сонин mn
Өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад легионер болох замыг сонгосон юм бэ?
 
-Намайг Жаргалсайхан овогтой Баянжаргал гэдэг. 26 настай, барилгын инженер мэргэжилтэй. Францын армид  4 жил 3 сар алба хааж байна. Анх 16 настайдаа легионеруудын тухай олж мэдээд алба хаах зорилго тавьсан. Насны хязгаар 17.5-39.5 байдаг тул их сургуулиа төгсөөд 22-тойдоо легионер болсон. Хувь хүн талаасаа илүү хөгжин юм үзэж, нүд тайлж бас өөрийгөө сорьж үзэхийг хүссэн болохоор энэ армид элсэж легионер болохыг зорьсон.
 
Францын арми болон легионеруудын талаар мэдээлэл өгөхгүй юу? 
 
-Францын армийн хувьд франц хүн бүр алба хаадаг. Легионы хувьд дэлхийн хаанаас ч ирж элсэн орж болно. Гэхдээ алба хаах хугацаандаа Францын армийн цэргийн алба хаагчид тооцогддог. Дэглэмийн хувьд сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэлт гээд олон зүйлээрээ Францын үндсэн армиас илүү. Зарим хүмүүс тусгай хүчинтэй нь андуурдаг.
 
Легионер болоход ямар шалгуур тавигддаг вэ?
 
-Анх элсэхдээ олон төрлийн сорилт өгдөг. Турникт суниах, гүйлт, усанд сэлэлт, IQ шалгасан хоёр төрлийн сорилоор шалгалт өгнө. Дээр нь хувь хүний болон тусгай (сэтгэлзүй шалгасан) гэсэн хоёр төрлөөр ярилцлага авдаг. Мэдээж эрүүл мэндийн хувьд маш нарийн шалгадаг. Эдгээрийг харгалзан авах эсэхээ шийддэг. Тэнцсэн тохиолдолд 4 сар карантин, дараа нь ангиа сонгоод дахин 2 сарын карантин гэх зэргээр үргэлжилдэг. 
 
Сургалт бэлтгэлийн хувьд ямархуу байдаг вэ?
 
-Сургалт бэлтгэлийг өдөр бүр хийдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, хөдөө хээр явах, харуул хийх үед ч ялгаагүй сургалт бэлтгэл явагддаг. Цэргүүдэд тавьдаг норматив  гэж бий. Түүгээрээ жилд нэг удаа шалгалт авдаг.  Дүрэмт хувцас, хэрэглэлтэйгээ 8  км гүйх, олсонд авирах, усанд 15 метрийн гүнд шумбаж үргэлжлүүлээд 85 метр сэлэх, гар дээр цэвэр 55 суниах, 2400 метр гүйх зэрэг сорилыг тогтоосон хугацаанд өгдөг.
 
Дүрэмт хувцас, хэрэгслийн хангамжийн талаар сонирхуулахгүй юу? Нууц биш бол цалингаа хэлж болох уу? 
 
-Хувцас, хангамжийн хувьд маш сайн. Жилийн хугацаанд хувцас захиалж болох оноо өгдөг. Түүгээрээ гутал, хувцас зэрэг ойр зуурын зүйлсээ авна. Ямар нэг ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай хувцас, хэрэглэлийг нэмж олгодог. Цалингийн хувьд үндсэн цалин 1350 евро, даатгал зэрэг ойр зуурын зайлшгүй төлдөг зүйлсээ хасаад ойролцоогоор гар дээрээ авах нь1200 евро. Ажиллагаа, хамгаалалт, хээрийн сургуулилт зэрэгт явахад тус бүртээ өөр өөр нэмэгдэл цалин бодогддог.
 
Монголоос хэдэн залуу алба хааж байна вэ? Эх орон гэж таны хувьд юу вэ? 
 
-Албан ёсны тоогоор хэд гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй ч 120 хавьцаа байх. Эх орон гэж миний хувьд үнэлшгүй баялаг, дүүрэн амьсгаа авах ганц газар минь гэж боддог. Эх орон, элгэн саднаа санахаараа ихэвчлэн дуу сонсдог. Гитараа шүүрч аваад дуулдаг. Энд байгаа бүх залуус эх орноо их санаж, эх орон руугаа тэмүүлдэг. Ар гэр, ахуй амьдрал зэргээс шалтгаалаад буцах хугацааны хувьд өөр өөр. Төрсөн нутгаас илүү сайхан газар гэж хаана байх вэ дээ.
 
Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ? 
 
-Чөлөөт цагаараа зааланд тоглоно. Найз нөхөдтэйгөө уулзаж ярилцана. Блог ажиллуулдаг болохоор бичлэгээ хийж байршуулна гээд хийх зүйл их. 
 
Таны ирээдүйн зорилгыг сонирхъё... 
 
-Есдүгээр сард халагдаад эх орондоо очно. Монголдоо хийх зүйл их байна. Нас залуу, цус шингэн байгаа дээрээ хүмүүст аль болох эерэг нөлөөлөл үзүүлж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулъя гэж бодож байна.
 
Баярлалаа. Амжилт хүсье.
 
X.Ганзул
Эх сурвалж: “Соёмбо” сонин