sonin.mn

УИХ-ын ээлжит сонгууль болоход  хоёр жил орчмын хугацаа дутуу байна.
Айсуй 2015 он гармагц улс төрийн намууд, улс төрчид УИХ-ын 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орж эхлэнэ.
МАН-ын удирдлага гэхэд л 2015 оны 1-р улиралд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрийг эхний байдлаар тодруулна гэдгээ  зун, намар дамнан зохион байгуулсан бүсийн уулзалтуудынхаа үеэр зарлаж байв.


Мөн АН-ын хувьд ч Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хэрхэн шийдэгдэх эсэхээс шалтгаалан УИХ-ын 2016 оны сонгуульд намын жагсаалтын эхэнд бичигдэх хүмүүсийнхээ нэрсийг тохиролцох аж.
УИХ-ын 2016 оны сонгуульд ялах магадлалтай хэмээн өөрсдийгөө тооцох болсон МАН-ын хувьд сонгуулийн өмнө намынхаа удирдлагыг солих эсэх тухай яриа өрнөх болжээ.
МАН-ын даргаар М.Энхболд сонгогдмогцоо зөвхөн өөрийн фракцийнхнаар голчлон намын удирдах аппарат, бага хурлаа бүрдүүлж, өмнөх удирдлагуудаа шахсан гэгддэг.
Үүнд нь таатай бус байсан ч ил гаргаж, илэрхийлэлгүй удсан МАН-ын дарга асан С.Баяр, Сү.Батболд, Н.Багабанди, МАН-ын ЕНБДарга асан У.Хүрэлсүх нар ашиг сонирхлоо нэгтгэн, хамтран ажиллаж эхэлсэн нь МАН-ын гишүүдийн дунд бужигнаан үүсгэх төлөвтэй болголоо.
Өнгөрсөн долоо хоногт болсон Зүүний Хүчний Холбооны ээлжит хурлын үеэр У.Хүрэлсүхийн удирддаг уг байгууллагын удирдах зөвлөлд Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Х.Алтай зэрэг С.Баяр, Сү.Батболдын гэгддэг олон хүн шинээр  сонгогджээ.


Мөн  оройн хүлээн авалтанд нь намынхаа арга хэмжээнд ч очихоо болсон Ерөнхийлөгч асан Н.Багабанди  ач холбогдол өгч, очсон байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын гурван экс дарга нийлсэн энэ бүлэглэл УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө  намынхаа ээлжит бус их хурлыг хуралдуулж, У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгох зорилготой байх магадлал тун өндөр аж.
Юутай ч МАН-д УИХ-ын 2016 оны сонгуульд намаа хэн удирдаж орох вэ? гэдэг асуудлын төлөөх тэмцэл өрнөж мэдэх нь.

П.Энхмандах