sonin.mn

КАНБЕРРА. /FinancialReview/. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид яагаад Монгол Улс руу мөнгө цутгаж байсныг БНХАУ-ын дарга Си Зиньпиний тус улсад хийсэн айлчлал дахин санууллаа.

Хүнд бэрх түүхийг хуваалцдаг хоёр улсын харилцаа сайжирч байгаа хэдий ч газарзүйн байрлалыг тоомсорлохгүй байхын аргагүй. Зэс, алт болон нүүрс гээд байгалийн асар их баялагтай Монгол нь ашигт малтмалын хувьд дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд оршдог  юм.

Энэ таатай байдал нь зэс, алтны “Оюутолгой” орд руу “Рио Тинто” компани хэдэн тэрбум доллароо цутгахад нөлөөлж, азаа үзэхээр шийдсэн уул уурхайн хэдэн арван компани, тэдгээрийн дотор, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй цөөн хэдэн компанийг татсан билээ.

Гэхдээ Монгол Улс хүндхэн цөөн хэдэн жилийг туулсан.
Монгол Улсын Засгийн газартай “Рио Тинто” 2009 онд хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулсны дараа хэт их баярлан тус улс руу хошуурсан хөрөнгө оруулагчдын олонх нь итгэл алдарсан.

Үүнтэй холбоотойгоор энэ оны эхний хагаст Монголын гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурч, 2011 оны турш  маш өндөр буюу 17,5 хувиар өсөж байсан эдийн засаг нь ердөө 5,3 хувийн өсөлттэй болж удааширчээ.

МОНГОЛ-“РИО”-ГИЙН ХАРИЛЦАА ТҮГШҮҮРТЭЙ БАЙНА
Зургаан тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажил саатаж, Монголын Засгийн газар болон Рио хоорондын харилцаа түгшүүртэй байна.
Зарим компани албан хаагчдаа тус улсад байлгах дургүй байна. Учир нь ажиллагсдаа гадаадын оператор компаниудад дайсагнах хандлагатай зохицуулагчдын бай болж болзошгүй гэж эмээж байгаа юм.

Хөрөнгө оруулалт буурснаар Монголын эдийн засгийн хэтийн төлөв доройтож, валютын ханш суларч, инфляц 15 хувь хүрэхэд энэ бүхэн нөлөөлж байна. Мөн амьжиргааны болон бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ.

Сигийн Монголд хийсэн айлчлал чухал ач холбогдолтой болсон. БНХАУ-ын дарга сүүлийн 11 жилийн хугацаанд Монголд айлчлаагүй байсан юм. ОХУ болон БНХАУ-ын хооронд хавчуулагдан оршдог Монгол Улс хөршүүдээсээ болгоомжилсоор ирсэн бөгөөд гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх зорилго бүхий гадаад бодлоготой болжээ. Гэхдээ хүнд байдалд орсон эдийн засгаа дэмжихээр тус улсын Засгийн газар сүүлийн саруудад Бээжин болон Москвагийн аль алинтай харилцаагаа бэхжүүлэхээр чармайж байна.

Сигийн айлчлалын үеэр Хятад болон Монгол дэд бүтэц, хөрөнгө оруулалтын 20 гаруй гэрээ байгуулж, одоо зургаан тэрбум гаруй доллароор хэмжигдэж буй хоёр улс хоорондын худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум доллар болгон нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Тэрчлэн Монгол Улсад боомт, төмөр замаа ашиглах боломжийг БНХАУ нэмэгдүүлж, дипломат харилцаагаа улам бэхжүүлэхээр болсон билээ.

АШИГТ МАЛТМАЛААР БАЯЛАГ УЛС
Монгол Улс ашигт малтмалын арвин их нөөцтэй бөгөөд БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлж байна. Уул уурхайн томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид, түүхий эд худалдагчид хэлбэрэлтгүй өсөн дэвжих боломжийг өнөө хэр нь харж, Монголд хөрөнгө оруулахыг хүсэж, тохиромжтой цагийг хүлээж байна.  Харин тус улс хууль, дүрэм журмаа илүү тодорхой болгох шаардлагатай байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед багагүй ахиц гарч байна. Тус улсын Засгийн газар хөрөнгө оруулалт татахын тулд олонд таашаагдаагүй хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт оруулж, хайгуул олборлолтын лиценз шинээр олгохыг дөрвөн жилийн хугацаатайгаар түдгэлзүүлснээ хүчингүй болгосон. Харин одоо тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хэрхэн гаргах журам бий болгох хэрэгтэй юм.

Ирэх сарын эцэст санхүүжилтийн сүүлийн хугацаа дуусахаас өмнө “Оюутолгой” төслийн өргөтгөлийн ажлын талаар “Рио”-той хийсэн тохиролцоондоо Монголын Засгийн газар хүрэх эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажигласаар байна.

“Оюутолгой” ордын өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэх хугацааны сунгалт /зургаан сараар сунгасан/ есдүгээр сарын 30-нд дуусна. Хэрвээ энэ ажил сэргэвэл уг төсөл дэлхийн хамгийн том гүний уурхайн байгууламжуудын нэг болно. Одоогийн ил уурхайгаас олж буй ашиг чухал ч энэ төслийн нийт ашгийн 80 хувь гүний уурхайгаас гарах юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг