sonin.mn

Энэ онд мэндэлснийх нь 100 жилийн ой тохиож буй улсын баатар Ц.Олзвой, Б.Дорж, Л.Гэлэгбаатар, Л.Дандар нарын алдар, гавьяаг төрсөн нутагт нь тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг БХЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Эрдэнэбаяр ахалж, ЦДБЭЧ, БХХСАХНЭ, Батлан хамгаалахын төв архив, Цэргийн музей, “Дуулга” студи, “Соёмбо” сонины сурвалжлагч оролцсон бүрэлдэхүүн энэ сарын 5-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Манхан сум, Завхан аймгийн Алдархаан сум, Улиастай хот, Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Булган аймгийн Бүрэгхангай сумдад ажилласан юм.

  Дөрвөн мянган км замыг туулсан бидний аяллын замд эхлээд Зэвсэгт хүчний 256 дугаар анги угтлаа. Хурандаа Ц.Дамдиндорж ангийнхаа ажил үйлсээс товч ярьж, 16 хүүхдийн цэцэрлэг барьж, ашиглалтад өгөхөөр бэлэн болгосон гээд уг бүтээлч ажлыг танилцуулав.

Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн байрлалд ч албан тушаалын орон сууцны барилгын явц дулааны улиралд эрчимтэй өрнөж байгаатай мөн танилцсан маань сурвалжлагчийн нүдэнд содон тусч, тэмдэглэгдсэн байна.

  Ховд аймгийн Манхан сумын нутаг руу ороход сумын удирдлага, Ц.Олзвой баатрын охин болон төрөл төрөгсөд биднийг хүндэтгэлтэйгээр угтсан юм. Манхан сумын төв дэх баатар Ц.Олзвойн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа баатрын төрсөн бууцны дэргэд босгосон гэрэлт хөшөөг нээх ёслол болов.

Манхан сумын Засаг дарга С.Гантөмөрийн санаачлагаар босгосон уг гэрэлт хөшөөний нүүрэн талд “БНМАУ-ын баатар Ц.Олзвой 1914 онд энд мэндэлжээ” хэмээн сийлэн мөнхөлжээ.

Манхан сумынхан баатрынхаа 100 жилийн ойг угтаж хэд хэдэн бүтээлч ажил хийсний нэг нь сумын төвийн гол гудамжийг хатуу хучилттай болгож, нээлт нь ч тохиосон юм. “Залуучуудын дэлхийн аварга Н.Батлавтай Дархан хотод барилдаж явлаа” гэж хуучлахад Засаг дарга С.Гантөмөр “Тийм үү?” гэж лавлаад “Манай сумын унаган хүү дээ” гэж билээ.

  Манхан сумын иргэдэд цэргийн эмч нар эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, зөвлөмж өгч, архивын лавлагаагаар үйлчилж, Ц.Олзвой баатрын охин, хамаатан садан төрлийн хүмүүсийнх нь яриаг хөрөг нэвтрүүлэгт оруулах бичлэг хийгдэж өдрийн турш шамдуухан ажилласан ажлын хэсгийнхэн Манхан сумын соёлын төвд Ц.Олзвой баатрын 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн ёслол зохион байгуулж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн хэсэг концерт тоглож, сумын иргэд залуус өргөнөөр оролцсон үдшийн цэнгүүн явуулав.

  Аян замын уртад эх орныхоо үзэсгэлэнт байгаль, уул нуруудыг харж нүд баясган алжаалыг умартан байснаас гойд нэгэн учралыг тэмдэглэн үлдээснээ сийрүүлье. Манхан сумаас хойш хорь гаруй км-т эгц цавчим элгэн хадан уулсын дундуур газар сүвлэсэн усан хэлхээ хойт, урд, дунд Сэнхэрийн гол урсана.

Чухам энд дэлхийд алдартай, НҮБ-ын ЮНЕСКО-д бүртгэлтэй Гурван сэнхэрийн агуй бий. 30-35 мянган жилийн өмнө монгол нутагт хүн амьдарч байсны мөнхийн баталгаа хадны, агуйн гайхамшиг зураг бүхий гурван Сэнхэрийн агуйн үнэт олдворыг их эрдэмтэн О.Намнандорж нээн илрүүлж, дэлхийд тавиулсан билээ.

  Завхан аймгийн Алдархаан суманд биднийг очиход сумын удирдлага, улсын баатар, армийн генерал Б.Доржийн зээ охин, хүүхдүүдийнхээ хамт тосч уулзсан юм.

Цэргийнхний нэгэн гэлтгүй хэд хэдэн үеийн бахархал болсон, БХЯ-ны сайдаар ажиллаж байсан цуутай генералын төрсөн сум Алдархааны сэрүүн дэнжид байх түүний хөшөөнд цэцэг өргөснөөр 100 жилийн ойг нь тэмдэглэх ёслолын ажиллагаа эхэлж, дуучид уран бүтээлчид, цэргийн эмч нар, архивын ажилтан, сонин телевизийнхэн тус тусын ажилдаа шамдаж өдрийг өндийх завгүй үдээд орой нь Улиастай хотыг зорьсон билээ.

  БНМАУ-ын баатар, армийн генерал Б.Доржийн хөшөө сүндэрлэх Улиастай хотын төв талбайд явагдсан үдшийн цэнгүүнд иргэд залуус өргөнөөр оролцож, цэргийн дуучдын ая дуу, аялгуу хэмнэлд баатрынхаа гавьяат үйлсийг бахархаж байлаа.

Үдшийн цэнгүүнд оролцсон Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив иргэд залууст хандаж, нутаг ус, эрэлхэг хөвгүүдээрээ бахархах, эх орон элгэн саднаа гэх чин сэтгэлийн үг хэлсэн нь залууст ихэд таалагдаж уухайн түрлэгтэй хүлээн авч байсан даа.

  Халхын голын дайнд гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдийн дундаас тодорсон баатрууд дотор улс төрийн ажилтан байсан нь Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул Л.Гэлэгбаатар байв.

Хөвсгөл далай ээжийн хойт эрэг хөвөө Ханх суманд мэндэлсэн баатрын 100 жилийн ойгоор Хөвсгөл аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид Чингүнжавын талбайд цэргийн ёслолын жагсаал үйлдэж эрхэм баатартаа гүн хүндэтгэл үзүүлэв.

Хөвсгөл аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Д.Бямбацогт нутгийн баатрынхаа ойн арга хэмжээг сайтар зохион байгуулсан нь илт мэдрэгдэж байлаа.

Мөрөн хотын төв талбайд явагдсан үдшийн цэнгүүн, Хөвсгөл далайг зорьсон аялал наадмын өдрүүдэд тохиож, ажлын ачаалал ихтэй байсан ч хурандаа Д.Бямбацогт тэр бүхнийг хайхралгүй сурталчилгааны багийн ажлыг дэмжиж, орон нутагт батлан хамгаалах салбарыг хариуцсан хүн байдаг гэдгийг бидэнд харуулсан шүү.

  Халхын голын дайны ялалтын баатрууд дотроос ард түмний дунд домог болон яригддаг хамгийн алдартай нь алаг морьт, улсын гарамгай баатар Л.Дандар. Булган аймгийн Бүрэгхангай сумын төвд гарамгай баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн эрхэм баатрын ойд зориулсан хүндэтгэл ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилж, Монгол цэргийн музейн үзмэр, цэргийн эмч нарын үзлэг, архивын лавлагаагаар лавширч тус сумын иргэд залуусыг өдөржин завгүй байлгалаа.

Бүрэгхангай суманд Засаг дарга М.Бадам 1992 онд ЦИС төгссөн, их буучин мэргэжилтэй аж. Засаг даргын идэвх санаачилгаар тус суманд чамгүй ажил амжсантай танилцаж явахдаа цэргийн боловсон хүчин хаа ч ажилласан нэр, мөртэй явдгаар эрхгүй бахархаж байв даа.

Л.Дандар баатрын төрсөн Бүрэгхангай сумын баруун уулын ойн захад тэврэлдэж ургасан хус, хуш хоёр байх агаад түүнийг Дурлалын мод хэмээн нэрлэж, хол ойрынхон сүсэг бишрэлээр хүндэтгэн дээдэлдэг аж. Дурлалын модноос холгүйхэн хөөрхөн дүнзэн байшин байх. Хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн уран бүтээлийн өргөө, урлан гэнэ.

  Улсын баатруудын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн өнгөрүүлэх бие бүрэлдэхүүн дөрвөн мянга гаруй км замыг туулж, үүргээ амжилттай биелүүлсэн бөгөөд дэд ахлагч С.Төрбатын морин хуурын эгшиг, ахлагч Г.Алтанцэцэгийн уртын дууны шуранхай, ахлагч Р.Амартөр, Б.Нарантунгалаг, дэд ахлагч Э.Мөнх-Оргил, Ө.Батбаатар, Д.Лхамхүү, бүжигчин Б.Бат-Өлзий нарын айзам жигдэрсэн уянгалаг дуу бүжиг  хөдөөгийн ард иргэдийн  чих баясган наадмын өдрүүдийн чимэг болж байлаа.

Дэд хурандаа Д.Шижиртуяа, дэслэгч Б.Батбаяр, Х.Лхамхүү, А.Сугар нар очсон газар бүртээ тун “эрэлттэй” байв. Учир нь, цэргийн төв эмнэлгээс илгээсэн энэ дөрөв эмч нар л даа. Арав хол давсан хоногийн аян замын тэмдэглэл нэлээд урт хөврөх янзтай, хишигний бага нь амттайг санаж цэг хатгая даа.

Дэд хурандаа П.Батнайрамдал