sonin.mn

Дархан-Уул аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвийн энэ оны нэгдүгээр сарын 26-ны мэдээгээр тус аймгийн нийт нутгаар цас нягтарч хатууран дундаж өндөр нь 14-24 см, хунгарласан газраа 27-54 см зузаантай байна. Одоогийн байдлаар Орхон суманд цасны дундач 18 см, үнэмлэхүй их газраа 54 см, Шарын гол суманд 14-35, Дархан суманд 20-30 см, Хонгор суманд 24-42 см зузаан цастай.

Зудыг үнэлдэг шалгуураар хээрийн бүсэд цасны дундаж зузаан нь 11-15 см, цасны дундаж нягт 0.24 гр/см3 байхад зудархуу нөхцөл байдал үүссэн гэж үздэг байна. Иймээс дахиад ахиухан хэмжээний цас нэмэгдэж орсон нөхцөлд зуд болж болзошгүй байна гэж аймгийн УЦУОШТ-ийн дарга С.Алтандолгион аймгийн “Хэлтэс, агентлаг, албадын дарга нарын зөвлөгөөн”-д мэдээллээ. Тэрбээр Дархан хотод сүүлийн хоногуудад шөнөдөө 33-37 градус хүйтэн хонож байна гэв.

Уг зөвлөлгөөнд сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдлын тухай тус бүрдээ мэдээлэл хийснээс үзэхэд тэд он гарснаас хойш малчдаараа хүн эмнэлэг, малын эмч нараа дагуулж явснаа, яриад одоо цас нэмж орох л юм бол шууд зудын байдалд шилжинэ гэж байлаа. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат “Өвөлжилт хүндэрч зудархуу байдалд шилжлээ, иймээс сум бүр алслагдсан малчин өрхийн судлагааг гаргаж зам даваа хаагдсан малчдын суурьт хүрэх замыг нээх талаар аймагтайгаа, зарим бололцоотой техник бүхий аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч бололцоотой бүхнийг хийх үүрэг өглөө. Мөн нөөцийн өвсөө хэзээ өгч эхлэх вэ гэдэгт саналаа ирүүлэхийг даалгалаа.

Б.Норовсамбуу

Эх сурвалж: