sonin.mn
БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 20-29-ний өдөр болсон Олон улсын химийн /International Chemistry Olympiad/ 46 дугаар олимпиадаас манай хоёр сурагч хүрэл медаль хүртжээ.
 
Тус олимпиадад 77 орны 300 гаруй сурагч химийн сорил, онолын даалгавраар оюун ухаанаа сорьжээ. Монгол Улсаа төлөөлж тус олимпиадад дөрвөн сурагч оролцсоноос  “Шинэ монгол” сургуулийн сурагч Н.Тэмүүжин, Нийслэлийн нэгдүгээр лаборатори сургуулийн сурагч Б.Бат-Оргил нар хүрэл медальтай эх орондоо ирлээ.
 
Тэд багш нартаа талархсанаа илэрхийлж , өнгөрсөн жил тус олимпиадад оролцож байсан туршлагатай учраас энэ жил өөрсөддөө итгэлтэй, бэлтгэл сайтай байсан хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Тэднийг шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлжээ.
 
Тус олимпиадын тэргүүн байрыг Сингапур, удаах байрыг ОХУ, Япон, Вьетнам улсын ахлах ангийн сурагчид эзэлсэн байна.  Олон улсын химийн тус олимпиад нь ахлах ангийн сурагчдын дунд жил тутам зохиогддог юм.
 
Дашрамд сонирхуулахад, Монгол Улс 2006 оноос тус олимпиадад оролцож эхэлжээ. Улсаа төлөөлж 2006 онд Б.Баттөгс /Сэлэнгэ аймаг/, Г.Энхмаа /28-р сургууль/, И.Энхбаяр /52-р сургууль/, Б.Баатарцол /Дархан аймаг/ нар оролцож байжээ.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг