sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тэрбээр өнөөдөр 18.25 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд маргааш өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингисийн талбайд хүлээн авч, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Иоахим Гаук нь 1940 онд Росток хотод төрсөн. Дунд сургууль төгссний дараа шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байжээ. 1989 онд “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан ба тус хөдөлгөөний Росток хот дахь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэхэд анхааран ажиллаж байжээ. 1990 онд “Alliance 90” хөдөлгөөнөөс Зүүн Германы парламентад сонгогдсоноос гадна 1990 оны 10 дугаар сарын 3-нд Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар ажиллаж байв.

2001 – 2004 онд Вена хотноо төвтэй “Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төвийн Удирдах зөвлөлд Герман Улсыг төлөөлсөн гишүүнээр, 2003 онд “Мартахын эсрэг, ардчиллын төлөө” нийгэмлэгийн даргаар ажиллаж байгаад 2012 оны 3 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Тэрбээр Теодор Хойссын нэрэмжит одон, Ах дүү Шоллийн шагнал, Европын хүний эрхийн шагнал, Людвиг Бёрнэгийн нэрэмжит шагналтан бөгөөд Росток, Йена, Аугсбургийн их сургуулиудын Хүндэт доктор аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг