэрвэж байгаа.
 
-Аав ээж нь аль нутгийн хэн гэдэг хүмүүс байв даа? 
 
-Хөөрхий муу аавыг минь Түвдэнгийн Довдон, ижийг минь Жумбын Даваа гэж хүмүүс байсан юм хөөрхийс. Аав маань дөнгөж 61-хэн наслаад бөөрний ракаар өнгөрсөн. Харин ижий бол 85 хүрсэн юм шүү дээ. Бурхан багшийн их дүйцсэн өдөр бурхан болсон юм. Ум ма ни бад мэ хум.
 
-Тэгвэл  ээжийгээдуурайгаад гурван буурал нэлээн өндөр наслах байх аа?
 
-Хөөрхий минь, хэдэн хүүхдүүдийн маань заяа, буян түшвэл тэгэх л байх даа.
 
-Таныг алдрыг хэн гэдэг вэ. Та гурван ихрийн том нь уу?
 
-Үгүй чишш. Намйаг Дэнсмаа гэдэг, хамгийн бага нь байгаа юм.
 
-Тэгвэл та хэн нь вэ, дундах нь уу?
 
-Эмээг нь Цэрмаа гэдэг. Хамгийн том нь байна. Түрүүлж гарсан нь том нь гэж явдаг юм. Тэгээд би хамгийн түрүүнд гарснаараа энэ хоёрынхоо эгч нь гэж явдаг юмаа хүү минь. Энэ хоёрыгоо болохгүй бол хааяа загнана аа бас.
 
-Хоёр дүүгээ чухам юу хийхээр нь загнадаг юм, та?
 
-Заримдаа хэд хоног үзэгдэхгүй болохоор нь чангахан дуугарна аа, бас. Одоо тэгээд хөгшрөхөөр энэ хоёрыгоо үгүйлээд байдаг юм. Гурвуулаа сайхан цай чанаж уугаад элдвийг яриад сууж байх л жаргал шүү дээ.
 
-Та тэгвэл дундах нь болох нь ээ дээ?
 
-Тийм. Би энэ хоёрынхоо дунд нь гарсан болохоор дундах нь. Намайг Гүнсмаа гэдэг.
 
-Одоо гурван эмээ маань хаана амьдарч байна?
 
-Одоо бид Хан-Уул дүүргийн- XVI хороонд, Нисэхэд амьдардаг. Гэр ойр ойрхоон,
 
-Эмээ нар маань бүгдээрээ Алдарт эхийн 1,И одонтой юм байна. Хэдэн хүүхдүүдтэй вэ?
 
-Анх гурвуулхнаа улаан нялзрай юмнууд энэ хорвоод ирсэн бол дараа нь гурвуулаа зургаагаас найман хүүхэд
гаргаж их өнөр олуулаа болцгоосон. Одоо ач, зээ нарынхаа тоог алдсаан.
 
-Хэнийх нь охин ихэр охид гаргасан юм бэ дээ?
 
-Гүнсмаа эмээгийнх буюу дундах ихрийнх нь охиноос ихэр охин мэндэлсэн. Хоёр жигтэйхэн хөөрхөн юмнууд бий.
 
-Хүүхдүүд нь ямар ажил эрхэлцгээдэг вэ?
 
-Өө чухам төрөл бүрийн ажил, сургууль соёлд байгаа. Ихэнх нь бизнес хийгээд л гүйгээд байх юм. Дор бүрнээ амьдралаа аваад хүнээс илүү гарахгүй, хүний дор орчихгүй л явж байна.
 
-Хамгийн бага Дэнсмаа гуай хамгийн олон хүүхэд гаргасан гэв үү?
 
-Уг нь тийм санаатай, хүү минь. Тэгээд хорвоо хатуу юм даа. Найман хүүхэд төрүүлснээс өнөөдөр тав нь л амьд мэнд, нүдэнд үзэгдээд байж байх юм даа. Гурван муу өвгөчүүл маань бүгд унаад өгсөөн. Өнгөрснийхөө араас унаад өгөлтэй биш, амьдраад л явцгааж байна.
 
-Гурван буурал маань аль байгууллагаас тэтгэвэрт гарсан бэ. Хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байна?
 
-Бид гурав малчин байж тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр хариугүй жаахан. Гурвуулаа 230 гаруй мянган төгрөг л авдаг юм. Яах вэ, болгож л байна. Гурвуулаа 33 жил мал дагасан.
 
-Монголд хамгийн анхны гурван ихэр эмэгтэй гэсэн үү?
 
-Сайн мэдэхгүй. Манай Үржинбадам дарга л тэгж хэлдэг юм шүү дээ.
 
-Гурван ихэр гэж улсаас ямар нэгэн тэтгэмж өгдөг үү?
 
-Өө байхгүй. Чойбалсан гуайн үед гарсан юм болохоор анхны гурван ихэр гэдгээр улсын асрамжинд гурван нас хүртлээ байсан юм билээ. Түүнээс хойш юм байхгүй ээ. Орон сууц өгөөч гэж нэг удаа өргөдөл өгсөн. Тэгээд л сураггүй болсон.
 
-Одоо төр засагт хандаж юу хүсч явдаг вэ. Дарга нартай уулзаж үзсэн үү?
 
-Уулзаж үзээгүй. Ийм нэг гурван хөгшин ганц, ганц ч хамаагүй өрөө байр өгчихөөсэй гэж л их харж, хүсч суух юм даа. Амьд дээрээ нэг байрны  бараа харчихвал их л гялайхсан.
 
-Та гурваас өөр гурван ихэр хэд байдаг юм бол?
 
-Өө нэлээн хэд бий. Увсын гурав, Сүхбаатарын гурав, Архангайн гурав, саяхан дөрвүүлээ мэндлээд нэг нь эндсэн гурав гээд бий, бий. Бид гурав чинь хамгийн анхных нь, тэгээд хамгийн ахмад нь боллоо доо. 2005 онд хотод орж ирэхэд Монголын чөлөөт ахмадын хорооны дарга Баасан л анх Үржинбадам даргатай уулзуулж өгсөн.
Түүнээс хойш 10 жил энэ сайхан баярт оролцоод зөндөө башийж явна аа хүү минь. Үржинбадам даргадаа их баярлах юм даа, хүү минь. Буян нь дэлгэрч яваг.
 
-За эмээ нар минь 85 –насныхаа найрыг хийж, урт насалж, удаан жаргаарай?
 
Чухам гялайлаа, хүү минь. Ажил төрөл нь бүтэмжтэй байг.
 
Д. Түвшин
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"