sonin.mn
Бизнесмэн Самбуудоржийн Саранчимэг:
 
Даланзадгад сумын Баруун сайхан гэр хороололд “Өнөр бүл” дэлгүүр үйл ажиллагаагаа тэлж үйлчилгээний төв болгосноор багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү үйлчилгээний төв нээгдсэн цагаас эхлэн тухайн орчинд “төв” үүсч эхэлсэн юм.
 
Үдэш оройн цагаар хүүхэд залуус тоглож наадан, таксичид ч энд зогсох болсон. Гэр хороололд ийм орчин үгүйлэгдэж байсан нь илт. Харин энэхүү үйл ажиллагааг санаачлан байгуулсан “Өнөр бүл”-ийн эзэдтэй уулзахыг хүсч тэднийхийг зорилоо.
 
Хаалгаа нээж өгсөн гэрийн эзэгтэй нэлээн гайхсан янзтай харж ярилцлагаа хэмээн дуу алдсан. Учрыг тайлбарлатал яриа өгөхөөс татгалзаагүй юм. Харин энэ үеэр гэрийн эзэн Я.Цэен-Ойдов гуай хот руу ажлаар явсан тул эзгүй байлаа. Ингээд “Өнөр бүл”-ийн эзэн, бизнесмэн С.Саранчимэгтэй хэдхэн хором хөөрөлдсөнөө уншигч олондоо хүргэж байна.
 
 
- “Өнөр бүл” үйлчилгээнийг төвийг байгуулах санааг та хаанаас олов?
 
- Бид анх хүнсний дэлгүүр нээж ажиллуулсан юм. Түүнийгээ өрөгжүүлье гэж зорьсон. Мөн  энд хүн амын төвлөрөл ихсэж, хэрэгцээ нэмэгдэж байгааг анзаарч үйлчилгээний төв байгуулах санаа төрсөн юм. Манайх хажуудаа усан сантай, засмал зам ч тавигдаад юм хийх орчин нь бүрдсэн л дээ.
 
Анх байгуулахдаа бид санаагаа цаасан дээр зурж дараа нь бичгээр буулгаад банканд хандсан. Ингээд зээл авч ажлаа эхэлсэн түүхтэй. Байгуулсны дараа багийн иргэд нэлээн сэтгэл санаагаар дэмжсэн шүү. Зөв зүйл хийсэн байна гэж урамшуулах иргэд олон байсан. Үйлчилгээг иргэдэд ойртуулъя гэсэн санаа минь ингэж л ажил хэрэг болж олон нийтэд үр өгөөжөө өгөөд байна даа.
 
 
- Танай үйлчилгээний төв иргэдэд ямар ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
 
- Халуун ус, үсчин, гоо сайхан, мах, ногоо, сүү цагаан идээний дэлгүүр, цайны газар, ХААН банкны салбар гэсэн үйл ажиллагааг явуулж байна. Халуун усаа манайх өөрөө ажиллуулж байна, бусдыг нь хүнд түрээслүүлчихсэн. 
 
 
- Бизнесийн зам дардан байна гэж байдаггүй байхаа. Энэхүү ажлынхаа гарааг та эргээд дурсвал?
 
- 1995 оноос эхэлж бизнес эхэлсэн. Бизнеснийг санасан зоргоороо хийнэ гэж байдаггүй юм. Үнэндээ бол мөнгөтэй хүний хийдэг ажил шүү дээ. Эргэлтийн мөнгөнөөс эхлээд дутагдах зүйл их гардаг байсан. Банкнаас зээл авч л ажлаа эхэлж байлаа.
 
Эхний зээлээ зарцуулж дуусаад л үр дүнгээ харж дараагийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд дахин зээл авч явсаар л энэ хүрч дээ. Мэдээж өөрийн гэсэн үндсэн хөрөнгөтэй болчихоор банкны итгэлийг ч хүлээдэг болсон. 
 
 
- Зах зээлээс өмнөх амьдралаа эргээд дурсаач. Та хоёр хамтдаа Булган суманд ажиллаж амьдарч байсан байх?
 
- Бид хоёр 1981 онд хөдөө аж ахуйн сургууль төгсч ирсэн. Би малын эмч, манай хүн зоотехникч мэргэжилтэй Булган сумын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Тэнд бид 16 жил ажилласан.
 
Сүүлдээ зах зээлд шилжээд, хүүхдүүд ч том болчихсон болохоор аймгийн төв бараадах шаардлага гарсан юм. Мэргэжлийн ажлаа хийх гэхээр орон тоо байдаггүй. Тэгээд л амьдрахын тулд бизнес эрхлэхээр шийдсэн дээ. Анх хилийн худалдаанд явдаг байлаа, сүүлдээ дэлгүүр нээгээд ийм л бизнес рүү орчихсон доо.
 
 
- Айл гэр болж байсан тэр гэгээн үеийг тань сонирхоё?
 
- Бид хоёр Дундговь аймгийн техниккумд хамт сурч байх үеэсээ танилцаад манай нутагт хамт хувиарлагдаж ирсэн. Ингээд л гэр бүл болж таван сайхан хүүхдийн аав ээж болж дээ. Одоо ач нараа харангаа бизнесээ хийгээд л байж байна.
 
 
- Ажил амьдралын гараагаа эхэлсэн нутгаа санах сайхан л байдаг байх даа?
 
- Хөдөөгийн эгэл даруухан иргэдийн дунд ажиллаж амьдарна гэдэг сайхан шүү. Бид хоёр дөнгөж сургууль төгсч ирсэн байсан. Тодорхой хэмжээний алба хашиж байсан болохоор хүнтэй хэрхэн харьцахаас эхлээд амьдралын туршлагыг тэндээс л сурсан даа. Муу нэр дуулаагүй л гэж боддог.\инээв\
 
Хүмүүс их хүрээлсэн байсан. Манайхыг нүүсний дараа очих айлгүй болчихлоо гэж байсан. Булган нутгийхан маань аймгийн төвд ирэхээрээ манайд их ирдэг байсан даа. 
 
 
- Тэр үед “гурван сайхан” үүлдэрийн ямаа үржүүлдэг байсан байхаа?
 
- Тийм. Манай хүн үржлийн фермийн дарга би малын эмчийн ажлаа хийгээд амьдрал буцалсан халуун цэг дээр нь ажиллаж байлаа. Дандаа хөдөөгийн сайхан малчид, эрдэм шинжилгээний ухаалаг эрдэмтэн ажилчид гээд сайхан хүмүүсийн дунд ажиллаж их зүйлийг сурсандаа одоо бахархаж явдаг. 
 
 
- Тэр үеийн хүмүүсийн хөгжилтэй түүхүүд их байдаг шүү дээ. Таны санаанд байна уу?
 
- Манай үржлийн тоо бүртгэгч н.Адъяа гээд ах байдаг байлаа. Машинтай хөдөө ажлаар явж байгаад бинзен нь дуусчихаж л дээ. Тэгээд хөдөөний айлын мотоциклээр сумын төв рүү бинзенд яваад эргэх замдаа мотоциклийнх нь бинзен дуусчихаж. Тэгээд ганзагалаж явсан бинзенээ үүрээд ирсэн гэдэг юм.
 
Айлынх нь хүмүүс гайхаж мотоциклио яасан бэ гэхэд нь бинзен нь дуусаад гэж хариулсан гэдэг. Үүрч ирсэн бинзенээсээ хийчихгүй дээ гэхэд нь “нээрэн тийм байж” гээд бөөн инээдэм болсон гэж нутгийнхан ярьдаг.
 
 
- Та өөрөө аль нутгийн хүн бэ?
 
- Ноён сумынх. Бага насаа нутагтаа үдсэн. Аймгийн төвийн одоогийн хоёрдугаар сургуулийг н.Даваасамбуу багштай төгсч Дундговь руу сурахаар хувиарлагдаж байлаа даа. 
 
 
- Таныг олон дүүтэй гэж сонсож байсан байх юм?
 
- Би 15 уулаа. Ноёнд манай ээж эмийн сангийн эрхлэгч, аав рентиген техникчийн ажилтай. Манай хоёр хоёулаа эмнэлгийн ажилтан байсан. Би дээрээ долоон ах эгчтэй доороо долоон дүүтэй 15 хүүхдийн дундах нь. Аав ээж хоёр минь сайхан хүмүүжүүлсний ачаар одоо ч бид элэг бүтэн сайхан амьдарцгааж байна. Ээж маань одоо хамгийн том эгч дээр байдаг. 
 
 
- Энэ их зүйлийг бүтээгээд явахад гэрийн эзэн хүний үүрэг их байсан байх. Гэрийн эзнээ танилцуулаач?
 
- Манай нөхөр Төв аймгийн Баянцогт сумынх. Сургуульд байхдаа танилцаад манай нутагт ирсэн. Амьдралын 30 гаруй жилийг ардаа үдлээ. Бүх баяр гунигтай минь хамт байсан ханийн нөмөр нөөлөг ихээ. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шүү дээ.
 
Бие биенээ дэмжээд, бодсноо хуваалцаж, санасан хүслээ зөвлөлдөж бид энэхүү ажил амьдралаа бүтээн байгуулж явна. Манай хүн их хөдөлмөрч, зорьсон зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг хүн дээ.
 
 
- “Өнөр бүл” гэдэг нэрийг анх яаж олов?
 
- Би ийм олуулаа өнөр өтгөн гэр бүл болохоор ийм нэр өгье гэж нөхөртөө хэлсэн л дээ. Манай хүн түүнийг дэмжээд “Өнөр бүл” гэсэн нэртэй болсон.
 
 
- Бизнес рүүгээ яриагаа эргээд оруулая. Бизнес эрхлэж байгаа танд төрд ч юмуу, өөр бусад салбарт засчихмаар зүйл санагддаг болов уу?
 
- Бизнес эрхлэж байгаа хүмүүст удирдлагуудын болон мэргэжлийн байгууллагуудын туслалцаа их хэрэгтэй байдаг. Бизнест хөл тавьсан л бол хүссэн эс хүссэн уялдаа холбоо үүсдэг. Хамгийн наад захын жишээ гэхэд л ажлын байр барихад юуны зориулалтаар барьж байна вэ, ямар стандартынх байх ёстойг бид мэддэггүй.
 
Тиймээс мэргэжлийн байгууллага руу л ханддаж зөвлөгөө авдаг. Манайх бол өөрийн газар дээрээ хийсэн л дээ. Бусад бизнес эрхлэгчидэд газрын асуудал бэрхшээлтэй байдаг юм билээ. Газар байсан ч барьцаа хөрөнгийн асуудал гарч ирдэг. Банк хөрөнгөгүй хүнд зээл бараг л өгдөггүй юм билээ.
 
Итгэлцэл байхгүйгээс үнэн сэтгэлээсээ бизнес эрхлэх гэсэн хүмүүст зээл олддоггүй. Ийм л бэрхшээлүүдийг засчихвал бизнес эрхлэгчид хөгжих юм шиг санагддаг. Миний хувьд нийгэмд хэрэгтэй зүйл хийж байгаа л гэж боддог.
 
Манай хориод түрүүслэгчдийн ард гэр бүлийнх нь хэдэн хүн байгаа билээ гээд бодохоор эндээс нэлээн олон хүн амьдралаа залгуулж байна. Хувь хүнийг юм хийхэд орон нутгийн удирдлагын зүгээс дэмжлэг нэлээн хэрэгтэй байдаг.
 
Энэ тал дээр шүүмжилмээр санагддаг. Бизнес эрхлэгчид л ажлын байр бий болгож иргэдээ авч явж байна шүү дээ. Зөв зүйл хийж яваа хүмүүст ядаж л сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд болохгүй нь юу байхав дээ.   
 
 
- Одоо дөнгөж л бизнесийн гараа эхэлж байгаа хүмүүст та юуг зөвлөх бол?
 
- Бизнес хийхээр нэгэнт шийдсэн бол бүү шантар. Өр зээлд баригдчих болов уу гэсэн айдас хүнийг юм хийлгэхгүй. Зоригтой бөгөөд зорилготой байвал амжилт биднийг тосч байдаг.
 
Бага зүйлээс ихийг бүтээн байгуулж болдог гэдгийг би өөрийн биеэр үзсэн болохоор төлөвлөгөөтэйгөөр зоригтой алхам хийвэл амжилт биднийх л байдаг юм. Хэрвээ зээлээс айгаад суусан бол би өнөөдөр юу ч хийгээгүй сууж л байгаа шүү дээ. Тиймээс өөрөө өөртөө эзэн нь байж айдсаа ял гэж хэлэх байна. 
 
 
- Бизнес эрхлэхэд бизнес сэтгэлээс гадна удирдахуй ухаан хэрэгтэй юм шиг харагддаг?
 
- Мэдээж хэрэгтэй. Өөрсдийгөө удирдахаас эхлээд өрөөлийг удирдаж байж бизнес хүрээгээ тэлдэг. Хамгийн гол нь бусдыг өөртэйгөө харьцуулж, амьдралыг нь ойлгож байж хамтарч ажилладаг. Энэ бизнес сайн байвал би ганцаараа баяжихгүй та нар бас эндээс амьдралаа залгуулна гэдгийг л ойлгуулж, ажилчдаа урамшуулж байх нь чухал. 
 
 
- Танайд хэдэн хүн ажиллаж байна вэ?
 
- Түрээслэгчид хорь гаруй бий. Манай үндсэн ажилтан найм. 
 
 
- Ирээдүйн төлөвлөгөө юу байна вэ?
 
- Бага насны хүүхэдтэй хүмүүс ажил хийж чадахгүй их хэцүү харагдаад байна л даа. Хэдийгээр ажил хийх дур сонирхол байлаа ч хүүхдийг нь харах газар алга. Тиймээс ясли байгуулах санаа төрөөд мэргэжлийн хүмүүсээс асууж үзсэн.
 
Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох шаардлагатай гээд цалинтай чөлөө олгодог болчихсон учраас дэмжлэг авах боломжгүй гэсэн. Гэтэл бүтэн хоёр жил эмэгтэй хүн нийгмээс тусгаарлагдаад гэртээ сууна гэдэг хэцүү л дээ. Тиймээс өдөр өнжүүлэх шиг хүүхэд түр асардаг газар байгуулах санаатай байгаа.
 
Эмэгтэйчүүд үзвэр үзэхдээ ч юм уу, ямар нэгэн чухал ажил гарсан тохиолдолд найдвартай газар хүүхдээ үлдээдэг байх хэрэгтэй. Мөн бие бялдаржуулах танхим байгуулах санаа төрөөд байгаа.
 
Одоо хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон байна. Ийм л хоёр санааг олчихоод ажил болгох гээд бодож явна.
 
 
- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
 
Д.Мишигсүрэн   
 
Эх сурвалж: "Алтан нутгийн мэдээ " сонин