sonin.mn

ОХУ-ын Челябинск хотод жүдо бөхийн ДАШТ бүтэн долоо хоног үргэлжилж өндөрлөв. 160 гаруй орны шилдгүүд өрсөлдсөн энэ тэмцээнээс Монголын баг нэг алт, есөн мөнгөн медаль хүртснээр шилдэг тавд багтлаа. Тэмцээний эхний өдөр ОУХМ Г.Болдбаатар 60 кг-ын жинд аваргын алтан медаль хүртэж гарааг цойлсон амжилтаар эхлүүлсэн юм. Энэ үед монголчууд жүдочдоосоо бүр их амжилт хүсэн хүлээсэн билээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг болоод л...

Гэтэл дараахь өдрийн барилдаанууд найдвар хугалсан. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг, дэлхийн аварга М.Уранцэцэгийг, Х.Цагаанбаатарыг бас ОУХМ Д.Төмөрхүлэгийг медаль чангаанадаа гэж горьдсонсон. Тэд тун урагшгүй барилдав даа. Тэд тийм дийлдэшгүй учрааг барсангүй юү дээ гэвэл тийм биш. Өөрсдийн адил төвшний, ижилхэн цол хэргэмтэй бөхчүүд байлаа шүү дээ. Энэ байдал манай багш, дасгалжуулагчдад нэгийг бодогдууулаа байлгүй.

ОУХМ Д.Сумъяагаас өөр шагналт байрт хүрсэн бөх байсангүй. Тийм болохоор Г.Болдбаатарынхаа алтан медалийг дамжлан, түүгээр нүүр хийж ирэхээр болоод байлаа. Харин тэмцээний сүүлчийн өдөр болсон багийн барилдаанд эмэгтэй жүдочид маань гялалзтал барилдаж мөнгөн медаль хүртсэн нь тэмцээнд оролцсон багийн амжилтыг өөд татсан гэж болно. Багийн барилдаанд чансаа өндөр 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан барилдав.

Эмэгтэй багийн төрөлд манай бүсгүйчүүд D хэсэгт өрсөлдөхдөө Казахстаны багийг 4:1-ээр хожсноор гараагаа сайн эхлэв. Тэгээд хэсгийн аваргын төлөө Кубын жүдочидтэй хүч үзэж ялаад их шөвөгт үлдсэн. Энэ барилдаанд манай бүсгүйчүүд ялж Кубынхэнд өнгөрсөн жил 3:2-оор дийлдсэн хариугаа авав. Ингээд бүсгүйчүүд маань 2007 онд авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж цаашид алтын төлөө өрсөлдөв.

Францын жинхэнэ шилдгүүдээс бүрдсэн баг учраа нь байсан. Гэхдээ манайхан энгийн хэлэхэд сайхан л үзлээ. Хожлын харьцаа 2:2 болсон үед сүүлчийн барилдаанаар шийдэгдэх эгзэгтэй мөч үлдэв. Гэтэл багийн гишүүн Б.Мөнхтуяа барилдаан эхлээд байна даа гэхийн завгүй цэвэр ялагдаж алтан медалийг өрсөлдөгч багт “бэлэглэв”.

Ер нь энэ удаагийн тэмцээнд тун сайхан барилдаан үзүүлж магтуулах учиртай бөх бол Д.Сумъяа. Тэр жиндээ шигшээд шалгаран медалийн төлөө өрсөлдсөн ч аз дутсан уу эцсийн бүлэгт ялагдал хүлээсэн. Гэхдээ л дэлхийн хэмжээний бөх шүү би гэдгээ харуулсан гэж болно. Багийн барилдааны амжилтад ч Д.Сумъяагийн ялалтууд гол нөлөөтэй байх шиг санагдсан. Бас манай хамгийн туршлагатай бөх, гавьяат тамирчин М.Бундмаа баг бүртэй хийх тулааныг амжилттай эхлүүлж бусдынхаа сэтгэл зүйд хүчтэй нөөлөөлж байлаа.

Эрэгтэйчүүдийн хувьд амжилтын тухай биш харамсалтай ялагдлын нь хэлье. Тэд В хэсэгт Япон, Алжир, Хятадтай өрсөлдөхөөр болсон. Тэгээд эхний барилдаанаа Японы багтай хийж ялагдав. Гэхдээ бүр 5:0-ээр шүү. Нэг ч ялалтгүй гэдэг гайхмаар ч юмшиг, харамсмаар ч юм шиг. Хэдийгээр Монголын баг дэлхийд данстай нэрээ хадгалж шагналт тавдугаар байр эзэлсэн ч гэлээ тэднээс олон түмний нэхэж байсан амжилтын дийлэнх нь хөсөрдөв.

Жүдо бөхийн холбоо, дасгалжуулагчдын анзаарах юм ч нэлээд байсан болов уу. Тэр дотор зарим жингийн бөх бэлтгэх нь чухал байх шиг. Ялангуяа эрэгтэй 63, эмэгтэй 78 кг-ын жинд дараагийн халааг гаргаж ирэх цаг болж. Ний нуугүй хэлэхэд том тэмцээнд орж л байдаг ч амжилт нь зогсонги болчихсон бөх ч байна шүү дээ. Дараа жилийн ДАШТ 2016 оны олимпийн наана анхаарах юмны эхлэл энэ болов уу.

Саяын тэмцээний  явцаас харахад ийм үг хэлмээр. Муухан барилдсан нөхдүүдийг бүгдийг азгүйдлээ. Харла гээд өнгөрвөл дараагийн тэмцээний дүн ч өөрцгүй болж магадгүй нь ээ. Уг нь манай жүдочид дэлхийд айлгах болсон үе бий шүү дээ.

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: