sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад буй билээ. Үүнтэй холбоотой уг төслийг батлах эсэх, улмаар шинээр зохион байгуулагдах яамдын сайд нарыг томилох эсэх тухай асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг ярилцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга Геологи, Уул Уурхайн сайдаар ажиллах хүсэлт тавьсан тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Энэ талаар АН-ын удирдах түвшний нэр бүхий лидерүүдээс лавлав.
Тэдний өгүүлж буйгаар Х.Баттулга арай ч сайд больё гэж гуйгаагүй, харин би МоАХ фракцийн удирдагчийн хувьд энэ яамны сайдын квотыг мэднэ шүү гэх агуулгатай зүйл  ярьсан аж.


Гэхдээ түүний энэ хүсэл ч мөн биелэхгүй нь бололтой. Учир нь МоАХ фракци түүнийг удирдагчаа гэж үзэхээ больсон төдийгүй МоАХ-ы даргын ажлаа ч өгөх хэрэгтэй гэж үзэж буй аж. Х.Баттулга 2009 оноос МоАХ-ы даргыг хууль бусаар хашиж буй гэх агаад өдийг хүртэл ямар ч сонгууль, хурал болоогүй гэх.
Ер нь АН-ын удирдлагуудын  энэ мэт олон үйлдэл нь Х.Баттулгыг АН-аас "шахах" үйл явцыг түргэсгэж буй юм.


Х.Баттулгын хувьд ч шинээр нам байгуулахаас өөр замгүй болж буй бөгөөд үүндээ ч санаа зовохгүй байгаа бололтой.
Учир нь тэрээр шинэ нам байгуулж байж л Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших боломжтой болох билээ. Х.Баттулгын шинээр байгуулах намд  МоАХ-ынхон гэхээсээ илүү ихэвчлэн шинэ залуу улс төрчид багтах гэнэ. Тэр бүү ардчиллын анхдагч, УГЖ Д.Сосорбарам, хөтлөгч, МАН-ын УЗ-ийн гишүүн П.Анужин, Сүхбаатар дүүргийн МАН-ын дэд дарга асан Б.Батзориг нар лав багтаж байгаа гэж барим тавим нэрс хэлэх хүн ч цөөнгүй байна.


Х.Булган