sonin.mn
Өнөөдөр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” бөгөөд жил энэ өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе” /хэнийг ч орхигдуулахгүй байх/ уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь манай улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9,8 хувийг эзэлж, жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа юм. Монголд өнөөдөр сүрьеэтэй 22 мянга гаруй хүн амьдардаг гэсэн судалгаа байдаг.
 
Сүрьеэ өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгд багтсан хэвээр байна. Жил бүр сүрьеэ өвчний 10,4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,8 сая хүн хорвоог орхиж байна.
 
Иргэдийн дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох нэн чухал юм. Мөн эрүүл зан үйл төлөвшүүлэн олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо онцгой үүрэгтэй. Уг өвчний халдвар авсан ч эмчийн заавраар бүрэн эмчилгээ хийлгэж, төгс эдгэрсэн сая сая хүн байдаг. 
 
Дашрамд сонирхуулахад, Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан түүхтэй.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" сонин