sonin.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хаан найргийн хатан Ш.Дулмаа абугайн сэтгэлийн ариун ертөнцөд аав нь хаан сэнтийд залардаг ажээ. Тэрбээр "Үнэн" сонины газарт утга зохиолын ажилтнаар ажиллаж байгаад 1987 онд гавьяаныхаа амралтад гарч чөлөөт уран бүтээлч болсон байна. 1994 оноос Утга зохиолын дээд сургуульд өнөөг хүртэл багшилж зуун мянга хол давсан шавьдаа авьяас билгээ өвлүүлж яваа нэгэн юм.

 

"Өглөө”, "Үүрийн цолмон", "Халхын сайхан эрчүүл", "Хунгийн нулимс", "Цэнхэр гариг", "Мөнгөн хонх", "Нарны алтан тоос", "Хайрлахын заяатай орчлон", "Хайрын эгшиглэн", "Нутгийн чулуу", "Алтанд дарагдсан амь", "Хүүгийн эцэгт бичсэн захидал", "Тоосон дундах цэцэг" тууж өгүүллэг, "Мөнхзул", "Монголын зүйр цэцэн үгс" зэрэг 30 гаруй ном хэвлүүлсэн байна. Хаан найргийн хатан Ш.Дулмаа абугай ачит аавыгаа ийн дурслаа.



-Та аавынхаа тухай яриач. Аавыг тань их баян хүн байсан гэж дуулсан?

-Миний төрсөн аав Дашдонойгийн Зана гэж долоон үеийн баян удамтай, ард түмэндээ нэр хүндтэй маарамба байсан. Угийн малчин хүн. Эцгийнх нь долоон удамд дандаа л 12 хүүхэд гаргасан хүмүүс байж. Тэдний дунд сайн эмч, авьяаслаг дуучин, цэцэн мэргэн, сайхан хүүхнүүд бишгүй бий. Миний аав хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, цаг агаарын байдлыг тун сайн мэддэг, шинэ буух газраа ч мундаг сонгодог ховорхон хүн байсан юм.



-Таныг айлын өргөмөл ганц охин гэж сонссон юм байна?

 -Тийм ээ. Эхээс төрсөн даруйдаа хүнд үрчлүүлсэн юм. Ээжийн минь хойдох /ихэс/ цөглөхгүй гурав хоносон учир аав "Энэ хүүхэд нэг л учиртай. Ижийнхээ амь насыг авах гээд байх шиг байна. Хүнд үрчлүүлэхээс өөр яах, вэ" гээд Г.Шагдар гэдэг хүнд үрчлүүлсэн юм билээ. Тиймээс би төрсөн эцгийнхээ тухай бага мэднэ. Харин өргөж авсан аавынхаа тухай ихийг мэднэ шүү.



-Тэгвэл өргөж авч ачилсан аавын тань тухай яривал ямар вэ?

-Миний аав бичиг үсэг мэдэхгүй ч бага наснаасаа эхлэн баян айлд зарцлагдаж. ажлын хүндийг нуруундаа уүрч явсан болохоор амьдрал гэдгийг дэндүү сайн мэддэг хүн байсан. Хүн байхын аугаа их эрдмийг амьдралынхаа туршлагаас олсон хүн. Аавыг минь Г.Шагдар гэдэг. Хэлд орохоос минь эхлээд л үлгэр оньсого ярьж, туульс хайлж, уртын болон богино дууг маш сайхан дуулж өгдөг байлаа.

 

Тийм учираас л би аавынхаа уран сайхан үгсийг сонсч, уянгат сайхан дууг нь чагнасаар байгаад урлагийн их ертөнцтэй золгосон юм. Миний өдий дайтай яваа минь аавын зааж өгсөн шүлэг, оньсого, үлгэр, зүйр цэцэн үгийн аугаа их ид шид. Түүнийг эзэмшсэн эцгийн минь халуун ойрын сэтгэл гэж боддог. Хар бага наснаас минь сургаалаа хайрлаж "Ядарсан хүнд тусалж бай, бусдыг хайрлаж яв.

 

Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим" гэж захидаг байсан нь өдгөө ч миний чихэнд хадаастай явдаг. Аав минь эгэл даруу, жирийн л нэг малчин хүн шүү дээ. Тэгсэн атлаа хүнд байх ёстой хамгийн сайхан чанарыг агуулсан. Ажил үйлс, амьдрал бүтээл, сэтгэл зүрхээрээ амьд жишээ болсон ертөнцийн хамгийн сайн аавуудын нэг байсан даа.

 

Намайг таван настай байхад номхон мориндоо сундалж аваад номын багштай минь золгуулж, эрдмийн алтан үсэг нүдлүүлснээр ирээдүйн найрагч болох сэхээтний амьдралын анхны замыг нээж өгсөн юм. Олон сайхан сургуульд сурч, заасан замаар нь эндэгдэлгүй явж өдий зэрэгт хүрснээ ухаант аавынхаа сэтгэлийн дэм, ухааны их тэнхэл гэж боддог доо.



-Та аавынхаа ямар нандин чанарыг өвлөсөн гэж бодож байна?

-Аавынхаа хүнлэг гүндүүгүй чанарыг дээдэлж, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлээр зүрхээ тэтгэн, өөрт минь байгаа сайн сайхан бүхнээ бусдад түгээх юмсан гэж насан туршдаа зорьж явлаа. Тэр ч утгаараа би хүний мөстэй байх, хүнийг хүн болгох, хүнд хэрэгтэй явахсан гэж боддог. Мөн энэ сайхан чанарыг шавь нартаа өвлүүлэхсэн гэж хүсч явдаг хүний нэг дээ.

 

Ядарч зүдэрсэн хүнд тусалж, шөлний махгүй болсон настан бууралд өргөл өгч, аргал усыг нь дөхүүлж чаддаг монгол хүний шүншигтэй, энэрэхүйн нинжин сэтгэлийг өвлөж авахсан гэж өдийг хүртэл хичээж ирлээ. Миний аав ардын гүн ухаанаар намайг хүмүүжүүлж, насан өөд болтлоо эцэг хүний энэрэхүйн нинжин сэтгэлтэй эгэлгүй их ухаанаар хүн болох эрдмийг зааж, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн.



-Таны аав уул шиг ханагар хүн байсан гэлцдэг юм билээ?

-Тийм ээ. Өндөр нуруутай, ханагар өргөн цээжтэй, давхраатай алаг нүдтэй сайхан шар царайтай, үргэлж л инээмсэглэж явдаг хөгжилтэй хүн байсан. Манайх гэдэг айл зуны турш гүү барьж, айраг хөхүүр цэлцэлзүүлсэн, саахалтын залуусын дуу хуур, сонин хачин ярианд умбасан баяр жаргалаар дүүрэн айл байлаа. Аав маань уртын дууг их сайхан дуулна.

 

Унагаа голсон гүү, тугалаа голсон үнээ, хургаа голсон хонийг тойглож уртын дуугаараа аргадан байж авахуулдагсан. Унагаа голсон гүүг Ардын жүжигчин А.Долгорын өвөө Намжил гэдэг хүний хууранд эмээ Сүрэн гуайтай нь хамт дуулан авахуулж байхыг нь сонсч байсан шүү.



-Таны төрсөн аавын талаар хэр их ярьдаг байв?

 -Ярьж өгөлгүй яах вэ. Манай хоёр гэр айл аймаг явдаг байсан. Шагдар аав маань "Үрчилж авсан ганц охиноо ах дүүсээс нь салгахгүй" гэж миний төрсөн гэртэй айл саахалт буудаг байсан юм билээ. Тэгээд л би нэг хотонд ах дүү нартайгаа хамт өссөн. Миний аавын их ухаанд ганц охиноо ганцаардуулахгүй гэсэн санаа байсныг хожим ухаарсан.



-Газар дээрх ганц охин нь хожим яруу найргийн хатан эх болно гэдгийг аав тань төсөөлж байсан болов уу?

-Намайг энэ дайны алдар гавьяанд хүрнэ гэж бодоогүй байх аа. "Миний охин төрсөн цагаасаа хойш аавынхаа чихийг нэг ч халууцуулж яваагүй. Дандаа сайн суралцаж, ажиллаж явсан" гэж баярладаг байсан. Анхны хэдэн номоо гаргаж байсныг минь мэднэ л дээ. Аавынхаа тухай "Алтан мөр" найраглал бичээд хэсгээс нь уншиж өгөхөд "Миний охин ч сайн юм бичдэг болжээ" гэж урмаар шагнасан юмдаг.



-Үрчилж авсан ганц охиноо ёстой л бурхан шиг тахидаг байсан байх даа?

 -Тэгэлгүй яах вэ. Аав намайг дэндүү их эрхлүүлдэг байсан. Хамгийн гол нь, хүний дайтай хүн болгож сайхан сэтгэлээ өвлүүлж өгсөнд нь би баярладаг. Манай нутгийнхан "Шагдар гуайн охин сургуульд орлоо. Эрх нь дэндсэн амьтан ном сурахгүй дээ" гэлцэж байсан гэдэг. Гэтэл би нэгдүгээр ангийнхаа хагас жилээр онц сурч, түлхүүрдэж тоглодог төмөр машинаар шагнуулахад хүмүүс их гайхаж байсансан. Тэгэхээр хүн эрхэлсэндээ бус ухаарснаараа амьдардаг бололтой юм аа.



-Ингэхэд аав тань яагаад заавал Г.Шагдар гуайнд үрчлүүлсэн юм бол?

-Миний төрсөн эцэг их холч ухаантай хүн байсан учраас хүүхэдгүй айлыг үртэй болог гэж намайг сэтгэлийн өглөг болгож өгсөн юм билээ.



-Аав тань хэзээ өөд болсон бэ?

-1987 онд бурхан болсон доо. Насан өөд болтлоо хайраар дутаагаагүй аавынхаа халуун сэтгэл дээр хааны гүнж шиг жаргаж явсан хүн дээ, би /хоолой нь зангирав/. Ер нь хүний хайр гэдэг сайн сайхан амьдрал, сайн хүн болох, сайхан сэтгэлтэй байхын эхлэл байдаг болов уу. Би насан туршдаа хайраар дутаж үзээгүй хүн.

 

Эх орон, эцэг эх, хань ижил, үр хүүхдийн энгүй их хайр. Ийм сайхан хайранд жаргаж явсан учраас миний уран бүтээлд хайрын тухай сэдэв, хайрлан жаргахын утга учир амьдрал хайр дээр тогтохын буян бүгд бий.



-Айлын өргөмөл ганц охин болсондоо хааяа ч гэсэн, харамсах үе байсан болов уу?

-Хэзээ ч харамсч байгаагүй. Учир нь миний ижий аав төрүүлсэн эцэг эхээс минь өөрцгүй юугаар ч дутахааргүй дэндүү их ухаантай, гүндүүгүй сайхан, хүн чанарын оргил хүмүүс байсан. Халуун сэтгэлтэй, эгэл жирийн атлаа эрдэмтнээс ч дутуугүй ухаантай, мэдлэг ухамсартай, ариун сайхан сэтгэлтэй улс байсан даа.



-Ааваасаа хойш хацар тань эзгүйрээд хэцүү л байсан байх даа?

-Амаргүй байсан нь мэдээж. Гэхдээ хүний амьдралын эхлэл төгсгөл гэдэг хэрхэн яаж амьдарснаас нь шалтгаалдаг болохоор дэлхий даахгүй малтай, дэндүү их баян хүн байгаагүй ч гэлээ миний аав энэ ертөнцийн хамгийн жаргалтай хүн байсан. Ганц охиныхоо хайраар өлсч цангах, даарч хөрөх, ядарч туйлдахын ямар нэгэн зовлон үзээгүй.

 

Жирийн хүний амьдралаар сэтгэл тэнүүн, амар амгалан, ганц үрээрээ бахархаж, баяр жаргалыг нь эдэлж амьдарсан хүн. Тийм болохоор би алтан сургаалыг нь цаг ямагт санаж, амьдралд хүн шиг хүн байх гэж муу бүхнээс өөрийгөө зайлуулж, эцгийн голомтыг залгуулах сайхан үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, захисан бүхнийг нь биелүүлж яваагаа аавдаа буян үйлдэж байна гэж бодон сэтгэлээ засч явдаг юм.



-Аавынхаа тухай шүлэг хэлэхгүй юу?


Аавын харц


Гоодон дээлнийхээ энгэрт эцгийн харцыг зүүж

Томоожиж өссөн хүүхэд нас минь

Өнөөдөр ч надад ихийг сануулдаг

Өвдөг сөгдөн буруугаа наминчилмаар болдог

Өргөн энэ хорвоогоос аавыгаа үгүйлэхдээ

Өвдтөл нэг гуядуулахсан гэж санадаг

Ухаарлын тэнгэртэй аавдаа баярламаар

Удаан хүлээгээд аавыгаа ирээгүйд нь гомдмоороо

Гэлээ ч аавын минь харц

Хэрсүү сууж ухаан тэлэхэд минь

Одоо ч гэсэн сэтгэлд хэвээр

Орчлонгийн их зайнаас ширтэн харсаар л...

 


Аавдаа


Ханат гэрийн хойморт

Ханхайж суусан аав минь

Хаа ч явсан намайгаа

Хайраар дутаагаагүй шүтээн минь

Дэлхийн цэнхэр салхинд

Дээлээ гандтал давхиж

Дээртэй доортой амьдралд

Дэндүү ухаалаг явсан та

Бодол бодлын үзүүрт

Бурхан аав минь санагдана

Болох болохгүйн эргүүлэгт

Буянтай сургаал нь бодогдоно

Өвөдөж сөхөрч явахад

Үгээрээ татаад босгодог

Халуурч дэвэрч сагахад

Харцаараа алгадаж ухааруулдаг

Намайгаа л гэж элэхдээ

Насаа хайрлаагүй аав минь

Үрээ л гэж эмтрэхдээ

Өөрийгөө гамнаагүй аав минь

Дэндүү их ачийг тань

Дэлхийд хариулж чадаагүй ч

Найргийн гэгээн зуландаа

Нартад таныгаа мөнхөлье дөө


-Сайхан шүлэг байна, гялайлаа. Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?

-Миний аав шиг монгол орны түм түмэн, үрсийг хүмүүжүүлж, сэтгэлээ чилээж, чөмгөө дундартал зүтгэж явсан аавуудаа хайрлаж, амьдад нь жаргааж яваарай гэж хойч үеийнхэндээ захиас болгож хэлье дээ.

 

Б.Анхцэцэг

Эх сурвалж: