sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын Ү их наадмыг спортын 42 төрөлд амжилттай зохион байгуулсан. Наадмын шигшээ тэмцээн Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сарын 7-19-ний өдрүүдэд болж, спортын 17 төрөлд аймаг, дүүргээс шалгарсан 2000 орчим хүүхэд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн билээ. 
 
Тэгвэл өчигдөр тус спортын наадмын шилдгүүдийг шагнаж, урамшууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монголын хүүхдийн Ү их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан нарын албаныхан оролцов.
 
Энэ үеэр наадмын зохион байгуулах хорооны зарим гишүүн, хүүхдийн наадмын тэмцээнүүдийн ивээн тэтгэгч, сайн зохион байгуулсан спортын холбоод, клуб, дасгалжуулагчид болон зарим сургуулийг дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулсан юм. Хүүхдийн Ү их наадмын тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын холбоодоор волейбол, хүндийн өргөлт, тэшүүр, спортын гимнастик, таеквондо, хөнгөн атлетик, шатар, даам, буудлага, хөлбөмбөг болон цанын спортын холбоод шалгарчээ.
 
Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Монголын хүүхдийн Ү их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжан хэлэхдээ “Хүүхдийн спортын Ү наадам өнгөрөгч есдүгээр сард амжилттай болж өндөрлөсөн. Гэхдээ бид энэ удаагийн наадмын арга хэмжээг долоо хоногийн үйл явдлаар орхигдуулж болохгүй. Нөгөө талаар хийсэн ажлынхаа үр дүнг дүгнэх, холбоодуудын хөдөлмөрийг олон нийтэд сурталчлах, таниулах үүднээс шат дараалсан арга хэмжээг авч байна.
 
Энэ удаа наадмыг хамтран зохион байгуулсан холбоо, клуб, сургуулиудын төлөөллийг шагнаж, урамшууллаа. Урьд өмнө нь тэр бүр үнэлэгдээд байдаггүй байсан клубүүдийн амжилтыг онцгойлон анхаарч шалгарууллаа. 
 
Мөн энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг тамирчдын амжилтыг гаргаж, сургуулиудын чанарын үзүүлэлтээр урамшууллаа” гэв. 

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"