sonin.mn

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаатай ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээс гадна иргэдийн зүгээс Монголын төрд, улстөрчдөд итгэх итгэл улам л алдарч байна. Үүнтэй та санал нэгдэх үү?
-Ер нь өнөөдрийг хүртэл эрх барьж байсан Засгийн гаэрууд ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах талаар тууштай бодлого баримтлаагүй. Тухайн үөдээ иргэдийн нүдийг хуурч, цаг нөхцөөсөн байдлаар ажиллаж байсан.

Манай нам хүний хөгжлийн зарчим, шалгуур үзүүлэлтийн дагуу төрийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч байгаа юм. Түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх суурь зарчмуудаа одоо хүртэл боловсруулж гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, бид хөгжлийн бодлогоо тодорхойлж чадаагүй гэсэн үг. Ер нь төрийн байгууллагын ажилтнууд хүний төлөө ажиллах чин эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

Гэтэл төрийн түшээ болсон эрхмүүд улам л тансаглаад, гангараад, төрийн бүтэц нь данхайж байгааг бид харж байна. Ийм байхад иргэд улстөрчдөд итгэхгүй байх нь аргагүй биз дээ. Ер нь итгэл даана гэдэг их үнэ цэнэтэй зүйл, Түшээд нь ард түмнийхээ итгэлийг дааж чадахгүй байгаад харамсч байна. Ийм жудаггүй байж болохгүй л дээ.

-Гүйцэтгэх засаглалын тэргүүний хүргэн хүү, төрсөн охин, зөвлөх нь авлигын хэрэгт холбогдсоныг энгийн үзэгдэл мэтээр хүлээж авах нь зөв үү. Ер нь Монголын улстөрчдөд ёс зүй гэж үнэт зүйл байна уу?
-Энэ ёстой даварсан үйлдэл. Энгийн үгээр буюу ардчилсан, эрх зүйн зарчмын дагуу хэлбэл гэмт хэрэг. Уг нь шүүхээр гэм буруутайг нь тогтоосны дараа буруутай гэж үзэх учиртай. Гэтэл шүүх засаглал нь аль хэдийнэ дампуурсан.

Монголд ардчилсан, ёс зүйтэй шүүх засаглал оршин тогтнох ямар ч ирээдүй алга. Төрийн өндөрлөгүүдийн халаасанд байдаг хууль хүчний байгууллагуудын хоорондын маргаанаас би хувьдаа ийм дүгнэлт хийж байна.

-Ямар хүмүүс төр түшилцвэл ард түмэнд хэрэгтэй вэ. Зарим хүн мэргэжлийн хувьд хуульч, эдийн засагчид түлхүү байвал сайн, бизнөсийнхэн улс төртэй холилдох нь сөрөг үр дагавартай гэх юм. Харин та юу гэж бодож байна вэ?
-Ичих нүүртэй, ёс суртахуунтай хүн төрд ажиллах ёстой. Ийм хүн бусдын алдаанаас сургамж авч чаддаг. Аливаа асуудалд олон талын байр суурийг сонсч, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж чаддаг байх нь давуу тал. Ер нь ажлаа мэддэг байвал мэргэжлээр нь хязгаарлах шаардлагагүй болов уу.

- Парламентад суудалгүй улс төрийн намууд Засгийн газрыг огцруулна гэж байгаа нь ард түмнээ бодсон хэрэг үү, аль эсвэл хоосон улстөржилт үү?
-Засгийн газар улсынхаа эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй бол зайлаад зайгаа тавиад өгөх зоригтой байх хэрэгтэй. Ер нь ямар ч Засгийн газар хүссэн хэмжээндээ хүртэл ажиллаж чадахгүй байх. Тэгээд ч энэ Засгийн газарт мэдлэг, боловсролтой боловсон хүчин хомс байгаа нь байдлыг улам дордуулж байна.

Засгийн газар "Шийтгэлийн батальон" шиг институци учраас ард түмнийхээ эрх ашигт нийцэхгүй зүйл хийсэн бол огцордог жишиг ардчилсан гэж өөрийгөө тодорхойлдог бүх оронд байдаг. Чингис хэмээн цээжээ дэлддэг Засгиин газарт алд биеэ бус ахуй төрөө бодох цаг ирлээ.

Харин улстөржилт мөн үү гэвэл би тийм гэж хариулна. Тэмцэхгүй бол улс орон тэр чигээрээ хямралын намагт шигдчихээд байна. Зүгээр сууж байгаад үхэлтэй йь биш дээ.

-Энэ Засгийн газар огцорлоо гэхэд дараагийн хувилбар нь илүү сайн байж чадах уу?
-Чадахгүй бол дахиад зайлах хэрэгтэй шүү дээ. Амласнаа биелүүлдэггүй, арчаагүй улс төрчдийг солих эрх бидэнд, ард түмэнд байгаа.

-Та Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг нарийн судалж үзэв үү. Шинэчилсэн найруулгын давуу болон сөрөг тал нь юу байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд, энэ хуулийн төслүүдийг боловсруулж дуусаагүй юм, билээ. Тэгсэн мөртлөө бараг дуусчихсан юм шиг худлаа шуугиан дэгдээгээд бодит байдал дээр дорвитой хийсэн юм байхгүй. Тиймээс манай намаас эрх баригчид хуулиа боловсруулж дууссаны дараа албан ёсоор зарчмын саналуудаа өгөхөөр зэхэж байна.

-Ер нь ардаа бизнесийнхний дэмжлэгтэй улс төрийн хоёр том намын нэр дэвшигчидтэй бие даагч, парламөнтад суудалгүй намуудын твлөөлөл өрсөлдөхөд ямар бэрхшээл тулгардаг вэ. Үүнийг хуулиар шийдвэрлэх боломж хэр байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд "Хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй" гэж заасан байдаг ч эрх баригчид хуулиа бичихдээ өөрсдөдөө давуу боломж олгохоор зүйл, заалт оруулдаг.

Тиймээс манайд шудрага ёс тогтохгүй, зэрлэг ойн дүрэмтэй ёс төдий багтай ардчилалтай орон болчихоод байна. Сонгуульд оролцож байгаа намууд ижил гараанаас өрсөлдех боломжийг хангаж өгөх саналыг гаргаж байгаа. Боловсруулж дуусаагүй хуульдаа оруулж байгаа эсэхийг нь мэдэхгүй юм.

-Сонгуулийн хугацаа дөхөх тусам чухал хуулиудад улстөрчдийн лобби орох магадлал өндөр шүү дээ. Гэтэл Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах ажил яагаад ийм удаан байна вэ?
-Найр наадам хэсээд энэ төрд ажил хийх хүн байгаа юм уу даа. Намар болох байлгүй дээ гэж хүлээж байна. Ажилдаа орохоор нь нөгөө Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа яасан гээд шалгааж гарна даа.

-Таны бодлоор ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцвэл зохих асуудал юу вэ?
-Энэ дампуу Засгийн газрынхаа учрыг эхлээд олох хэрэггэй шүү дээ. Эсвэл өргөсөн тангаргаасаа буцах. Юун түрүүнд ийм ажил хийх ёстой.

-Хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Энэ бол энгийн нэг айлчлал биш. Хоёр хөрш маань манай улсын нөөц боломжийг сорьж байна. Бид ухаалаг алхам хийж чадвал гартаа атгасан шороогоо алт болгож чадна. Мулгуу бөгөөд сүүлээ шарвасан нохой шиг байвал хоосон хоцрохоос өөр сонголт байхгүй.

Тиймээс улс орны эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьдаг хүмүүст энэ айлчлалын үр шимийг бий болгох хариуцлагатай үүргийг даалгах шаардлагатай байна.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: