sonin.mn

-МАНАЙ НЭРТ ГҮН УХААНТАН ДАНДАР АГРАМБА XIII ДАЛАЙ ЛАМЫН НОМЫН БАГШ НЬ БАЙСАН-

 

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунзултай буддын философийн талаар ярилцлаа.

-Хүмүүс хоорондын харилцаанд философийн үг хэллэг нэлээд хэрэглэх байдал ажиглагдах болжээ. Зүгээр чамирхаж философидоод байна уу, аль эсвэл нийгэм гэгээрээд байна уу?

-Философийн мэдлэг бол бүхэлдээ үнэлэмжийн шинжтэй. Энэ утгаараа маш олон талтай, баялаг сэтгэлгээ байдагтул ямар ч ажил, мэргэжлийн хүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, философи нь үүссэн цагаасаа л хүний амьдралын утга учир, өртөнцийн бүхэл шинж, оршихуйн язгуур мөн чанарыг судалж эхэлсэн.

Товчхондоо бол аливаа зүйлийн учир шалтгааны эх үндсийн асуудлыг тавьж шийдвэрлэсээр ирсэн хэрэг л дээ. Тиймээс түүхэн цаг хугацаанд авч үзсэн асуудлын зарчмыг үл зөвшөөрөх, мөн шийдвэрлэх боломж нөхцөл хараахан бүрэлдээгүй тийм үйл явц дунд няцаагдаж, эсвэл улам боловсронгуй болж философийн мэдлэг хөгжиж байдаг зүй тогтолтой.

Үүний дагуу хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг, сэтгэлгээ улам баяжин төгөлдөржиж байна. Ямартай ч философийн ухааныг судлах иргэдийн идэвх, сонирхол нэмэгдэж байгаа нь ухаалаг бөгөөд сайшаалтай үйл явц.

-Та буддын философийг дагнан судалдаг судлаачийн хувьд мэргэшсэн сэдвийнхээ онцлогийг тодруулж өгнө үү?

-Буддын философид дээрх асуудал мен л ялгаагүй яригдана. Гэхдээ дэвшүүлж буй үзэл онол, түүний үндэслэл, асуудлыг шийдвэрлэж буй арга, хандлага нь бусад философи сэтгэлгээнээс өвөрмөц ялгаатай.

Буддын философийн түүхэнд үүсч бий болсон үндсэн дөрвөн чиглэл нь аль ч төвшиндөө өөр өөрийн боловсруулсан онолыг эцсийн зорилго болгож дээд төгс амгалан буюу хүний жинхэнэ дотоод чанарыг тавьдгаараа онцлогтой.

-Манайд буддын судлал хэр хөгжсөн бэ. Бусад оронтой харьцуулахад ямар төвшинд хүрсэн бол?

-Европ, Азийн ихэнх улс орны тэргүүлэх их, дээд сургууль, тэдгээрийн харьяа судалгааны төв болон мэргэжлийн институт, хувь судлаачдын зүгээс буддын шашин, философийг ихэд сонирхож, судалгаа шинжилгээний ажлыг өргөн далайцтай явуулж байна. Ажиглавал, судалгааны хамрах хүрээ, чиглэл, судлагдахуун, баримтлах арга зүйн хувьд төдийлөн ялгарах ялгаа байдаггүй.

Манай орны хувьд ахмад үеийн эрдэмтэн, судлаачдын онол, арга зүйн өндөр төвшинд үүсгэсэн судалгаа залгамжлан үргэлжилсээр байна. Монголын философи сэтгэлгээний түүхийг доктор Ч.Жүгдэр анх удаа тусгайлан судалж, түүний түүхэн хөгжлийг тоймлон гаргасан нь Монголын шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмэр юм.

Буддын их хөлгөний философийн Мадхьямака чиглэлийг академич Ш.Лувсанвандан, Г.Лувсанцэрэн нар судлан, үүний үр дүнд академич Г.Лувсанцэрэн хэтрүүлэгч төв үзлийн арга зүйг өнөөгийн онолын сэтгэлгээнд, ялангуяа буддын судлалд хэрэглэх бололцоотойг үндэслэн боловсруулсан юм. Энэ мэтээр буддын философи, логикийн чиглэл бүрээр дагнасан онолын судалгааг манай эрдэмтэн, судлаачид хийж байна.

Үүнээс гадна монголын философийн түүх судлал, Монголын нэрт сэтгэгчдийн үзэл баримтлал болон философи сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг тодруулах зорилгоор тодорхой ажлыг хийж ирсэн. Үүнд тулгуурлаж буддын болон өрнийн философи сэтгэлгээг харьцуулан судлах ажил ч бас хийж байгаа.

-Философийн мэдлэгийг судлах, танин мэдэхэд эх сурвалжид тулгуурлах явдал нэн чухал ач холбогдолтой гэдэг. Энэ талаар та бүхэн юу бүтээж амжуулсан бэ?

-Аливаа улс үндэстний сэтгэлгээний түүхийг судлахад сурвалж судлал, түүн дотроо бичгэн эх сурвалжийн орчуулгын асуудал чухлаар тавигддаг.

Учир нь эх сурвалж бол хүн төрөлхтний өнгөрсөн үеийн мэдлэг оюун, зан заншил, соёл, боловсрол, аж төрөх ёс дараагийн үед шинэ утга агуулгаар баяжин уламжлан хөгжих үйл явцад дамжуулагчийн гол үүргийг гүйцэтгэдэг. Иймд философи сэтгэлгээ, онолын сэтгэхүйг хөгжүүлэх, тэдгээрийг харьцуулан судлахад'эх сурвалж судлал чухал ач холбогдолтой.

Монголчуудын хувьд ч зуун зууныгдамжуулан бүтээн туурвиж, хуримтлуулж, өвлөн уламжилж, хөгжүүлэн шинэчилж ирсэн үнэт зүйлс нь арвин юм. Эдгээр нь хоорондоо нягт уялдан холбогдож, харилцан нөлөөлж байж бидний оюуны соёл, нүүдэлчин амьдралын дүр төрх. үндэсний хэв шинжийг бүрдүүлсээр ирсэн.

Тиймээс оюун санааны энэ их өв соёлын биөт бүтээгдэхүүн болсон эх сурвалжийг нийгэм, хүмүүнлэгийн бүхий л салбар шинжлэх ухааны үүднээс судлан шинжлэх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь манай философийн салбарын эрдмийн ажлын голлох чиглэл болж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Монголын буддын нэрт сэтгэгч нарын түвд хэлт философи, логикийн зарим бүтээлд тодорхой хэмжээний тайлбар дагалдуулан хэвлүүлсэн. Мөн “Сонгодог философийн эх сурвалжийн судалгаа" суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд доктор (РИ.Э), лрофессор Б.Даш-Ёндон “Эртний Грөкийн философи сэтгэлгээний эх сурвалж” орчуулгын эмхтгэлийг гурван боть болгон хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна.

-Түвд хэлнээс орчуулсан ном зохиолыг хэт хайрцаглагдсан гэж шүүмжилдэг. Энэ талаар тодруулбал?

-Ямар ч төрлийн орчуулгын ажил амаргүй, нарийн чимхлүүр ажиллагаатай. Тэр дундаа философийн эх сурвалжийг орчуулахад хэлний боловсрол, ур чадвараас гадна тухайн сэдвийн агуулгын талаархи өрөнхий мэдлэг зайлшгүй хэрэгтэй.

Утга зохиолын бусад төрлийн орчуулгаас баримталдаг зарчим нь ч ихээхэн ялгаатай. Энэ нь философийн хэлний онцлогтой нягт холбоотой. Өөрийн гэсэн хэл, нэр томьёо, ойлголтоор дамжуулан онол, үзэл баримтлалаа боловруулж, хөгжиж байдаг аливаа шинжлэх ухааны нэгэн адилаар философийн хэл ч цэвэр ойлголтод тулгуурлана.

Тэрхүү ойлголт бүр нь утга илэрхийлэх хүрээ хязгаараараа тодорхойлогдож байдаг. Иймд энэ төрлийн орчуулгад утга агуулга, уран сайхны харьцааг дүйцүүлэн үг нэмэх, хасах өөрчлөх зэрэг арга барил субьектив хандлага тохиромжтой бус.

Тэгэх ч бололцоогүй юм. Буддын философийн ойлголт, нэр томьёоны тухайд энэ зарчим мөн ялгаагүй үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, философийн нэр томьёо, ойлголтыг хэн дуртай нь зохиогоод бас өөрчлөөд байдаггүй.

-Монголын буддын философи гэж ярих нь хэр оновчтой вэ. Заримдаа өөрөөр ч яригддаг тал бий?

-Манайд төдийгүй гадаадын зарим судлаачдын дунд Монголын буддын философи гэж байхгүй, зөвхөн Энэтхэг, Түвдийн буддизм гэж үзэх хандлага байдаг. Монголд идэвхтэй хөгжиж байсан буддын философийн сургалт, судалгааны залгамж холбоо цаг үеийн тодорхой шалтгаанаар суларч, энэ хэрээр буддын философи, түүний ойлголт, нэр томьёог хэрэглэх, орчин цагийн шинжлэх ухааны ойлголттой харьцуулан ойлгож ухаарах, тайлбарлахад бэрхшээлтэй нөхцөл байдлыг бий болгосон үе байсан.

Монголын буддын философи буддизмын анхлан үүсч бүрэлдсэн онолын эх үндэст тулгуурлан хөгжсөн ч уг онолыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд монголчууд багагүй анхаарч хувь нэмрээ оруулсан байдаг. Тухайлбал, өндөр гэгээн Занабазарын туурвисан буддын гүн ухааны “Маанийн гүн бүтээлийн арга” бүтээл буддын судлалд нэн алдартай бөгөөд түүнд Түвдийн нэрт хоёр гэгээнтэн тайлбар зохиосон байдаг.

Нэрт гүн ухаантан Дандар аграмба Түвдийн XIII Далай ламын номын багш байсан, мөн өөрийн туурвисан зохиол бүтээлээрээ энэтхэг, түвдэд нэр алдар нь цууриатсан монгол мэргэд цөөнгүй байсныг ч судлаачид тэмдэглэдэг.

Түүнчлэн монголчууд буддын философийн Түвд, Монгол нэр томьёоны оноолтыг жигдлэн боловсруулж XVI зууны эхэн үеэс Ганжуур, Данжуур тэргүүтэй олон тооны судар, шастирыг Монгол хэлнээ орчуулсан зэрэг мэдээ баримтыг дурдаж болохоор байна. Энд цохон тэмдэглэсэн эдгээр цөөн тооны баримт нь Монголын буддын философи гэж з ярих үндэслэлийн нэгээхэн хэсэг хэмээн хувьдаа үзэж байна.

-Өнөөдөр Монголын нийгэмд шашинжих үйл явц идэвхтэй өрнөж байна. Иймд Монгол дахь шашны нөхцөл байдал, шашин шүтлэгийн асуудалд шинжлэх ухааны байгууллагуудын зүгээс судалгааны ямар ажил хийж байгаа бол?

-Шашин нь нийгмийг бүрдүүлэгч институцуудын нэг юм. Энэ утгаараа нийгмийн оюун санааны амьдралын салшгүй хэсэг болж байдаг. Нийгэм шашинжих буюу сакрализацийн үйл явц тухайн нийгэм дэх эзлэх байр суурь болон шашны хүчин зүйлсийн нөлөөлөл их, бага байх зэрэг үзүүлэлтээр гарна.

Сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзэхэд монголчуудын олонх буюу 70-аас илүү хувь нь ямар нэг байдлаар аль нэг шашнаас хамааралтай болсон байна. Мөн Монголд 1994-2010 онд 500 орчим шашны байгуулллага шинээр бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа, дүн мэдээ байна. Эдгээр тоон үзүүлэлтийг бусад зүйлстэй харьцуулбал шашин Монголын нийгмийн амьдралд ихээхэн орон зайг эзлэх болсон нь харагдаж байгаа юм.

Манай эрдэмтдийн зүгээс Монгол дахь шашны нөхцөл байдал болон шүтлэгт холбогдох асуудлыг тодорхой сэдвийн хүрээнд судалж ирсэн. Тухайлбал, 2003-2007 онд “Шашны философи ба сүсэг бишрэлийн асуудал", “Монголчуудын шашин шүтлэг ба үндэсний соёл ухамсрын асуудал” төслийн судалгааг гүйцэтгэж Монголын буддын шашны философи үзэл санаа, иргэдийн шашин шүтлэгийн талаар тодруулан судлахаар ажилласан.

Түүнчлэн энэ чиглэлийн сургалт, судалгааг дагнан эрхэлдэг МУИС-ийн Шашин судлалын тэнхмийн эрдэмтэн багш, судлаачид ч эл сэдвээр тодорхой судалгааны ажлууд хийж үр дүн нь сургалт, судалгаанд хэрэглэж байна.

-Манайд шашны олон урсгал чиглэл нэвтэрч, үйл ажиллагаа явуулж байна. Үүний шалтгаан нөхцөл, энэ үйл явцын үр нөлөө юугаар илэрч байна?

-Өнөе цагт шашны ёс суртахууны утга агуулга нийгмийн хөгжлөө дагаад ямар нэг хэлбэрээр хувьсан     өөрчлөгдөж илүү ашиг сонирхлын өнгө аястай болох хандлага давамгайлах шинжтэй болж байна.

Манайд урд өмнө төдий л уламжлал үгүй шашин шүтлэгийн янз бүрийн урсгал чиглэлийн дэлгэрэлт идэвхжиж, улмаар эдгээр шашны төвүүдэд ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлсийн өөр өөр баримжаалалтай нийгмийн бүлгүүд үүсч байна.

Ийм нөхцөл байдал нь хүмүүсийн үзэл санааны нэгдлийг сарниулж, хүн амын дотор шашнаар ялгарах, цаашилбал олон шащны сөргөлдөөний үйл явц өрнөж болзошгүй юм. Нөгөө талаар, үзэл суртал, улс төрийн шалтгаан нөхцөлийн улмаас хаалттай, хориотой байсан шашин шүтлэг чөлөөтэй болсон явдал Монголын шашны амьдралд нэлээд өөрчлөлт орох гол нөхцөл болсон.

Ер нь монголчуудын шашин шүтлэг, оюун сэтгэлгээний түүхэн уламжлалыг өнөө цагийн хэрэгцээтэй уялдуулан зүй зохистойгоор ашиглах, нийгэмд нэгэнт буй болсон уламжлалт бус шинэ шашнуудын дэлгэрэлтийн үйл явцад нөлөөлж буй хүчин зүйлс, асуудал бэрхшээл, шийдэх арга замыг нарийвчлан судлах шаардлагатай байна.

Эдгээр олон шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн зорилгод нэгтгэх, чиглүүлэх замаар нийгэмд үр өгөөжтэй шашны эөрэг нөлөөллийг бий болгоход чиглэгдсэн ажил нэн чухал байна.

Энэхүү зорилгын хүрээнд тус хүрээлэнгээс “Монгол дахь шашны нөхцөл байдал, тэдгээрийн философи үзлийн харьцуулсан судалгаа" онолын суурь судалгааны ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: