sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна.
Баянзүрх дүүргийн сонгогчид 3 дугаар хорооны сонгуулийн 1660, 1661 дүгээр хэсэгт саналаа өгч байна.
 
Энэ хорооны 2486 иргэн энэ өдөр санал өгөх бөгөөд өглөө 07 цагт нээлтээ хийсэн 1661 дүгээр хэсэгт 10 цагийн байдлаар санал өгөхөөр бүртгэгдсэн иргэдийн 18,49 хувь саналаа өгөөд байна хэмээн тус хэсгийн Тус хэсэгт гадны ажиглагчдаас Норвеги улсын ажиглагч ирсэн байв. Харин дотоодоос МАН, АН, МАХН-ын 10 ажиглагч сонгуулийн санал авах байранд ажиллаж байна.
 
Мөн аливаа зөрчил, маргаан үүсэхээс сэрэмжлэн цагдаагийн хэсэг болон эргүүлийн цагдаа ч энд ажиллаж, ямарваа дуудлага, зөрчилтэй холбоотой асуудлыг хянан ажиллаж байлаа. Одоогоор тус хэсэгт ямар нэг зөрчилгүй байгаа ч, сонгуулийн хэсгийнхэн болоод намын ажиглагчид, цагдаа нар иргэдийн үйл хөдлөл, болзошгүй маргаан зөрчил үүсэхээс сэрэмжлэн хянуур ажиллаж байгаа нь илт байв. Санал өгч буй иргэдийн ихэнх нь 30-70 насныхан байна. Залуусын оролцоо одоогоор бага байгаа нь ажиглагдав. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн Спорт танхимд байрлаж буй 1661 дүгээр хэсэг ийм байхад хажуух Урлаг танхимд байрлах 1660 дүгээр хэсэгт байдал мөн ижил  байна гэж цагдаагийн ажилтан танилцууллаа. Санал авах хэсгүүдэд хяналтын камер байрлуулж, том дэлгэц дээр санал өгсөн хүмүүсийн зураг дүрс, санал өгсөн хувь тоо гарч байгаа нь үзэгдэнэ. Мөн иргэдийн хурууны хээг шалгаж, санал өгсний дараа хар бэхэн тэмдэглэгээг ч хийж байв. Иргэд хэт бөөгнөрч дараалал үүсээгүй тайван саналаа өгч байлаа. Нийслэлийн нэг хэсгийн санал хураалт ийм байдлаар үргэлжилж байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг