sonin.mn

Спортын салбар тэр дундаа Монголын үндэсний олимпийн хороо, түүний Ерөнхийлөгчийн нэр төрд удаа дараа халдсан МҮОХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, Н.Баярсайхан, Б.Жияандорж, гишүүн бус Ч.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, Н.Тамир нарын хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч, Олимпийн их гэр бүлийн нийт гишүүд, Олон улсын олимпийн хөдөлгөөн дэх Монгол Улсын эрх ашиг хөндөгдөхөөр байдал үүссэнтэй холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийг дээдлэх үүднээс тэдгээр нөхдийн үг хэл, авир аашийг хангалттай тэвчин хүлээцтэй хандаж ирлээ.


Тэдгээрийн яриад байгаа зохиомол гүтгэлгийг дэмжээгүйн төлөө Монголын үндэсний олимпийн хорооны бүрэн эрхт гишүүд, гишүүн холбоодын төлөөлөл биднийг Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн төлөө гар өргөдөг хэсэг бүлэг хүмүүс, түүнээс албан тушаал, бэлэг сэлт, шан харамж авдаг, гадаадад аялдаг зэрэг ёс бус, авилгын шинж чанартай үйлдлээр холбогдсон тойрон хүрээлэгчид гэж гүтгэн доромжилж удаа дараа нэр хүндэд халдлаа.


МҮОХ-ны Бүх гишүүдийн хурлаас 2010 оны 12-р сарын 22-ны өдрийн 4 тоот тогтоолоор баталсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоодын төлөөлөл биднийг өөрсдийн бусармаг үйл ажиллагаанд татан оролцуулахыг оролдон, ятгалганд авталгүй үнэний талд тууштай зогссоны төлөө элдэв нэр хоч өгөх, зандчих, элдвээр дарамтлах, басах зэрэг зүй бус үйлдлийг албан ёсны хурал дээр, үүгээр зогсохгүй олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гаргаж буй тэдний авирыг хэрхэвч тэвчиж болохгүй учир үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэхийг зорьлоо.


Дээрх нөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 1-р сарын 15-ны өдөр орон тооны бус 13 зөвлөхөө чөлөөлсөн зарлигийг өөрсдөө гаргуулсан мэт ярьж, төрийн тэргүүний нэр хүндэд ч халдаж байна.


МҮОХ-ны дүрмийн Хоёрдугаар бүлэгт МҮОХ-ны гишүүнчлэлийг заасны дагуу МҮОХ нь гишүүн 64 спортын холбоотойгоор ажиллаж байгаа юм. Эдгээр холбоодоос 19 нь тэднийг дэмжин гарын үсэг зурсан мэтээр дээрх нөхдүүд ярьж мэдээлж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Нэр дурдаж буй 19 холбооны 10 холбоо нь МҮОХ-ны гишүүн бус холбоо юм. Үлдсэн 9 холбооноос Монголын боксын холбоо, Монголын тэшүүрийн холбоо тэдэнтэй нэгдээгүй гэдгээ албан бичгээр МҮОХ-нд ирүүлсэн байна. Тэдний дэмжиж байгаа гэх 7 холбооны олонхи нь тэдний өөрсдийн толгойлдог холбоод байна.

Дээрх нөхөд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг гүтгэсэн бичиг тоот удаа дараа ОУОХ-нд илгээж төрийн тэргүүн, засгийн төлөөллийг МҮОХ-ны дотоод хэрэгт оролцуулах гэсэн оролдлого хийж байгаа нь Олон улсын олимпийн хорооны Харти, Хартийн 27.2.6 дахь заалтын “Үндэсний олимпийн хороод нь бие даасан байдлаа бүрэн хангаж улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа дарамт шахалтыг эсэргүүцэж хараат бус байна” гэснийг ноцтой зөрчиж байна. Энэ байдал Монголын төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулахгүй байх нөхцлийг үүсгэж болзошгүй байна.


Өнгөрсөн оны 12-р сарын 24-нд хуралдсан МҮОХ-ны бүх гишүүдийн хуралд гишүүн бус Д.Дагвадорж, Ч.Бат-Эрдэнэ нар хүч түрэмгийлэн хурлын танхимд орж ирж, хэлэлцэх асуудлын хөтөлбөрт байгаагүй МҮОХ-ны Ерөнхийлөгчид “итгэл үзүүлэх” асуудлыг хэлэлцэхийг шаардахад нь Хорооны гишүүд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж уг саналыг нь хэлэлцэхэд гишүүдийн 96,8 хувь нь итгэл үзүүлэх нь зүйтэй гэж санал өгсөн билээ.


Гэтэл дээрх нөхөд энэ шийдвэрийг хүндэтгэлгүй олонхио дагахгүй ардчилалд суралцаагүйгээ харуулж бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
МҮОХ-ны гишүүд, спортын холбоодын төлөөлөл бид Олон улсын Олимпийн Харти, МҮОХ-ны дүрмийн дагуу Монгол улсын спортын хөгжлийн төлөө зүтгэж бүхий л ухамсарт амьдралаа түүний хөгжил, сайн сайхны тусын тулд зориулж яваа спортын зүтгэлтнүүд бөгөөд спортынхны дунд хагарал үүсгэх, эв нэгдлийг бусниулах, нэр хоч өгүүлэхдээ тулаагүй гэдгийг хатуу анхааруулахын хамт хүнийг гүтгэсэн, нийгмийн дунд буруу ойлголт төрүүлж байгаа асуудлаар нь хууль хяналтын байгууллагад хандах болно.


2016 оны Олимпийн наадам хаяанд тулсан энэ үед бид эв нэгдэлтэй байж олон олон шинэ аваргуудыг бэлтгэн гаргах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө бүгдээрээ хичээцгээе.
МҮОХ-ны гишүүн холбоод, гишүүдийн төлөөлөл
2015 оны 1-р сарын 23


Мэдэгдэлд нэгдсэн спортын холбоод:
Монголын регбигийн Холбоо
Монголын волейболын холбоо
Монголын бейсболын үндэсний холбоо
Монголын бодибилдинг фитнессийн холбоо
Монголын бадминтоны холбоо
Монголын автомашин мотоциклийн спортын холбоо
Монголын талбайн теннисний холбоо
Монголын байт харвааны холбоо
Монголын хүндийн өргөлтийн холбоо
Монголын дугуйт тэшүүрийн холбоо
Монголын цанын холбоо
Монголын триатлоны холбоо
Монголын бүжгийн спортын холбоо
Монголын туялзуур сэлэмний холбоо
Монголын боксын холбоо
Монголын шатрын холбоо
Монголын кураш бөхийн холбоо
Монголын спорт эмнэлгийн холбоо
Монголын сагсан бөмбөгийн холбоо
Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо
Монголын тэшүүрийн холбоо
Монголын софт теннисний холбоо
Монголын загасчлалын спортын холбоо
Монголын үндэсний сурын холбоо
Монголын спортын менежментийн холбоо
Допингийн эсрэг үндэсний төв
Спортын барилга байгууламжийн холбоо
Монголын өсвөр үеийнхний спортын холбоо
Монголын таэквондогийн холбоо
Монголын уулчдын үндэсний холбоо
Монголын дугуйн холбоо
Монголын олс таталтын холбоо
Монголын боулингийн холбоо
Монголын биатлоны холбоо
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Монголын спортын шинжлэх ухаан, бие бялдрын боловсролын холбоо
Монголын хөнгөн атлетикийн холбоо
Монголын шагайн харвааны холбоо
Монголын кикбоксын холбоо
Монголын самбо бөхийн холбоо
Монголын биллиардын холбоо
Монголын жюүжицүгийн холбоо
Монголын үндэсний мөсний шагайн холбоо
Монголын үндэсний бөхийн холбоо
Монголын усан спорт сонирхогчдын холбоо
Монголын хоккейн холбоо
Монголын олимпийн түүх судлалын нийгэмлэг
Монголын үндэсний олимпийн академи
Монголын агаарын спортын холбоо
Монголын морин спорт уяачдын холбоо
Монголын гимнастикийн холбоо