sonin.mn

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр Гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ.

Монгол Улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжлийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулгыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа археологийн авран хамгаалах малтлагыг хийлгэсэн байна. Түрэгийн үе гэдэг нь МЭ 552-745 онд хамаарна.

Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10 дугаар сард орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу бүртгэн баримтжуулжээ. Уг хээрийн багийн судалгааны үр дүнд уг хадны оршуулга устаж үгүй болохоос өмнө археологийн авран хамгаалалтын малтлагыг хийсэн байна.

Эндээс эмээл, хазаар, шавар ваар, модон аяга, дөрвөн янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олджээ.

Уг археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС -н Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан Сэмбэдорж нар  багтжээ.

Тус археологийн малтлагыг санхүүжүүлэхэд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч Ч.Чинбат нар тусалж, малтлагын багийг дэмжсэн байна. Мөн энэ ажилд иргэн Цэрэндорж хяналт тавьж, Мөнххайрхан сумын Борт багийн Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч нар тусалсан байна.

Д.Өлзий

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг