sonin.mn
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг Солонгосын иргэн Юу Ван Сүгээс 50 сая вонн авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Үүнд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдож, тус намын Нарийн бичгийн дарга Б.Тулга нар тайлбар хийсэн юм. Энэ үеэр гавьяат хуульч Ц.Шаравдоржтой ярилцлаа.
 
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг Солонгосын иргэнээс их хэмжээний мөнгө авсан мэдээлэл гараад байна. Үүнд албан ёсны тайлбар өгнө үү?
 
-Бидний энэ удаагийн мэдээлэл Монголын ард түмэн, сонгогчдод заавал хүрэх ёстой. Сүүлийн үед МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан мэдээлэл гараад байна. Үүнийг СЕХ нэлээд хүчтэйгээр тайлбарлаж ярьж байгаа нь олон нийтэд маш буруу мэдээлэл, ойлголт төрүүлж байгаад  МАХН гүнээ харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шударга, хууль ёсны цэвэр өрсөлдөөний хүрээнд явагдах ёстой. Гэтэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа улс төрийн намууд өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг зүй бусаар унагах, элдэв үндэслэлгүй зүйлтэй холбох үйл ажиллагааг явуулж байгаа нь харамсалтай. МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар хууль зөрчиж хандив аваагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Яригдаад байгаа 50 сая воннтой холбоотой асуудал бол цэвэр зохион байгуулалттай, тавилттай гэмт хэрэг гэдгийг хэлье.
 
С.Ганбаатар гадаадын хүнээс мөнгө авсан гэдэг асуудлыг харахад Монголын улс төрд бохир аргаар луйвар хийж гарч ирэхийн тулд гадаадын иргэн, гадны улс орон оролцдог байдал бий болсон нь харагдаж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Энэ нь Монголын улс төр ямархуу байгааг харуулж байна. Шууд хэлэхэд асар их бохирдсон. Улстөрч, намууд нь засгийн эрхэнд гарч төрийн өндөр албан тушаалд очихын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд орсон байна гэдгийг илтгэж байна. Монголын улс төрд гадаадын иргэн, улс орон оролцох юм бол улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгааг хэлэх ёстой. СЕХ-нд би мөнгө өгсөн гэж явж очсон гээд байгаа Солонгосын иргэнийг хэн юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна.
 
-Гадаад улсын иргэн Монголын улс төрд оролцож байгаад олон нийт ч таагүй хандаж байна. Энэ байдлыг та юу гэж дүгнэх бол?
 
-Сонгуулийн ерөнхий хороо сүржин мэдэгдэл гаргаж олон түмэнд мэдээлэл хийж байгаа нь гайхширал төрүүлж байна. Вансу гэгч ямар учир шалтгаанаар Монголд орж  ирсэн, ямар үйл ажиллагаа явуулдаг, яагаад СЕХ-н дээр очих болов гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Хамгийн ноцтой асуудал нь энэ гадаад хүн Монголын улс төрд оролцож байгаа нь. Би хүнд 50 сая вонн өгчихлөө гээд өөрөө Монголын албан ёсны байгууллага Сонгуулийн ерөнхий хороон дээр очно гэдэг сонин. Хэрэв 50 сая вонн өгсөн бол энэ нь өөрөө гэмт хэрэг. Гадны улс орны улс төрд оролцоод хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг зөрчсөн гээд ирж байгаа нь өөрийгөө гэмт хэрэгтэн болгож илчилж байна гэсэн үг. Эндээс харахад Монголын бохир улстөрчид энэ хүнийг зохион байгуулалттайгаар оруулж ирсэн нь харагдаж байна. Улс төрийн хүчнүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа нь гадаадын хүний  дэмжлэг туслалцаатайгаар ийм зүйлийг зохион байгуулж хийсэн нь шууд ойлгогдож байна. МАХН энэ сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлж оролцохдоо хууль зөрчсөн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. МАХН болон намын дарга, гишүүд дэмжигчдийг сүүлийн найман жил мөрдөж мөшгиж, хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлж байгааг ард түмэн мэднэ. Ийм хатуу хөтүү замыг туулсан нам түүний нэр дэвшигч хууль зөрчинө гэдэг байж болшгүй. Бусад улс төрийн хүчнээс давуу байдлаар нүүр бардам хэлэх зүйл бол МАХН ямар нэг хууль зөрчөөгүй. Эрх баригчид улс төр хийхийн тулд хамгийн бохир арга ажиллагааг явуулж байна. Ингэхдээ иргэнээ хууль бусаар тагнаж чагнах явдал жирийн үзэгдэл боллоо. Хүний үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хууль бий. 
 
-Энэ үйл явдал Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль дүрэмд харшлах уу?
 
-Дээр хэлсэнчлэн улс төрийн зарим нам эвсэл хүчнээс зохион байгуулалттайгаар С.Ганбаатартай холбогдуулан гаргасан гүтгэлгээ олон түмэнд хүргэж байгаа нь шударга бус байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу явагдах дэг журмыг ноцтой зөрчиж байна. Үндэслэлгүй гүтгэлэг, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг  МАХН эсэргүүцэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн тэргүүнээ сонгох тун хариуцлагатай үйл явдал. Энэ үед улс төрийн өрсөлдөгчийнхөө  цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байгаа хууль бус үйл ажиллагааг улс төрийн хүчнүүд зохион байгуулж байгаа нь маш ноцтой. Өрсөлдөгчийнхөө эрхзүйн байдал эрхэд халдаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид төрийн хамгаалалтад байж хуулийн  өмнө адил тэгш байх ёстой. Гэтэл энэ байдал бүрэн алдагдлаа. Ер нь Монголын газар шороо, гал голомтын төлөө дуугарч тэмцэж байдаг ганц улстөрч гэвэл Сайнхүүгийн Ганбаатар. Сүүлийн 27 жил Сүхбаатарын талбай дээр хүйтэнд хөрж, халуунд гандаж явсан. Иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмэгдүүлэх тэмцлийнхээ үр дүнг үзсэн. Энэ хүн ард түмнийхээ төлөө тэмцэхээс хувийн хүсэл шунал алга. Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдагч байсны хувьд ард түмнээ гэсэн хүслийг тээж монгол хүний эрх ашгийг мэдэрсэн юм болов уу гэж боддог. Тиймээс монголчуудынхаа төлөө явдаг хүнийг МАХН Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь зөв сонголт болсон гэж үзэж байгаа.
 
-Таны хэлснээр улс төрийн хүчнүүд яагаад С.Ганбаатарын эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах болов. Намын нөхөд нь юу гэж дүгнэж байна вэ?
 
-Монголын газар шороо, үнэ цэнэтэй газрын баялагт гадныхан шунадаг нь нууц биш. Нэг хэсэг нь гадныхан, эдийн засгийн алуурчидтай нийлж байгалийн баялгийг гадагш нь зөөж байгаа нь бодит үнэн. Монголын газар шорооны төлөө үнэн үгээ хэлдэг хүнд гадаадынхан дургүй байх нь мэдээж.  С.Ганбаатарт дургүй учраас энэ удаагийн хандив нэртэй зохион байгуулалттай тавилттай гэмт хэргийн зүйлд гадныхан оролцсон нь ийм учир үндэслэлтэй. Би С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн гэж хэлээд өөрөө явж ирээд Монголын эрх бүхий байгууллагад хандана гэдэг нь цаана нь өмгөөлдөг хамгаалдаг, аюулгүй байдлыг нь хангах баталгаа байна.  Түүнээс гадны улс орны хууль зөрччихөөд өөрөө явж очно гэдэг байж болшгүй зүйл. СЕХ-ны байр суурь, Вансу гэдэг хүний үйлдэл ерөнхий дүр зургаараа улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах бохир зохион байгуулалттай арга гэдэг нь харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчээс бусад нь бохир аргаар өрсөлдөж байгааг харуулж байна. Ер нь Вансу гэгч этгээдийг ашиглахын тулд улстөр­чид их зүйлийг бодож боловсруулж, зохион байгуулжээ.
 
-Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл хийснийг МАХН буруутгаж, хатуу байр суурьтай байгаа гэдгийг та хэлж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?
 
-Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар хатуу байр сууриа илэрхийлмээр байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр эрх баригчдын халаасны, хувийн байгууллага болж хувирсан. Хэн нь ч мэдэгдэхгүй хүн “Би 50 сая вонн өгсөн” гэж бичиг өгөхөд түүнийг нь шүүрч аваад хэвлэл мэдээллээр шууд цацаж мэдэгдэнэ гэдэг туйлын хариуцлагагүй асуудал. Эндээс харахад энэ удаагийн үйлдэл бол Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн захиалгаар ажиллаж байгааг харуулсан баримт. Шулуухан хэлэхэд МАХН-тай тооцоо хийх гэсэн МАНАН бүлэглэлийн үйл ажил­лагааны гар хөл болсон халаасны байгууллага, тэдний захиалгаар ажилладаг толгойгүй, үйл ажиллагааны бодлогогүй  болсныг илтгэж байна.  Цэвэр улс төрийн байгууллага болсон СЕХ-д итгэхэд туйлын хүнд байгаа учраас татан буулгах зайлшгүй шаардага үүслээ. Ийм хариуцлагатай сонгуулийг ийм сул нэг талыг баримталсан СЕХ шударгаар, цэврээр зохион байгуулж чадах уу. Үнэхээр байгууллагадаа ирсэн баримт материалыг ярьж хэлж шалгуулдаг байгууллага юм бол 60 тэрбум төгрөгийн асуудал яригдаад өдий төдий хугацаа болоход яагаад таг дуугүй байна. Баталгаа, нотолгоотой гэдгийг нь улс төрийн өрсөлдөгчид нь хэлж байна. 1.1 тэрбум ам.долларыг Монголын иргэн гадаадын оффшор дансанд байршуулсан мэдээлэл гараад удаж байхад СЕХ юу хийсэн бэ. Нэр дэвшигчдэд адил тэгш хандаж байгаа юм  бол яагаад 60 тэрбум, 1.1 тэрбум ам.долларын асуудал дээр таг дуугүй байна вэ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь ийм ноцтой асуудалд орооцолдоод байхад СЕХ юу хийж байна вэ. Яагаад олон түмэнд зарлаж холбогдох байгууллагад нь шалгуулах хүсэлт гаргадаггүй юм. Эндээс СЕХ улс төрийн захиалгаар ажилладаг хийе гэснээ л хийдэг. Хуулийн дагуу хийх ёстой зүйлээ хийдэггүй нь харагдаж байна. Өчигдөр, уржигдархан сошиал ертөнцөд цацагдсан  Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хуулийн байгууллагынхан, СЕХ-ныхон яаж наргиж цэнгэж, шагнал урамшуулал авах талаар ярьж байгааг олон түмэн харсан байх. СЕХ-ны Болдсайхан гэж хүн шагнал авна гэж шаардаж байсан. Иймээс СЕХ-нд итгэхэд бэрх болсон. МАХН-ыг дэмжигч ТББ байр сууриа илэрхийлж байна гэж зарласан. Энэ ТББ бас улс төрийн тоглоом. МАХН-аас нэр дэвшигчийг дэмжихгүй бусад нэр дэвшигчдийг дэмжинэ гэдэг МАХН-ыг дэмжигч байдаг юм уу. Эрүүл хүний санаанд багтамгүй. ТББ жичдээ дүгнэгдэх байх. Ийм тоглоомын байгууллага, гадаадын хүний нэрийг гартаа барьчихаад Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүний нэр төрд халдаж өөрсдөө хууль зөрчиж байгаа нь тэсвэрлэхээргүй боллоо. Тиймээс СЕХ татан буугдах болзлоо бүрэн хангалаа. Ийм үйл ажиллагаатай СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.
 
-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудал энэ удаагийн сонгуулиар дахин сөхөгдөж байна. МАХН энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Сонгогчдын нэрсийн жагсаалт тодорхойгүй байна. “Царцаа” гээч нь бий болчихож. Сонгогчдын хумсан дээр арилдаггүй бэхээр тэмдэглэгээ хийх ёстой. Мөн хурууны хээг уншуулдаг болох ёстой. Сонгуулийг хуулийн дагуу шударга явуулахын тулд эдгээрийг СЕХ санаачлагаараа  хийдэг юм. Биднээр хэлүүлэлтгүй хийчихсэн байх ёстой. Энэ талаар МАХН байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргана. Ер нь МАХН-ын нэр дэвшигчийг иргэдтэй уулзах үеэр шахаж хавчсан саад учруулах гэсэн үйлдлүүд их гарч байна. Өчигдөр /уржигдар/ Дундговь, Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэр маш сайхан хүлээж авч дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэтэл манай ухуулагч хийж байсан залууг цагдаа нар авч явж хэдэн төгрөг авсан, хаана очсон, дахиад хаагуур явах юм  гэх мэтээр байцаасан байна. Өмнөговьд очсон чинь цагдаагийн мөрдөн байцаагчид нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатараас байцаалт авна гэсэн. Тэд дээрээс үүрэг өгсөн учраас байцаах ёстой гэдгээ хэлж байна. Иймэрхүү байдлаар хуулийн байгууллагыг намууд гарын үзүүртээ зарж байна. Алийн бүр Монголын улс төр бохир  байх ёстой юм. Сонгууль нь луйвар булхайгаар явагдах юм бэ. Ийм улстөрчдийг гаргаад байх уу. Дахиад ямар луйвар бидэнд хэрэгтэй байна вэ гэдэгт иргэд түгшиж байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин