sonin.mn

(“Хүмүүний сүйрэл”-4)

Энэхүү нийтлэлийг бичих болсон шалтгаан нь цаг цагийн засаглагчид, боловсролын бодлого баригчид, түүнийг хариуцагч түшмэлүүдийн амнаас гардаг уран зохиолын хичээлийг үгүй болгох, өөр хичээлтэй нийлүүлэх, бага сургуулийн “Унших бичиг” байхгүй болгох, “Үг хөгжлийн хичээл” оруулахгүй байх тухай “санал санаачлага”, сурах бичгийн багт эцэг эхийн төлөөллөөс ирүүлсэн зөвлөгөөнд “Ертөнцийн үүслийн домог”, түргэн хэллэг, жороо үгс, амьсгал уртасгах үгсийг хасах, эсвэл солих гэсэн нүд бүлтийм, чих дэлдийм зөвлөгөөнүүдийг олж үзсэнээс үүдсэн хэрэг билээ.

 

Эсвэл, монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг улам багасган оронд нь “Иргэний боловсрол” гэгч хичээлийн цагийг шатлан нэмэгдүүлэх бодлого зэргээс үүдсэн болно. Энэ хүмүүс уран зохиолын хичээл, түүнд багтаж буй, аман зохиол, домог зүй мэтийн сэдвийг үзэхлээрээ “энэ ер нь хэнд хэрэгтэй юм, ямар хэрэгтэй юм”, “миний хүүхдийн амьдралд юу өгөх юм”, эсвэл бүүр байчихаад “би хүүхдэдээ шашны мунхруулга заалгамааргүй байна” гэхчлэн агсрах нь олонтаа. Ойлгож, хүндэлж байна аа, “үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө” гэсэн сэтгэл, бодол, хүслийг тэнь. Гэлээ гэхдээ яг энэ үг өгүүлэл чинь үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө биш, эсрэг үйлдэлтэй болж хувирдаг талаар л хөндөн ярих гэсэн юм. Үүний тулд хамгийн сүүлийн үеийн хүн судлалын ухааны нэгэн нээлтийг дурдахаас аргагүй болох нь. Азаар энэ нээлт цагаа олж гарч дээ. Германы Дюсселдорф хотын ойролцоох Неандер голын хөндийгөөс олдсон эртний хүний үлдцээс уламжлан шинжилж, ДНК-ийн шинжилгээгээр орчин цагийн хүнтэй нэгэн өвөг дээдэстэй байснаа 350000- 400000 жилийн өмнө хоёр тийш салж одсон Неандертальчуудын хувь заяаны талаар ярих гэсэн юм. Неандерталь нь орчин үеийн хүнээс хамааралгүй орших хамгийн дээд хөгжилт хүний төрөл байсан билээ. Анхны прото-Неандерталь шинжит хүн Европт 350,000 жилийн өмнө амьдарч байв. 250,000 жилийн өмнөөс Неандерталь хэмээн тодорхойлох хүмүүс амьдарсаар ирсэн ба 50,000-35,000 жилийн өмнө буюу Homo sapiens Европт нүүн очсоноос хойш Неандертальчуудын тоо толгой цөөрсөөр 24,000 жилийн өмнө устан үгүй болжээ. Эдгээр Неандертальчууд чухам яагаад устаж үгүй болсон талаар эрдэмтдийн дунд олон янзын таамаглал байдаг санж. Байгаль, цаг агаарын өөрчлөлтөөс болоод ч гэх юмуу, хоол тэжээлийн хомсдлоос болоод ч гэх юмуу… дайн тулааны хөлд үрэгдээд ч гэх юмуу… Гэтэл италийн эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар энэ хүмүүс одоогийн хэлээр бол “хэт аж ухаанч(прагматик)” байснаасаа болоод мөхөж алга болсон ажээ. Тэд үр хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд хоол тэжээлээ олж идэх ганцхан зүйлд л сургадаг, түүнээс арай өөр зүйл анзаарах, одоогийн биднийхээр бол бүтээлч сэтгэлгээ, уран саналгыг нь хөхиүлэх талын юм юу ч байсангүй.

Бидний өвөг дээдэс яагаад Homo Sapiense Sapiense буюу Оюун билгүүнт хүмүүн болсон гэхлээр (энэ үгийн маань утга ч хэлээд байгаа), хоол тэжээлээ олохоос гадна арай өөр юмыг сонирхож, уран сайхнаар сэтгэж, уураг тархиа хөгжүүлэхүйц бүтээлч үйл үйлдсэн дээрээс тэсч үлдээд, өнөөгийн биднийг бүтээсэн ажгуу. Өнгөц бодож үзвэл, үр хүүхэддээ хоол тэжээлийг нь залгуулахыг голчилсон Неандерталиуд л чухамдаа тэсч үлдмээрээдээ. Гэтэл түүхэн хувьслын явц, үр дүнд тэгсэнгүй. Харин хоол тэжээлээс өөр юмаар оролддог, өнөө арай “саваагүй”, илүү зантай өвөг дээдсийн удам бид өнөөдөр орчлон хорвоог эзэгнэж байна. Дээр дурдсан манай боловсролын яамны прагматик (аж ухаанч) түшмэд, тэдний аялдан дагалдагчид, “эцэг эхийн төлөөллүүд” бол яг л неандерталь маягаар сэтгэж, үр хүүхдээ бодоод “уран зохиол” мэтийн илүү дутуу юмаар оролдуулахгүй, цагийг нь үрэхгүй, шууд хоолоо олж идэхэд нь хэрэгтэй хичээлүүд үзүүлээд “сайн хүн”, “зөв монгол хүүхэд” буй болгочих санаатай байх шиг байна. “Үр хүүхдээ бодсон” Та нарынхаа сэтгэлийг ойлгохын дээдээр ойлгож байнаа. Гэтэл үр хүүхдийн чинь хөгжил хөдөлгөөн яг та нарын бодсончлон биш, Неандертальчуудынх шиг өөр замаар явчих вий дээ гэж санаа зовж байна. Өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй, хүмүүнийг хүмүүн болгодог тэр оюун сэтгэлгээний болон сэтгэл зүрхний “амин дэмүүд” нь үр хүүхдэд маань дутагдах вий дээ гэж санаа зовж байна. Мэдээж хэрэг уран зохиолын хичээлийг хасчихад хэний, юу нь ч өвдөхгүй, өлсөхгүй, даарахгүй, цангахгүй, өөрөөр хэлбэл, бие бодын (физик) шаналгаан байхгүй, тэхлээр болоод л явчих шиг болно. Яг үүн дээр л Неандерталиуд алдсан байхгүй юү. Өнөөдөр мэргэжил мэдлэг гэдэг юм бараг хэрэггүй болсон, тэр дундаа албан тушаалын томилгоон дээр бүүр ч хэрэггүй болсон цагт амьдарч байгаа ч гэсэн, мэргэжлийн хүний хувьд ганц үг хэлчихье.  Өрнөдийн соёл иргэншлийн үрийг тарьсан эртний грекчүүдийг та нарын нөгөө хэрэггүй, дэмий гэж бодоод байгаа грекийн домог зүй, эмгэнэлт хошин жүжиг, театрууд, Хомерийн “Илиада”, “Одиссей” туульсууд л чухамдаа грекчүүд болгон бүтээсэн юм шүү дээ. Өнөөдөр ийм зүйлс байгаагүй бол грекчүүд хэн байх вэ гээд нэг сэтгээд үз дээ. Хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлийн өлгий болох Месопотамийн буюу Хоёр мөрний хөндийн соёл иргэншлийг бүтээгч шумер, ассир, вавилончуудыг тэдний эртний домог зүй, дэлхийн анхны туульсын туурвил Гильгамешийн тууль л бүтээсэн юм шүү дээ. Түүнээс дутахгүй (монголчуудын Мисир хэмээн нэрлэдэг) Египетийн соёл иргэншлийн амин сүнс нь мисир домог зүй, “Пирамидын бичвэрүүд” гэдэгт эргэлзэх зүйл алга. Бидэнтэй түүх соёлын нэн ойрын холбоотой эртний энэтхэгчүүдийг (дравидууд, аарийчуудыг) Вээд шастир, “Раамаяна”, “Махаабхаарада” их туульс нь бүтээсэн юм шүү дээ.

Үүнтэй нэгэн адилаар өнөөгийн монголчууд биднийг өдий зэрэгт хүргэсэн ачтан бол монгол домог зүй, дөрөв таван зуугаар тоологдох баатарлаг туульс, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” маань юм шүү дээ. Тэгээд чухам “ямар ухна ухаанд нь үхэхлээрээ” үр хүүхдийг маань эдгээр ачтнаас нь салгаж таслах санаа төрөөд байгааг ойлгохгүй юм. Бусад хичээлд нь уусгаад, “дайвар бүтээгдэхүүн” болгоод заачих юм шиг яриагаа дахиж л битгий улиглаж үзээрэй. Нам даган навсаганаж яваад албан тушаал олж авснаа ухаантай болчихсон гэж бүү андуурцгаагаарай. Тэр чинь энэ хорвоогийн хамгийн хэврэг, насгүй зүйл болохыг амьдрал та нарт харуулах болно. Тэрэн доорхиноо хаанахын, хэний захиалгаар ийм зүйл хийгээд байгаагаа шулуухан хэлсэн нь дээр. Энэ ад үзээд байгаа уран зохиол гэдэг юмны чинь ачаар бид өнөөдөр Неандертальчууд шиг хүмүүний ертөнцөөс арчигдаагүй, үр удмаа үлдээгээд, өөр өөрийн соёл иргэншлээ бүтээгээд, хамгийн гол нь хүн болоод яваа юм. Эндээс чинь хүмүүний аж амьдралын утга учир, амьд төрөлхтнийг энэрэн хайрлахуйн ухаан сэтгэл, ерөөс хүн болохуйн хамаг үнэт, шимт зүйлсийг олж авдаг юм. Тэгэхгүй бол бидний үр хүүхэд өнөөдөр “цахим ертөнцийн мангуунууд”, улмаар хэтэрхий мэргэн тооцоотой, хэнийг ч, юуг ч, тэр тусмаа эцэг эх та нарыг ч золиосолж мэдэх, өрөвдөн хайрлах сэтгэлгүй “мангаанууд” болж өсөхөд ойрхон байна. Би яагаад энэ бүхнийг хэлээд байна гэхлээр өнөөгийн өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын номын дэлгүүрийн тавиураар чихэлдэн байдаг нуруу нуруугаараа харалцаад (монголчууд араараа зүглээд гэдэг дээ), элгээ эвхээд зогсчихсон эцэг хүү, ээж охины зурагтай номуудаас түрүүчлэн мэдрээд байна. Явж явж хамгийн ойр дотнын хүмүүс нь хамгийн заналт дайсан нь болдог нэг тийм зүй жам яваад байна. Юун яасан хайр дурлал, яасан ийсэн гэр бүл, үр хүүхэд, битгий амбасын юм яриад, дургүй хүргээд байгаарай л гэнэ.Энэ чинь өнөө мөхөл сүйрлийн анхны дохио л доо. Тэр нь аж ухааны боловсрол олгосон атлаа зүрх сэтгэлийн боловсрол олгоогүйгээс болоод байна. Уран зохиол гэдэг тэр үзэн ядаад байгаа зүйл чинь үр хүүхдэд маань зүрх сэтгэлийн боловсрол олгодог юм даа.  Өөр ямар ч хичээл уран зохиолын дайтай тийм боловсрол олгохгүй л болов уу. Зарим улст уран зохиолын хичээл нь хэлний хичээлдээ ууссан байдаг гэж номчирхох байх л даа. Юм болгон дээр хүн дуурайж бас болдоггүй юм. Аж ухаанч (прагматик) байж болноо, гэхдээ хэт аж ухаанч байж болдоггүй юм. “Хэм хэмжээ” гэдэг нэг хаан байдаг юм. Уран зохиолгүйгээр “Зөв монгол хүүхэд” байтугай, хүнэрхүү амьтан болохгүй л болов уу. За ингээд яамны түшмэлүүд, даган баясагсад, “үр хүүхдээ боддог” эцэг эхчүүд та нар минь өөрсдөө мэдэцгээ. Хүмүүний ёсыг бодоод, үзсэн, уншсан, мэдсэн, өөрийнхөөрөө сэтгэснээ та нарт дамжууллаа.Үр хүүхэд маань хүмүүн болохын тулд хоол тэжээлээс гадна илүү их нарийн нандин юм хэрэг болдогт л хамаг учир нь байгаа юм. Нэгэн цагт үр хүүхэд маань та нарын “инновацийн” ачаар орчин цагийн Неандерталиуд болцгоох вий л гэж түгшсэндээ үүнийг бичлээ.

“Багш” хэмээгдэгч С.Дулам