“Хүрэн морь” найраглал ханийн минь амьдралаас төрсөн

Нийтэлсэн: 2017-04-17 10:03:26

Завсрын дайсанд эдлэгдээд
 
Замын шороонд дарагдаад
 
Зан ааш нь хувирсан
 
Зандан хүрэн морь
 
Яагаад ийм болсныг
 
Ярьж өгөх үү би...хэмээн зуун дамжин уншигдаж буй алдарт “Хүрэн морь” болон “Хар алтны хаан” найраглалыг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй. Мөн “Маамуу нааш ир”, “Тугалаа битгий зодоорой”, “Дэгээ төмөр шиг хоёрын тоо” гээд хүүхдийн дууны брэнд болсон сод бүтээлүүд нь ч мөнх “амьдарсаар” байнам. Ийнхүү дурдсаны учир нь Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны 100 насны ойг тохиолдуулан “Амьдралын тойрог” буландаа их найрагчийнхийг онцоллоо. Бидэнд найрагчийн зээ охин Ц.Ариунаа газарчилж, зам зуур яриа дэлгэхдээ “Би галын зээ нь болохоор дунд сургуульд ортлоо өвөө, эмээ дээрээ өссөн. Одоо бодоход өвөө жирийсэн цагаан шүдтэй. Их сайхан инээдэг хүн байсан. Ер нь амьдралынхаа туршид сайн хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл өвөөгөөрөө л төлөөлүүлж боддог доо. Өвөө биднийг загнадаггүй, зөөлөн хүн байсан. Одоо бол эмээгийнхээ төлөө л амьдарч байна. Найзууд бүгд эмээг танина. Манайд ирэх дуртай” хэмээн ярив. Ийнхүү ярьсаар бид тэднийд дөтлөхөд найрагчийн эхнэр С.Цэндсүрэн цонхоороо гар даллаад зогсч байна. Ц.Ариунаа “Хэн нэгэн очино гээд дуулгачих юм бол эмээ ингээд хүлээгээд цонхоороо хараад зогсч байдаг юм” гэлээ.
 
С.Цэндсүрэн найман хүүхдийн хамт. 2015 он.
 
С.Цэндсүрэн гуай бидэнтэй уулзахаар Ар согоотын зуслангаасаа охиныдоо ирээд байгаа нь энэ. Тэрээр 90 насыг шүргэж яваа ч барагтайд түүртэхгүй янзтай хөнгөн шингэн. Саяхан хүүхдүүдтэйгээ Итгэлт хамба, Ээж модонд мөргөөд иржээ. Хэдэн жилийн өмнө Америк, Герман гээд хүүхдүүдээ дагаад  гадаад, дотоодоор их явдаг байсан гэнэ. Жаахан насжиж байгаагаа хэлэхдээ “Машинаар явбал ядрах нь бага. Харин алхах жаахан тиймхэн. Манайх хүүгүй айл байсан болохоор багаасаа эмнэг сургаж, морь мал уургалж бүстэй хүүхэд шиг өссөн болохоор сүүжээ гэмтээчихсэн юм. Түүнээс бусдаар бол бие чилээрхээд байх нь гайгүй” гэж байна. Их найрагч Ч.Лхамсүрэнгийнх зургаан охин, хоёр хүүтэй. Хүүхдүүдийн хамгийн бага нь 50 гаруй настай охин бий. Одоо бүгд тэтгэвэрт гарсан гэх нь бахархам.
 
С.Цэндсүрэн гуай “Нас өндөр болохоор хүүхдүүдийнхээ хаана байгаа газарт дагаад л явж байна. Өвгөнийгөө өөд болсноос хойш найман хүүхэд, ач гучтайгаа сайхан амьдарч байна.Үр хүүхдүүд маань сайн сайхан яваа нь ханийн минь ач буян юм даа” гэсэн юм. Тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүлийнх. Мал мал­лаж байгаад хотод орж ирээд Ч.Лхамсүрэнтэй танилцаж гэр бүл болоод найман хүүхэд төрүүлж өсгөжээ. Хэдийгээр мэргэжил эзэмшээгүй ч бага хүүхдээ цэцэрлэгт орсон жил дөчин мянгатын 49 дүгээр цэцэрлэгт ажилд орж улмаар 20 гаруй жил багшилсан байна. Тухайн үедээ цэцэрлэгийнхээ ойгоор Багшийн алдар медалиар шагнуулж байжээ.
 
ХҮМҮҮСТЭЙ АМ ЗӨРДӨГГҮЙ ДАРУУ ТӨЛӨВ ХҮН БАЙСАН
 
Найрагчийнх ам бүл арвуулаа. Дээр нь хүргэн, зээ охин нэмэг­дэнэ. Мөн Ч.Чимэд, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ гээд тэр үеийн зохиолчид тэд­нийд их ирдэг байж. Тэр үед хөгжөөн наргиан ихтэй байж. Хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй ч охин Л.Чулуунцэцэг, Л.Чулуунгэрэл нар нь дуу шүлэг бичдэг. Л.Чулуунцэцэг зохиолч­дын хороонд ажиллаж байжээ. Их найрагчийн гэргий ханийгаа дурсахдаа “Манай хүн хүүхдэд маш их хайртай. Хүүхдүүдээ нэг ч удаа зэмлэж байгаагүй. Хүмүүстэй ам зөрдөггүй их даруу төлөв хүн байсан. Ямар сайндаа, ажлаасаа алхаад хүрээд ирнэ. Жолооч нь араас нь сураглана. Ийм л энгийн хүн байсан. Бас ааш зан сайтай. Ер нь дарга нартай нийлж, дотносох нь бага. Зохиолчидтойгоо бол зохиол бүтээлээ их ярьдаг байсан. Хоёр хүүдээ юу ч хэлэхгүй дураар нь явуулснаас дээд сургуульд ороогүй. Хожим бодоход эрэгтэй хүүхдүүдэд аавын даруулга байх хэрэгтэй гэж санагддаг юм. Аав нь хүүхдүүд өөрөө мэдэг гэж дураар нь явуулснаас  дээд боловсролгүй. Нэг нь жолооч, нөгөө нь мужаан болсон. Хань маань “Би өнчин өрөөсөн айлд зарагдаж яваад хүн болсон. Хүүхдүүд маань өөрсдөө л сурч мэдэг” гээд юм хэлдэггүй” байсан гэв.
 
Ч.Лхамсүрэн гуай  алдарт “Хүрэн морь” найраглал, хүүхдийн сэдэвтэй уран бүтээлээрээ 1963 онд Төрийн шагнал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн байдаг.
 
Ухаантай, тэсвэр хатуужилтай хүрэн морь, хүнд өвчин туссан баян айлын зарц бүсгүй, ээжийгээ эдгээхийн төлөө балчир ухаанаа чилээж, эзэн ноёноос аврал эрээд голдоо ортол гомдоод гардаг хүү. Цэл залуугаараа хорвоог орхиж орчлон дээр цор ганцаараа үлдэж буй хүүгээ өрөвдөн энэлэн шаналдаг үйл явдлыг харуулсан “Хүрэн морь” найраглалд Ч.Лхамсүрэн зохиолч ээжийнхээ тухай, өөрийнхөө багадаа туулж өнгөрүүлсэн амьдралаа бичжээ. Гэсэн ч хатуу бэрхийг туулж, ээжийгээ алдсан хүүгийн амьдрал 
 
Эрэлхэг хүрэн мориндоо
 
Эмээл тохож мордоод
 
Иртэй том хутгаа
 
Иший нь чанга атгаад
 
Ардын партизан цэргийн
 
Ариун жагсаалд нийлэхээр
 
Алтан шар замдаа
 
Аялан дуулсаар оров.
 
Өнөр хүрэн морь
 
Өнчин хүү хоёрын
 
Yнэн учир ийм байна хэмээн төгсдөг. Түүнчлэн “Эх”, “Нэгэн найргийн түүх” бүтээлээр өөрийнхөө амьдралыг харуулжээ.
 
С.Цэндсүрэн гуай “Манай хүн баян айлын зарц бүсгүйн ганц хүү. Бага байхад ээж нь өвч­нөөр нас бараад баян айл нь өсгөсөн гэдэг. Тэгээд тэр айлаар овоглодог юм. Хожим дүү буюу баян айлын хүү Ч.Лхагватайгаа их дотно болсон. Ханийг маань өөд болсноос хойш дүү нь уран бүтээлийг нь эмхэтгэж хоёр боть гаргасан. Үргэлжлэлийг нь гаргаж чадалгүй өөд болсон” гэсэн юм. Ч.Лхамсүрэн найрагч багадаа сургууль сурч чадалгүй нутгийн сайхан сэтгэлт хүнээр уйгаржин бичиг заалгаж, 20-иод насандаа хотод ирснээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж шүлэг зохиолоо туурвиж эхэлжээ. Төрийн шагнал хүртсэнийхээ дараа  “Гартаа дайралдсан бүх­нийг уншиж бай­сан. Ном л намайг хүмүү­жүүл­сэн. Одоо ч гэсэн ном уншихгүй өнжиж чаддаггүй” хэмээн хэвлэлд ярьсан нь бий.
 
Ардын уран зо­хиолч Д.Пүрэвдорж редак­тор­лаж, Ч.Лхамсүрэн гуайн дүү Ч.Лхагвагийн эмхэтгэсэн хоёр боть номд 360 орчим шүлэг, 30-аад найраглал багтсан байна. Үүнээс бусад уран бүтээлийг нь эмхэтгэж, шүүж амжаагүй байгаа аж. Дүү Ч.Лхагва нь ахынхаа уран бүтээлийн эмхэтгэлд дурдахдаа “Владимир Ильич Ленин-Их ертөнц” гэсэн нэгэн санаа төрснийг баяжуулж томоохон бүтээл болгох зорилго тавиад түүнийгээ 1966 оны сүүлч, 1967 оны эхээр Их хайрханы уурхайд надтай хамт сууж байхдаа биелүүлсэн юм. Өдөр орой ажлаас ирэхэд би өөрийн гараар урласан өргөн цагаан модон ширээн дээр өнөөх олон баримтаа дэлгээд, зарим хуудсан дээр нь өнгийн будгийн харандаагаар тэмдэглэснээ зааж “Энийг яг нэг үгээр хэлээд өгөөч хө” гэж суудаг байсан. Орчуулуулснаа үг үсэгчлэн бичиж аваад, хуучин бичгээр хажууд нь нэг хоёр мөр бадаг бичих жишээтэй тэмдэглэл хийдэг байв. Уг найраглалаа бичиж эхлээд ер удаагүй гараас гаргасан. Тэр үед “Нэгэн найргийн түүх” хамгийн олон жил бодсон, томхон бүтээлээ эхэлсэн байсны дээр “Ус”, “Орос” зэрэг богино хэмжээний найраглал болон олон шүлэг бичиж дуусгасан юм” гэжээ.
 
ХҮҮХДҮҮДДЭЭ БҮГДЭД НЬ ШҮЛЭГ БИЧЖЭЭ
 
1970-аад оны дундуур Төрийн хошой соёрхолт, зохиолч Д.Намдаг гуай Сөгнөгөрийн амралтын ойролцоо хувийн байшин бариулж хавар, зун, намрын дэлгэр цагийг тэндээ өнгөрөөдөг байжээ. Тэднийх зочидгүй өнгөрөх өдөр тун ховорхон байсан аж. Нэгэн удаагийн ээлжит зочлолтын дараа Төрийн шагналт, яруу найрагч Ч.Лхамсүрэн, гавьяат жүжигчин Л.Цогзолмаа нартай хот орж ирж байгаа нь.
 
Дээр дурдсанчлан дунд охин Л.Чулуунпүрэвийнд нь бид очсон юм. Их найрагч найман хүүхэд болон амьд сэрүүнд нь төрсөн бүх ач, зээ нартаа зориулж шүлэг бичжээ. Харин найрагчийн анхных нь шүлгийн талаар сонирхвол гэргий нь “Цэрэгт байхдаа Улаан-Од сонинд шүлэг өгсөн байдаг. Миний бодлоор анхных нь шүлэг байх. Хэд хоног бодож гадуур дотуур явж байгаад нэг бичихээрээ 2-3 хоног суудаг байсан. Надад 1940 оны үед айл гэр болж амьдран сууя гэсэн утгатай шүлэг бичиж өгсөн. Ханьдаа гээд бас бий. Шүлэг, найраглалаа бичих болохоороо унтлагийнхаа өрөөний гаднаас их том монгол цоожоор түгжүүлчихнэ. Зохиолчид манайд орж ирээд цоож зүүлгээстэй байвал орохгүй. Харчихаад шууд гараад явчихна. Шүлгээ бичиж байна, саад болоод юүхэв гэж уулзалгүй явчихдаг байсан”  гэлээ.
 
Ч.Лхамсүрэн найрагч шүлэг найраглалынхаа гар бичмэлийг уйгаржин монгол бичгээр буулгадаг байжээ. Харин ном, сонинд өгөхдөө хүүхдүүдээрээ крилл бичигт буулгуулдаг байсан гэнэ. Охин Л.Чулуунпүрэв аавынхаа талаар дурсахдаа “Аав маань балын харандаа зорж нарийнхан болгож байгаад цаасны өөдөс дээр бичдэг. Их гоё бичигтэй. Арвич хямгач хүн байсан. Аавд тав тух гэж байгаагүй. Бид үргэлж шуугилдчихна. Олуулаа хичээл давтана. Хамгийн тухтайгаар нь угаалгын өрөөгөө их буцаалдана. Аавыг хичээл давтуулж байгаад түр гараад тамхи татаад ирэх хооронд нь уран зохиолын ном уншаад сууж байна. “Монте Кристо гүн”-гийн I ботийг манай ангийнхан бараг цээжээр мэддэг байлаа. Эрэгтэй дүү бид хоёрт зориулж “Вагон клуб” гэдэг шүлэг бичсэн. Аав Төрийн шагнал хүртэхээсээ өмнө төмөр замд Вагон клубын эрхлэгч, дугуйлангийн багш хэсэг хийсэн. Дүү бид хоёрыг вагоноор авч явахад бид унтаад сэрэхдээ “Хүүе ээ, ааваа хараач, цоо шинэ хот байна” гэсэн гэнэ лээ. Шүлгэндээ үүнийг дурсаж бичсэн. Бас “Гэнэн охин Чуна” гээд надад шүлэг бичсэн. Элсэн чихэр хулгайлж идсэн чинь давс байсан талаар хөгжилтэй явдлуудыг минь бичсэн” гэв.
 
Ч.ЛХАМСҮРЭН АГСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ
 
Ч.Лхамсүрэн гэр бүл, хадам дүү, хүргэн, зээ охины хамт. 1963 он.
 
Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Ч.Лхамсүрэн найрагч  МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонинд олон жил ажилласан. 1964-1966 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсчээ.  Нутагтаа эргэж ирсний дараа “Утга зохиол урлаг” сонинд ажилласан. Уран зохиолын томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр, Хялганатын модны үйлдвэр зэрэгт ажиллаж байжээ.
 
Их найрагчийн 60, 70, 80 жилийн ойг төрсөн нутаг Баацагаан суманд тэмдэглэн өнгөрүүлсэн бол 100 жилийн ойг өнөө жил Баянхонгор нутгийнхан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр ар гэр, үр хүүхэдтэй нь уулзаж бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. Ар гэрийнхнийх нь хэлснээр 100 жилийн ойн хүрээнд найрагчийн нэрэмжит “Болор цом” яруу найргийн наадам, уран уншлагийн уралдаан зохиохоор ажиллаж байгаа юм байна. Түүний дурсгалыг мөнхжүүлж, төрсөн нутагт нь музейг нь байгуулж, бүрэн зохиолын түүврийг нь боть болгон хэвлүүлж, номын хөшөө босгосон байна. Мөн 100 жилийн ойг угтаж суварга босгожээ.
 
 
 
 
 
 
С. Уянга 
Эх сурвалж " Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Энэ зохиолч агуу хүн байсан байхаа.

    Зочин, 2017-04-17 12:26:43, 103.9.90.227Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Мөн ч сайхан найраглал даа. Одоо ингэж бичих хүн алга. Агуу Агуу

    Зочин, 2017-04-17 13:22:25, 202.9.41.41Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ямар сайхан гэр бүл вэ сайн хүний үр удам сайхан амидарч байгаа нь яамайдаа жаргалтай буурай ээжид нь илүү урт нас аз жаргал ерөөе

    Г оюун, 2017-04-17 13:41:27, 24.8.206.150Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: