sonin.mn

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгийн өмнөд зах Монгол Улс, БНХАУ-ын хоорондын улсын хил дээр байдаг 250 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн сонин тоггоцтой боржин чулуун цохионуудыг Бударын чулуу хэмээн нэрлэдэг.

Эдгээр цохионуудын гуравны хоёр нь манай нутагг, гуравны нэг орчим нь БНХАУ-ын нутагт оршдог байна. Мөн Бударын чулууны баруун захаас баруун зүгт арваад км-т Баянтөхөмийн говь дотор 1062,3 тоот онцгой ганц өндөрлөг байдаг бөгөөд үүнийг Төхөмийн бор овоо гэж нэрлэдэг.

Эрт дээр цаг их цэрэг дорно зүгт давшиж энэ нутагт ирээд жанжин нь үлдэж хоцорсон учир цэргүүд нь жанжнаа хүлээгээд тэндээ үлджээ. Ингээд жанжин нь Төхөмийн бор овоо, цэргүүд нь Бударын чулуу болсон гэсэн домог байдаг. 1940-өөд онд Японы тагнуулын байгууллагын зарц Бужмаа гэгч этгээд Будар хашаатад байсан Японы хилийн харуулд орогнож байгаад бударын чулууны бартааг ашиглан хилийн манааны сиймхийгээр нэг биш удаа хил зөрчин орж ирээд буцаж гардаг байжээ.

Бужмааг барьж чадаагүй учир "Өвгөн хурал"-д байсан манай заставын дарга хар хэмээх Чойдог тухай бүр сахилгын шийтгэл хүлээдэг байжээ. Гэтэл 1945 онд Бужмаа хилийн цаанаас баригдаж ирснийг сонссон Чойдог 50 гаруй км мориор давхиж очиж Бужмааг нэг алгадаж даагаа нэхсэн гэж хууччуул ярьдаг сан.

Бэлтгэл хурандаа Г.Хүүжий

Эх сурвалж: "Эх орны манаа" сонин