sonin.mn

Монгол Улсаас анх удаа 2005 онд найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл "Ингэн нулимс" баримтат кино дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Оскар"-ын шагналд нэр дэвшсэнээс хойш даруй арван жилийн хугацаа өнгөрчээ. "Ингэн нулимс" кино тэр үедээ ганц Оскарт нэр дэвшсэн төдийгүй, Баварийн телевизийн шагнал, Баварийн шилдэг киноны шагнал, “Director Guide of America award”, “Германы киноны шагнал” зэрэг томоохон шагналуудыг хүртэж байжээ.

Түүнээс хойш Олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон кино тун цөөхөн. внгөрсөн жил найруулагч С.Бямбаагийн бүтээл “Алсын удирдлага” кино дэлхийн томоохон кино наадамд зүй ёсоор тооцогддог “Пусан”-ы олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн байр эзэлсэн бөгөөд дэлхийн томоохон хэвлэлүүд ч энэ талаар онцолж байсан. Шинэ давалгаа төрөлд хамгийн олон бүтээл өрсөлддөг төдийгүй тухайн наадмын өнгө гэрлийг тодорхойлдог томоохон төрөл аж.

Мөн энэ наадамд найруулагч Х.Хоролдорж “Шарга даага” бүтээлээрээ оролцсон гээд дурдвал Олон улсын чанартай кино наадмуудад амжилттай оролцсон тохиолдол ховорхон үзэгдэх болжээ. Жилд хэдэн кино шинээр төрдөг тухай судлавал урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Гэтэл тэдний дунд арай илүү урлагийн торгон мэдрэмжтэй, найруулагчийн чадвар давамгай Л.Таванбаярын “Хүдэн”, Б.Ганболдын “Улаан дөрвөлжин” зэрэг уран сайхны кинонууд үзэгч багатайн улмаас сар ч гаралгүй хаагджээ.

Эдгээр киноны тухай шүүмжлэгч Х.Чойдогжамц “Өнгө мөнгөний улаан цагаандаа гарсан кино-менежемент, кино-бизнесийн үер (үнэндээ хэт театрчилах гээд орилж чарласан эмгэнэхүй, эсвээс хахаж цацсан марзаганахуй дийлсэн кинонууд) дунд, триллэрээ гүйцэхгүй кино олширсон энэ цагт урлагтай айлссан нэгээхэн кино гарч байхад бид өөрөөр ярих ёстой” гэжээ.

Сайны    хажуугаар саар гэгчээр сайн бүтээл төрөхийн сацуу кино урлагт арилжааны сэтгэхүй, кино бизнесийн шинж давамгайлсаар л байна. Ямар нэгэн баяр ёслолд зориулаад кино хийчихдэг, цаашлаад “ямар нэгэн” ном бичиж , урлагийг арилждаг уран бүтээлчид олноороо төрөн гарч байна. Валентиний баяр болох гэж буйг тохиолдуулаад кино хийчихнэ, цэргийн баярыг ташруулаад ном гаргачихна.

Нөгөөхийг нь үзэж, унших хүн мундахгүй. Баяр ёслолыг алгасадаггүй бидний зан дээр шоу хийж байгаа нь тэр. Хамгийн ойрын    жишээ дурдахад “Халх голын 75”-н жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон дуудаж байна” уран сайхны кино муухан хошин шогоос ч дор болсныг мэдэх хүн цөөнгүй байгаа. Эхнээсээ авхуулаад дуусах хүртлээ уйлж, унжиж, ийш тийшээ гүйсэн гурван цэргийн адал явдлаар дүүрэн энэ кино үзэгчдэд “Халх гол”-ын дайнд оролцож эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн эрэлхэг дайчдын талаар ямар ч мэдээлэл өгөөгүйн зэрэгцээ монгол эр хүний жудгийг харин ч нэг доошоо хийх шиг болсон.

“Ирээдүйгээс ирсэн нь” хэмээх орос киноны муухан хуулбар төдий энэ киног энгэртээ одон медиалаа гялалзуулсан буурлууд үзэж суухдаа сэтгэл нь хэрхэн хямарч байсныг төсөөлөхөд ч гунигтай санагдана.

Мөн кино урлагт мэргэжлийн чадварлаг жүжигчид дутагдаж байгааг ч хаа хаана аа анхаарах цаг болжээ. Нэгэн үе мисс, топ моделуудаар гангарч байсан кино урлагт өнөөдөр хип хопчдын эрин үе ирсэн мэт “Эцсийн цэг Э зогсоол”, “Алтан ус”, “Дөрөв хоног” зэрэг сүүлийн үед гарч байгааг киноны бараг 50 хувьд хип хопчид тоглосон гэхэд хилсдэхээргүй болж.

Нэгэнт хип хопчид өөрсдийнхөө дуу хоолойг уран бүтээлээрээ илэрхийлж, тэднийг сонсдог хүрээлэл бий болчихсон байхад гэнэт кино урлаг руу “үсэрч” орж ирээд байгааг юу гэж ойлгох вэ. Кинонд тоглочих жүжигчин олдохгүй болсон гэвэл тэрэн шиг “худлаа” юм байхгүй.

Сар тутам нээлтээ хийн үерлэж байгаа энэ олон кино үзэгчдийн оюуны хэрэгцээг хангаж чадах уу. Эсвэл олон нийтийн урлагийн мэдрэмж, сэтгэхүй хэтэрхий доройтсноос сайн киноны үзэгч багасч, зонхилох хэсэг нь инээдмийн болон солонгос цувралуудын хуулбар төдийхөн кино руу хошуураад байгаа хэрэг үү.

Нийгмийн болж бүтэхгүй бүхнийг урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх нь зөв ч гэлээ нөгөө талдаа эерэг сайн талыг нь ч бодолцож үзмээр санагдана.

Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглүүштэй нэгэн явдал тохиосон нь күжигчин Б.Амарсайхан Холливудад очиж “Марко Поло” хэмээх кинонд тоглосон явдал байлаа. Уг кинонд монгол хүн тоглосон өдийгүй монголын түүхтэй салшгүй холбоотой. Ер нь л дэлхий нийтээрээ монголын түүхийг гүнзгийрүүлэн судлахад “Марко Поло” кино түлхэц өгөх нь ч маргаангүй.

Сүүлийн арван жилд Чингис хааны түүхээр Казакстанаас эхлээд олон улс кино хийсэн. Гэтэл бид өөрсдөө хааныхаа түүхээр хийсэн кино хэд байна вэ. Хорь гаруй жилийн өмнө хийсэн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг гарын таван хуруунд багтам хэдхэн түүхэн сэдэвт бүтээлээс өөр далайцтай хийсэн томоохон кино одоо хүртэл төрөөгүй л байна.

“Хатанбаатар Магсаржав”, “Өглөө”, “Тунгалаг тамир” гээд түүхийн хэсэгхэн үеийг харуулсан кинонууд байгаа ч “Их Монгол Улсын” төрт ёс, түүхэн үйл хэргийг харуулсан сонгодог хэмжээний кино хэзээ төрөх бол. Жүжигчин Б.Амарсайхан Холливудад очоод ирснийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Бидэнд дэлхийн кино урлагт гарч ирэх ганцхан боломж байгаа. Тэр нь түүхээ л барьж кино хийх” гэжээ.

Тиймээ, бид нэгэнт далайцтай түүхэн кино хийх шаардлагатай болсныг дэлхийн кино урлагийн чиг хандлага батлаад өгчихлөө. Ялангуяа “Монгол” гэж цээжээ дэлдэх дуртай мөртлөө нууц товчоогоо уншаагүй залуучууд язганалдаж байгаа одоо цагт кино урлагаа хөгжүүлж, дэлхийн тавцанд гаръя гэвэл түүхэн кино хийхээс өөр сонголт үлдээгүй ч байж мэдэх юм.

Мэдээж түүхэн кино бүтээхэд зардал мөнгөний асуудал эн тэргүүнд тулгарна. Мөнгөтэй нэг нь түүхэн кино хийчихэж чадахгүй байгаа учраас төр засаг ч энэ салбарт хүч хаях цаг болжээ. Зохиолч Шүүдэрцэцэг “Ану хатан” нэртэй түүхэн зохиолоороо кино хийсэн ч магтахаасаа шүүмжлэх нь олон байсан. Учир нь “Ану хатан” хэмээх зохиол нь өөрөө түүхэн зохиол болж чадаагүйтэй холбоотой.

Зохиолч хүн түүхэн зохиол бичихийн тулд түүхийн номууд сөхөж харахаас эхлээд асар их судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Түүхэн уран зохиолын бүтээлд “уран сайхны” үнэн гэж нэрлэгдэх зохиогчийн шийдэл байдаг ч тэр нь түүхэн зүйн зарчим, бодит үнэнийг гуйвуулахгүй байх ёстой. “Ану хатан” зохиолд зөвхөн Ану хатан гэдэг хүнийг товойлгож гаргаж ирэхийг зорьсоноос бус тухайн үеийн нийгмийн амьдрал, хэл, соёлын онцлог зэргийг олигтойхон тусгаагүй. Ийм зохиол кино болсноор зөвхөн үзэгчдийг төөрөгдөлд оруулахаас цаашгүй бүтээл болдгийг уг кино баталсан. Зөвхөн зураглаачийн кино л гэж түүнийг хэлж болно.

Мөн хувьсал продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өнгөрсөн намар үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоороо тэргүүлж байсныг санах хүн олон бий. Уг кинонд 1980-аад оны үед Чингис хаанаа магтсан хүн шоронд ордог тийм бурангуй нийгэм байсан уу гэсэн асуулт үзэгчдийг багагүй төөрөгдөлд оруулж байсан.

Байсан бол яагаад түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнгүй вэ. Улсын их баяр наадмын үеэр хулгайч, янхан, архичдыг хөдөө рүү цөлж байгаад баяраа тэмдэглэдэг байсан уу. Хэтэрхий үнэмшилгүй энэ киног үзээд уйлсан гэх олон хүнтэй тааралдсанаа нуух юун. Түүхийг ингэж гуйвуулсаных нь төлөө л уйлмаар санагдана.

Хувьсал продакшн оюутан залуусын хичээл эхлэх үе буюу оюутнуудын ид мөнгөтэй байх үеэр киноныхоо нээлтийг хийж ашиг орлого олж байгаа нь ч нууц биш. Хэдийгээр кино урлагт драм хэрэгтэй ч хэтэрхий их орилж, чарласан, үнэнийг гуйвуулсан хэт театрчилсан драм хэрэггүй байлтай.

Ц.Ариунтуяа

Эх сурвалж: