sonin.mn

Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяртай ярилцлаа.

-2012 оноос хойш нийгмийн халамжийн чиглэлээр олон арга хэмжээ авсан. Иймд өмнө нь байсан хүндрэлтэй асуудлууд хэрхэн шийдэгдсэн талаар яриагаа эхлье?
-Өмнө нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс гэж байсан. Харин яам хуваагдаж Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ХАХНХЯ-нд, Хөдөлмөрийн хэлтэс Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон.

Үүнийг дагаад бүтэц орон тоонд өөрчлөлт орж байгаа юм. Тухайлбал, хүн ам олонтой хороонд байцаагч нэмэх ч юм уу. Манай дүүргийн XVI хороо хүн ам олонтой учраас бид хоёр халамжийн мэргэжилтэн ажиллуулж байх жишээтэй. Түүнчлэн өмнө нь бүхий л үйлчилгээг хэлтэс дээр явуулж бүр иргэд хэлтэс дээр ирж дугаарлах гэх мэт олон хүндрэл үүсдэг байлаа шүү дээ.

Тэгвэл 2012 оноос хойш энэ бүх үйлчилгээг хороон дээр үзүүлдэг боллоо. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах болж байгаа юм. Нийгмийн халамжийн үйлчилгээний анхан шатны бүрдүүлэх бичиг баримт нь өргөдөл байдаг.

Тэр өргөдлийг тухайн хорооны Засаг дарга нь уламжилдаг. Тэгэхээр нэгэнт л иргэн өргөдөл гаргах гэж хороон дээрээ очиж байгаа болохоор өргөдлөө өгчихөөд тэндээсээ цохолт хийлгэж хэлтэс ордог байдлыг болиулж, хороон дээр үйлчилгээг нь үзүүлэх юм.

Наад захын жишээ л гэхэд жирэмсний таван сартайгаас авдаг тэтгэмжийг авахын тулд эмнэлгээс хяналтад орсон гэсэн бичиг авч, хороондоо өргөдөл гаргах гэх мэт олон газар руу явдаг байсан. Гэтэл одоо хороон дээр бүх асуудлаа шийдүүлээд гэр рүүгээ орчихож байгаа юм. Тэгэхээр халамжийн үйлчилгээг авахад чирэгдэлгүй болсон гэсэн үг.

-Гэхдээ иргэдэд энэ талаархи мэдээлэл дутуугаас болоод хэлтэс дээр ирэх тохиолдол байсаар байгаа гэсэн?
-Нэг нэгнээсээ ташаа мэдээлэл сонсох юм уу, харилцагч байгууллага нь буруу мэдээлэл өгснөөс үүдээд хэлтэс дээр ирэх тохиолдол байдаг. Тухайлбал, хиймэл шүд хийлгэхэд үзүүлэх тусламж гэж байдаг шүү дээ.

Гэтэл шүдний эмнэлэг нь бичгээ аваад Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстээ оч гээд явуулчихдаг. Иймэрхүү байдлаар ирж байгаа иргэд өөр хүн хэлтэс дээр ирэх нь багассан.

Гэвч хороотойгоо харьцдаггүй хүмүүс байна. Мөн бэлэнчлэх сэтгэлгээтэй танил талаараа асуудлыг хурдхан шийдэх гэдэг хэсэг бүлэг хүмүүс ч байдаг. Бидний зүгээс иргэдийн асуудлыг өдөрт нь л шийдэж байгаа.

Ер нь бол халамжийн үйлчилгээ хуулийн хүрээнд л явагддаг. Эрх нь үүссэн хүн бүр халамжийн үйлчилгээг авах боломжтой. Тэгээд ч халамж хамаатандаа өгдөг үйлчилгээ биш шүү дээ. Миний танил тал орж ирсэн ч би үгүй л гэж хэлнэ. Харин хороон дээр ажиллаж байгаа мэргэжилтэнүүд өөрсдийн хуваарьтай өдрөө хэлтэст дээр ирж санхүүжилтийг нь шийддэг байгаа.

-Өнгөрсөн оны сүүлээр орон даяар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийсэн. Энэ судалгааг хапамж авах ёстой иргэдийг зөвөөр тодорхойлсон судалгаа болсон гэдэг?
-Энэ судалгааны үр дүн гарч байгаа. Энэ судалгаагаар нийт хүн амыг 20 түвшинд хувааж байгаа юм. Зарим жишээг дурдахад Сүхбаатар дүүргийн хэмжээнд I түвшинд хамаарагдаж байгаа 279 өрх бий. Ажил, орлогогүй өрх гэсэн үг шүү дээ. Мөн ам бүлийн тоо, амьжиргаа гээд бүх зүйлс нь тодорхой болж байгаа.

Тухайлбал, дүүргийн XII хороонд зургаан хүүхэд, гурван ач, зээтэйгээ хамт амьдардаг 11 ам бүлтэй, бусдын хашааг түрээслэн амьдардаг өрх байна гээд гараад ирэх жишээтэй.

Ингээд зорилтот бүлгээ тодорхойлчихож байгаа учраас тухайн хүмүүст ямар үйлчилгээ үзүүлэх ёстой вэ гэдгээ боловсруулах шаардлага гарч байгаа юм. Тиймээс бид дээрх өрхүүдэд хүнсний эрхийн талон олгож байна.

-Өмнө нь энэ талоныг өгдөг байсан хэдий ч зорилтот бүлгийн хүмүүстээ хүрэхгүй байсан гэсэн шүүмжлэл байсан шүү дээ?
-Дүүргийн хэмжээнд энэ талонд 175 өрхийн 1172 иргэн хамрагддаг байсан. Гэтэл өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 244 өрхийн 1338 иргэн хамрагдахаар болсон. Гэхдээ хуучин авдаг байсан өрхийн 50 хувь нь өөрчлөгдсөн байгаа юм.

Тэгэхээр тухайн үед танил талаараа талон авч байсныг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл тэр 50 хувь нь авах ёсгүй хүн хамрагдаж байсан байна гэж үзэхээр байгаа юм.

-I түвшингийн 279 өрх байхад 244 нь хүнсний эрхийн талон өгч байгаа гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Зарим өрх хаягандаа байхгүй байгаа. Үүний зэрэгцээ хүмүүс "Бид өмнө нь талон авч байсан. Яагаад өгөхөө больчихов" гэдэг асуудал дэвшүүлдэг. Харин бид тухайн хүмүүст судалгаагаар та хамрагдах ёсгүй гэж гарсан байна гэдэг хариуг өгөхөөр "Бид тэр үед мэдээгүй" гэсэн зүйл ярьдаг.

Тэгэхээр энэ нь мэдээлэлтэй байсан бол худлаа хэлэх байжээ гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Тийм учраас бид хүсэлтийн дагуу дахин судалгаа явуулж байгаа. Одоогоор 24 өргөдөл ирсэн байна.

Үүний есийг нь газар дээр нь шийдвэрлэсэн бол үлдсэн нь шийдвэрлэх шатандаа явж байгаа. Мөн судалгааны үеэр гадаадад байсан болон судалгаанд хамрагдаж чадаагүй өрхийг дахин судалж байна.

-Зарим хүмүүс ядуурал ихэслээ гэж ярьдаг. Гэтэл энэ судалгаагаар ядуурал тийм их биш байгаа гэж харагдаж байгаа бололтой?
-Тийм. Гэхдээ харьцангуй ойлголт. Нийт өрхийн 30 орчим хувь нь асуудалтай байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Улмаар 15 хувь үнэхээр ядуу байна гэдэг судалгаа бий. Дүүргийн хэмжээнд гэвэл бидний хийсэн судалгаагаар дүүргийн хүн амын 7,5 хувь нь I-V түвшингийн өрхүүд байна.

Тодруулбал, I түвшингийн 279, II түвшингийн 419, III түвшингийн 371, IV төвшингийн 525, V түвшингийн 540 байна. Үүнээс ядуурал байна гэж харж болно. Гэхдээ дүүргийн нийт иргэдийн 7,5 хувь гэхээр харьцангуй бага тоо юм. Сүхбаатар дүүрэг төвийн дүүргээс гадна орон сууцны хороолол ихтэй, хүн амын шилжилт хөдөлгөөн багатай.

-Тэгэхээр дээрх 2000 гаруй иргэнд ямар үйлчилгээ үзүүлэхээ тодорхойлох шаардлага гарах нь ээ?
-I түвшингийн 279 өрхдөө хүнсний эрхийн талон өгч байна. Цаашдаа түвшинд нь таарсан үзүүлэх үйлчилгээг тодорхойлно. Нийгмийн халамжийн хуулинд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа.

Тухайлбал, миний бодлоор хоолгүй хонохгүй байгаа II түвшингийн хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ, цаашлаад III түвшингийн хүмүүст боловсролын үйлчилгээ үзүүлэх гэх мэт арга хэмжээг авна. Тийм учраас энэ судалгааг бүх салбар ашиглаж болох салбар дундын мэдээллийн бааз болсон.

-Гэхдээ зарим хүмүүс хавтгайрсан халамж олгох нь буруу гэж ярьдаг?
-Энэ бол 21 мянган төгрөгийн халамжаас л эхтэй зүйл шүү дээ. Харин энэ халамжийг олгохоо больсноор халамжийн мөнгөний 50 хувь нь хэмнэгдэж байгаа юм. Тухайн үед жилд нэг их наяд төгрөг зарцуулдаг байсан.

Гэтэл одоо 500 тэрбум төгрөгийг халамжинд олгож байна. Үүнийг дагаад халамжийн мэргэжилтнүүд болон банкны ажилчдын ажии дийлддэггүй байсан. Гэтэл хүүхдийн мөнгийг олгохдоо банктай гэрээ хийж шууд шилжүүлж байна.

Ингэснээр нөгөө дараалал, ачаалал алга болсон. Хамгийн гол нь энэ мөнгө банкны активт нөлөөлж байгаа юм. Хүүхдийн мөнгө авч байгаа иргэдийн 60 хувь тухайн банкиндаа хадгаламж үүсгэсэн байх жишээтэй.

-Сүхбаатар дүүргийн зүгээс амьжиргааны түвшин доогуур өрхдөө ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ?
-Дүүргийн Засаг даргын орлогч н.Нармандахтай ярилцаад бүх хэлтсүүдийн төлөөлөл оролцсон хамтран ажиллах баг бүрдүүлсэн. Халамжийн хуулийн 68 нэр төрлийн үйлчилгээг иргэд үзүүлэх ёстой.

Үүнийгээ хийж байвал биднийг ажлаа хийж байна гэж ойлгож болно. Бид энэ жилийг нийгмийн ажлын жил болгож байгаа. Улмаар нийгмийн ажил, үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэх юм бэ гэдгийг ярилцсаны үндсэн дээр хороо бүрээс зорилтот бүлгийг тодорхойлон амьдралыг нь тодорхой түвшинд өөрчлөн хүргэх арга хэмжээ авч байгаа юм.

Ингэхдээ ямар ажлыг хэн хийх вэ гэдгийг нь тодорхой болгож байгаа юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилтай болгохыг Хөдөлмөрийн хэлтэс, тэдний хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах ажлыг Боловсролын хэлтэстээ даатгаж байх жишээтэй.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ бүх ажлыг хийхийн тулд манай мэргэжилтэнүүд дагуулан явж байгаа. Энэ мэтээр зэрэгцэн сууж байгаад асуудлыг шийдвэрлэж байгаа нь их үр дүнтэй болж байна.Тэгэхээр нийгмийн ажилтан, зуучлагч, зөвлөгч, сургагч зэрэг олон ажлыг хийж байна гэж ойлгож болно.

-Санхүүгийн асуудлаас болоод гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Халамжийн хэлтсийн зүгээс түр хоноглох байранд нь зуучилж өгдөг. Ингэхдээ байрны төлбөрийг нь хийдэг. Мөн хуулинд заасны дагуу сургалтад зөвлөгөө өгөх, бүлгийн зохион байгуулалтаар ажилд зуучлах гэх мэт арга хэмжээ авдаг. Харин дүүргийн зүгээс цагдаагийн хэлтэстэйгээ хамтран хүчирхийлж байгаа хүмүүст арга хэмжээ авдаг.

-Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хуулиараа архи болон мансууруулах бодист өртөмтгий иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой?
-Тийм. Бид төрийн бус байгууллагатай хамтран сургалт явуулж байна. Мөн тэнэмэл иргэдэд хоноглох байр, халуун хоолоор үйлчилдэг. Наад зах нь хоолны дутагдалд оруулахгүй байлгах гэсэн үүднээс шүү дээ.

Үүнээс гадна бид тэнэмэл иргэдийг дэмжих үйл ажиллагаа явуулах гэж байна. Тэр хүмүүс дунд аргагүй эрхэнд тийм байдалтай байгаа хүмүүс ч бий. Тэднийг дэмжээд өгвөл ажиллах боломжтой.

Тиймээс хуулинд заасан тэтгэмжийг олгохдоо мөнгийг нь өгөөд зогсох биш амьдралыг нь тодорхой түвшинд хүргэх зорилго тавьж байгаа. Дүүргийн Засаг даргатайгаа ярьж байгаад тодорхой газарт тэр иргэдийг амьдруулах орчин бүрдүүлэх зорилт тавьж байна. Газрын асуудлыг дүүргээс шийдвэрлэж өгөх байх.

Хэрэв ийм боломж олговол тухайн иргэд гэрээ барих газар хайхгүй болно. Эхнийх нь хүмүүс боломжтой болсон цагт өөр газарт төвхнөдөг байх юм. Энэ мэтээр дараагийнх нь очиж байх тийм орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Г.Баярцэцэг

Эх сурвалж: