sonin.mn

УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн ирэх жилүүдэд төлөх өр зээлийн асуудал түлхүү яригдаж эхэлсэн. Иймд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас төлөх өр зээлийн хэмжээ, төсөвт учруулах дарамт, эргэн төлөлтийг одооноос хэрхэн харж буйг тодрууллаа.

-Засгийн газрын өр, түүний төлөлт төсөвт хэдий хэмжээний ачаалал үүсэх вэ? Одоогоор жилдээ хэдий хэмжээний зээлийн өр төлж байна вэ? Цаашид хэдий хэмжээгээр энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг вэ? Мөн төсвийн хүрээний мэдэгдэлд ямар өөрчлөлтийг тусгах гэж байна вэ?

-Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Төсвийн хүрээний мэдэгдэл бол төсвийн бодлогыг тодорхойлдог суурь асуудал байдаг. Гэтэл өнөөгийн түвшинд суурь асуудлаа өөрчлөхөөр болж байна. Тэгэхээр яаж өөрчлөх вэ гэдгийг хэлэлцүүлгийн шатанд ярина. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан төслөөр бол 930 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээ хийхээр байна. Гишүүдийн зүгээс 930 тэрбумаас ч өндөр тоо гарч болзошгүй гэж үзэж байгаа тул энэ тоог нэлээд нарийвчлаж авч үзнэ.

-Өр зээлийг төлөх боломжуудын нэгийг хэмнэлт гэж харж байх шиг байна. Тиймээс бүтцийн өөрчлөлтийн асуудлыг оруулж ирсэн байх. Урьдчилсан байдлаар цомхотголоос хэдэн төгрөг төвлөрүүлнэ гэж тооцов. Бүтцийн өөрчлөлт хийсэн тохиолдолд хэмнэлтийн үр дүн тухай бүртээ гардаггүй. Цомхотголд орсон албан хаагчдад тэтгэмж өгөх болно. Тиймээс хэдий хугацааны дараа хэмнэлтийн үр дүн гарах вэ?

-Бүтцийн өөрчлөлт хийх саналыг Засгийн газар гаргасан. Бүтцийн өөрчлөлт 2016 ондоо үр дүнгээ өгч чадахгүй. Учир нь бүтцийн өөрчлөлтөд тодорхой хэмжээний зардал гарна. Засгийн газрын танилцуулснаар 2017 оноос бүрэн өгөөжөө өгнө гэсэн тооцоо гаргасан байсан. Оруулж ирсэн тооцооллоор бол 2 тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гарна. Энэ тоо ч мөн хэлэлцүүлгийн шатанд нарийвчлагдана.

-Оюутолгой, Тавантолгой гэх зэрэг томоохон төслөө хөдөлгөх үү. Орлого тал дээр хэрхэн ажиллах чигтэй байна вэ?

-Орлого тал дээр гишүүд онцгой анхаарч байна. Орлого чинь жаахан хийсвэр, биелэгдэх үндэслэл бага байна гэсэн санал гарсан. Ажлын хэсгүүд энэ асуудал дээр ажиллах явцдаа илүү тодорхой болгоно. Оюутолгой, Тавантолгойгоос орж ирж байгаа орлогыг яаж тооцсон бэ, үүнийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал ярьсан. Орлого тал дээр анхаарч судлах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, хувьчлалын орлого. 171 тэрбум төгрөгийн хувьчлалын орлого оруулна гэсэн. Гэтэл хувьчлагдахаар төлөвлөж байгаа обьектуудын бэлтгэл ажил ямар байна, хувьчлах бодит боломж байна уу, төлөвлөсөн хэмжээнд орлого оруулж чадах уу гэх зэрэг асуудлыг тодруулах шаардлагатай гэж гишүүд үзэж байна.

Б.Туул

 

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг